Улстөр нийгэм
Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт энэ сарын 13-ны өдөр Төрийн ордонд боллоо.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон баялаг бүтээгч, бизнес эрхлэгч, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид оролцов.

Эдийн засгийг сэргээх эрх зүйн орчин, төсвийн шинэчлэл, төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхний санал, санаачилгыг сонсох нь энэхүү зөвлөлдөх уулзалтын зорилго юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого” илтгэл тавилаа.
Цар тахлын энэ хүнд цаг үед төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид хамтдаа нэг бодлого ярилцаж байна. Мөн УИХ-ын намрын чуулганаар ирэх оны төсөв хэлэлцэхийн өмнө ийм зөвлөлдөх уулзалт болж буй нь чухал ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд хэллээ.
Ерөнхий сайд илтгэлийнхээ эхэнд “Ковид19” цар тахлын олон улсын нөхцөл байдал, дэлхийн хэмжээнд тээвэр логистикийн хямрал, удаашралын талаар товч мэдээлэл хийж, цар тахлын энэ үед эрүүл мэндээ хамгаалахаас гадна эдийн засгаа ч хамгаалах, дэмжих зайлшгүй шаардлагатай байгааг тэмдэглээд уулзалтад оролцогчид чухал санал, санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байгаа гэдгээ илэрхийллээ.

Манай улсад вакцинжуулалт 65 хувьд хүрсэн. Гуравдугаар тунд 199 мянган хүн хамрагдаад байна. Оноос өмнө зорилтод бүлгийн иргэдийн 60 хувиа гуравдугаар тунд хамруулах зорилт тавиад байна. Олон улс орон эдийн засгаа сэргээх бодлого барьж байна. Манай улсын хувьд ч мөн 10 их наядын цогц хөтөлбөр хэрэгжүүлж буй. Үүнтэй төстэй хөтөлбөрүүдийг ч цаашид хэрэгжүүлнэ. Өнөөдрийн энэ уулзалт эдийн засгийн шинэ сэргэлтийг авчрах түүхэн өдөр байгаасай гэж хүсэж байна гээд цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх шинэ сэргэлтийн бодлогоо танилцууллаа.
Цар тахлын нэн хүнд нөхцөлд бид ажиллаж амьдарч байна. Гэсэн ч цар тахал гэж зовлон тоочоод байх бус сөрж, эвлэлдэн нэгдэж, даван туулж, эрсдэлийг боломж болгохын төлөө ажиллах ёстой юм. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гишүүд асуудлыг нэг цонхоор харж байгаа. ҮАБЗ зөвлөмж гаргаж, энэ дагуу өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна гэв.

Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх шинэ сэргэлтийн бодлого нь улс төрийн макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, төрийн хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, төсвийн шинэчлэл хийх зорилготой юм байна.
Хууль батлахаасаа өмнө хувийн хэвшлийнхнээ хэлэлцүүлэгт урьдаг, мэдээлэл өгч хамтрах ёстой. Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа гэж олон жил ярьсан. Одоо ажил хэрэг болгох цаг иржээ гэж Ерөнхий сайд хэлэв.
Төр бизнес эрхлэгчдийн нүдээр харах ёстой. Төрийн үйлчилгээг цахимжуулж, зөвшөөрөл олгоно, хяналт шалгалт хийнэ гэдэг хүнд суртлуудыг халахыг эрмэлзэж байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, тогтвортой байлгах, саад хийхгүй байх орчныг бүрдүүлэх нь чухал гэлээ. Мөн төрд байгаа төрийн өмчит үйлдвэрийн газрын давхцаж байгаа чиг үүргийг хувийн хэвшлийнхээ өмнүүр орохгүйгээр, ашигтай бизнесийг хувийн хэвшил эрхэлдэг болох боломж олгох ёстой гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн шинэчлэлийн талаар мөн танилцууллаа. Энэ хүрээнд, Төрийн өмчит компанийн үр ашиг, ил тод байдал, ХАРИУЦЛАГА, ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ шинэчлэл хийнэ.
Хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар бус ажил эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн ХАЛАМЖААС- ХӨДӨЛМӨРТ шилжих шинэчлэл хийнэ.
ХОТ ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ТЭНЦВЭРИЙГ ХАНГАЖ, төвлөрлийг сааруулж, Улаанбаатар хотын автозамын ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХАД шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэнэ.
ХУВИЙН ХЭВШЛЭЭР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ боломжтой чиг үүргийг төр гүйцэтгэхгүй байх зарчим баримталж СТАНДАРТ-ЧАНАР- ӨРСӨЛДӨӨН-д СУУРИЛСАН ҮЙЛЧИЛГЭЭГ төр худалдан авдаг тогтолцоонд шилжинэ.
Үр дүн, гүйцэтгэл, чанарт суурилсан нийт дүнгийн санхүүжилт бүхий зарцуулалтын бүрэн эрхийг эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухааны байгууллагад олгох замаар ТӨРИЙН АЛБАНЫ БҮТЦИЙГ ШИНЭЧИЛЖ, ажиллагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах юм.








Улстөр нийгэм
Ерөнхий сайд СОР17 бага хурлын бэлтгэл, төслийн талбай дахь бүтээн байгуулалтын явцтай танилцав
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17-р бага хурлыг /СОР17/ Монгол Улс энэ оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Ерөнхий сайд Н.Учрал тус хурлын бэлтгэл болон төслийн талбай дахь бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, салбар хоорондын уялдаа холбоог хангаж, мэдээлэл солилцлоо.
СОР 17 нь Монгол Улсад дэлхий нийтийн анхаарал, хөрөнгө оруулалт, туршлага, дэвшилтэт технологийг татах, цөлжилттэй тэмцэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал арга хэмжээ юм.

Уг бага хурлыг Ногоон болон Цэнхэр бүс гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваан, тус бүрийг өөр өөр агуулга, сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Дэлхийн 190 орчим орны 2,000 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд буй СОР17 бага хурлын ач холбогдлыг иргэдэд таниулах ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайдН.Учрал үүрэг болголоо. Мөн бага хурлын зохион байгуулалттай холбоотой санхүү, төсвийн мэдээллийг олон нийт болон шийдвэр гаргагчдад ил тод, нээлттэй байлгахыг холбогдох албаныханд даалгав.

COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөний зохицуулалт, түр хаалт, нийтийн тээврийн чиглэл, сургууль, цэцэрлэг, зах, худалдаа үйлчилгээний төвийн ажиллах хуваарь зэрэг шаардлагатай мэдээллийгнаймдугаар сарын 1-нээс өмнө иргэдэд хүргэж ажиллахыг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.
“Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриатай СОР17 бага хурал нь Монгол Улсын Засгийн газрын ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, зорилтуудыг олон улсын түвшинд уялдуулах чухал алхам болох юм.
Малчдын төлөөллийг тус хуралд оролцуулж, тэдний санал, хүсэлтийг олон улсад хүргэх ёстой гэсэн саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хэлж байлаа.










Улстөр нийгэм
Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон 2026 оны 07 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Тажикистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал, Бүгд Найрамдах Тажикистан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хайрулло Ибодзода нар угтаж авлаа.


Энэ төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Тажикистан Улсын төрийн тэргүүний 2009 онд манай улсад хийсэн төрийн айлчлалаас хойш 17 жилийн дараа болж байна. Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Айлчлалын үеэр худалдаа, эдийн засаг, боловсрол, спорт, геологи, ашигт малтмал, байгаль орчин, аж үйлдвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурна.
Төрийн тэргүүн нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Тажикистаны “Үндэсний ногоон хөгжлийн хөтөлбөр-2040” хөтөлбөрийг уялдуулан хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Улстөр нийгэм
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсын чуулга уулзалт эхэллээ
Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсын чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ. Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү чуулга уулзалтад олон улсын болон дипломат байгууллага, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчдын төлөөлөл, төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн нийт 600 орчим төлөөлөгч оролцож байна.
Энэхүү чуулга уулзалт нь Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-аас 2015 онд баталсан, 2030 он хүртэл хэрэгжүүлэх ядуурлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах, тэгш байдал, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах 17 зорилгыг хэрэгжүүлэх талаар бодлогын түвшинд санал солилцдог хамтын ажиллагааны платформ юм.
Өмнөх хоёр жилд энэхүү яриа хэлэлцээгээр Жендэрийн тэгш байдал ба тогтвортой хөгжил, Энх тайван, шударга ёс, хүчирхэг институци гэсэн тогтвортой хөгжлийн 5, 16 дахь зорилгуудын талаар ярилцсан бол энэ удаа 17 дахь зорилго болох Хөгжлийн төлөөх улс, орнуудын түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
Тийм ч учраас Чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Тогтвортой хөгжлийн зорилгуудын 35 хувь нь төлөвлөсөн түвшнээс доогуур хэрэгжилттэй, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан сорилтууд улам бүр нарийн түвэгтэй болж байгааг дурдан, улс орнууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, илүү үр дүнтэй түншлэл бий болгох шаардлагатайг тэмдэглэсэн юм.
Тэрбээр, өнөөгийн нөхцөл байдалд 17 дугаар зорилгын хэрэгжилт чухлаар тавигдаж байгааг онцлоод, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал, өсөн нэмэгдэж буй сөргөлдөөн, үл итгэлцэл, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилт, усны нөөцийн хомсдол, биологийн олон янз байдлын алдагдал зэрэг харилцан уялдаатай олон сорилтыг нэг улс дангаараа даван туулах боломжгүй гэлээ.
"Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ" чуулга уулзалт бүс нутгийн улс орнуудын харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтвортой хөгжлийн нийтлэг зорилгыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах үр нөлөөтэй хамтын ажиллагааны чухал индэр болж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд талархан дурдаад, Монгол Улс Риогийн гурван конвенцын нэг болох Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион зохион байгуулахаар эрчимтэй ажиллаж байгааг мэдээлэв.
Тогтвортой байдлын яриа хэлэлцээний энэхүү чухал платформыг Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд асан Г.Занданшатарын хамтаар санаачилсан НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, "Сайхан ирээдүйн төлөө" сангийн тэргүүн Бан Ги Мүн олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлага улам бүр чухлаар тавигдаж байгааг мөнхүү онцоллоо. Дэлхий дахины амар амгалан байдлын тогтолцоог сайжруулж, тулгаран буй хүндрэл, сорилтыг шийдвэрлэхийн төлөө тууштай хамтран ажиллахыг тэрбээр чуулга уулзалтын нээлтийн үеэр уриалсан юм.
Түншлэл, хамтын ажиллагааны шинэ арга хэлбэр, санаачилгыг гаргаж, шинэлэг хандлага, хүчин чармайлтаа эрчимжүүлэхэд "Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ" чухал үр дүн гаргана гэдэгт эргэлзэхгүй байгаагаа тэрбээр илэрхийлэв.
Чуулга уулзалтыг санаачлагч Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар технологи, инновацийн ололт амжилт, тэр дундаа хиймэл оюун ухааныг нийгмийн моралийг сэргээх, засаглалыг эрүүлжүүлэхэд хамгийн хүчтэй зэвсэг болгон ашиглах боломжтойг тэмдэглэж, авлигыг засах, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, геополитикийн сорилтуудыг даван туулж, аюулгүй байдлыг хангах төдийгүй дэлхий дахины ардчиллын ухралтыг эерүүлж, түүнийг сэргээн батжуулах гарц шийдлийг олоход технологийн ололт, хиймэл оюун ухааныг ашиглах тодорхой саналыг дэвшүүлсэн тавив.
Тэрбээр хүн болгон AI-г эзэмшье гэсэн уриалгыг чуулга уулзалтын индрээс дэвшүүлж, гарц шийдэл бидний гарт байна, технологийн хүчээр дэлхийн ардчиллыг сэргээгч бүс нутгийн түүчээ болж, шинжлэх ухааны үндэслэлтэй улс төр, ухаалаг эдийн засаг, эв дүйтэй дипломат ажиллагааг нэгтгэн, хиймэл оюуныг хүний эрх чөлөө, сайн сайхны төлөө хөтөлж, ирээдүйгээ ухаалгаар, аюулгүйгээр, зоригтойгоор хамтдаа бүтээцгээе гэлээ.
Чуулга уулзалтыг хамтран зохион байгуулагчдын нэг нь Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далай судлалын төв (APARC) юм. Тус төвийн захирал, Япон судлал, социологийн профессор, ноён Киёотэрү Цуцуи чуулга уулзалтад оролцогчдод амжилт хүсэж хэлсэн үгэндээ хамтын ажиллагааны чухал механизмыг тогтвортой үргэлжлүүлэх нь бүс нутгийн хөгжлийн үйл явцад ач холбогдолтойг онцлов.
Тэрбээр дэлхийн олон нийт өнөөдөр ихээхэн “өөр” нөхцөл байдалтай тулгарч байгааг хэлээд, тогтвортой хөгжлийн зорилгууд бол бидний хүсэн хүлээж буй ирээдүй учир хэрэгжилтийг эрчимжүүлэх үр дүнтэй арга хэрэгслийг бүрэн дүүрэн ашиглах зүйтэй гэсэн юм.
Чуулга уулзалт хэсгийн хэлэлцүүлгүүдээр үргэлжилж байна
-
Улстөр нийгэм2023/11/01
Төлбөртэй бүс тогтоох эсэхийг НИТХ шийдэх бөгөөд 0-27,000 төгрөг байна
-
Цаг үе2021/03/23
“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” маргаа...
-
Цаг үе2020/01/23
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Цаг үе2024/05/07
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
