Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийг өргөн барилаа

Огноо:

,

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавлан өнөөдөр (2021.09.30) Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн  2022  оны  төсвийн  тухай  хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл: Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг сэргээх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлсэн төдийгүй халдварын эрсдэлийг цаг алдалгүй бууруулж, зорилтот бүлгийн хүн амыг бүрэн, нийт хүн амын 65.5 хувийг вакцинжуулаад байгаа аж. Үүний үр дүнд 2021 оны эхний хагас жилд эдийн засаг 6.3 хувиар өсч, 2021 оны жилийн эцэст 6.5 хувь, 2022 онд 5.0 хувьд хүрч цаашид өсөлт тогтворжих төлөвтэй хэмээн тооцоолжээ.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын дараах улс орны эдийн засгийг эрчимтэй сэргээх зорилтыг хангахад чиглүүлж, хөдөлмөр эрхлэлт, бүтээмжийг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийг төрөлжүүлж, дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах төсөв, санхүүгийн шинэчлэлийн бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай. Иймд эдийн засгийг сэргээх бодлого, төсвийн шинэчлэлийг 2022 онд хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд өөрчлөлт оруулах нөхцөл үүссэн гэдгийг Сангийн сайд танилцуулсан.

Хуулийн төсөл батлагдсанаар Төсвийн хүрээний мэдэгдэл дэх эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг шинэчлэн тооцож, эдийн засгийг эрчимжүүлэх төсөв, санхүүгийн шинэчлэлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэхээс гадна эдийн засгийг тэлэх том төслүүдийг эхлүүлэх боломж бүрдэх юм байна.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл: Халдварт цар тахал 2020 он гарсаар эрчимтэй дэгдэж улс орнуудын нийгэм, эдийн засагт урьдчилан тооцоолох боломжгүй эрсдэл учруулсны дотор манай улсын эдийн засгийн өсөлт -4.6 хувь, төсвийн алдагдал ДНБ-ий -12.0 хувьд хүрээд байсан боловч Засгийн газар цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих нийт 2.6 их наяд төгрөгийн багц арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

Засгийн газар 2021 оны 2 дугаар сараас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж, 4 дүгээр сараас хүн амын зорилтод хэсгийг эрчимтэй вакцинжуулснаар хол хориог үе шаттай сулруулж аж ахуйн нэгж, бизнесийн үйл ажиллагааг нээснээр эдийн засгийн өсөлтийг 2021 оны эхний хагас жилд 6.3 хувьд хүргэж чадсан. 10 их наядын цогц төлөвлөгөөний үр дүнд банкны секторын зээл 10.5 хувиар агших байсныг 6.5 хувийн өсөлттэй хадгалж, банкны нийт зээлийн хэмжээ 18.1 их наяд төгрөгт хүрч, зээл олголт цар тахлын өмнөх үе буюу 2019 оны түвшинд хүрсэн байна. Түүнчлэн, 2021 оны 9 дүгээр сарын 27-ний байдлаар нийт 58 мянган зээлдэгчид 3.7 их наяд төгрөгийн зээлийг банкуудын эх үүсвэрээр олгож, 10.2 мянган иргэнийг орон сууцжуулж, 266.8 мянган ажлын байрыг хадгалаад байгаа юм бйна.

Улмаар 2022 онд вакцинжуулалтын үр нөлөөгөөр бизнесийн үйл ажиллагааг бүрэн нээж эдийн засгийг сэргээх, гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг нэмэгдүүлэх, томоохон төслүүдийг эхлүүлэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төслүүдийг түлхүү хэрэгжүүлж эдийн засгийг тэлэх, “ХӨДӨЛМӨР, БҮТЭЭМЖ, ӨСӨЛТ”-ийг дэмжих төсвийн бодлого хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засгийг 5.0 хувийн өсөлттэй байна гэж тооцсон байна.

Ирэх 2022 онд төсвийн орлогын чиглэлээр эдийн засгийн сэргэлтийг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, төрийн өмчийн хуулийн этгээдийн хөрөнгийн өгөөжийг дээшлүүлэх, засаглалыг сайжруулах, ил тод байдлыг хангах, төрийн хяналт шалгалтыг оновчтой, түргэн шуурхай болгох зэрэг бодлого хэрэгжүүлэх юм байна. Харин төсвийн зарлагын чиглэлээр төр зардлаа хэмнэх, оновчтой байдлаар дахин хуваарилах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэргээр БҮХ ШАТНЫ ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГУУД ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ажиллахаар тусгажээ. Тодруулбал, төрийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын ажлын ачааллыг нягтруулах, чиг үүргийг оновчтой хуваарилах зорилгоор тодорхой зохицуулалт хийх, бүх шатны төрийн байгууллагын сургалт, семинар, хурал, зөвлөгөөн зохион байгуулах, албан хаагчийг мэргэшүүлэх арга хэмжээг цахимаар зохион байгуулах, зарим төрлийн зардлыг 50-100 хувь хязгаарлах аж.

Хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой чиг үүргийг төр хэрэгжүүлдэг байдлаас татгалзаж СТАНДАРТ-ЧАНАР-ӨРСӨЛДӨӨН-д суурилсан үйлчилгээг төр худалдан авах, нийгмийн суурь үйлчилгээний байгууллагуудыг төсвийн хагас бие даасан тогтолцоонд шилжүүлэх зэргээр ЦОМХОН, ЧАДВАРЛАГ ХАРИУЦЛАГАТАЙ ТӨРИЙН АЛБА-ыг бүрдүүлэхээр төсвийн төслийг боловсруулсан байна.

Эрүүл мэндийн салбарт энэ онд хэрэгжүүлж эхэлсэн шинэчлэлийг эрчимжүүлж ИРГЭДЭЭ ЖИЛ БҮР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ хамруулна. Эрүүл мэндийн даатгалын сангаас 18-аас дээш насны иргэдэд 12 төрлийн оношилгоо, шинжилгээ хийлгэх 43-75 мянган төгрөгийн багцыг 2018 оноос эхлэн санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.  Гэвч 2020 оны статистикаар 18-аас дээш насны хүн амын 7.9 хувь нь тус багцын шинжилгээнд хамрагджээ. Тиймээс  хамрах хүрээг өргөтгөх зорилгоор насны багцыг шинэчилж, хүн амыг жилд нэг удаа үзлэгт хамруулах ажлыг 2022 оноос эхлүүлэхээр төлөвлөж, төсвийн төсөлд тусгасан байна.

Байгалийн баялгийн хүртээмжийг нэмэгдүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлж, санхүүгийн баталгаатай ХУРИМТЛАЛТАЙ ХҮҮХЭД хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна. Байгалийн баялгаас орох орлогын хүртээмжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүддээ хуримтлалын ач тусыг ойлгуулж, санхүүгийн баталгаатай, мэдлэг боловсролтой иргэн болж төлөвшүүлэх зорилгоор Ирээдүйн өв санг Нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд оруулж тус сангийн тухайн жилийн орлогын эх үүсвэрийг арилжааны банкан дахь хүүхдийн нэрийн дансанд хуримтлуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, 2022 оны төсвийн жилд, 1 дүгээр сарын 1-ээс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд сар бүрийн хуримтлалыг 100,000 төгрөг хүртэл сонголтоор, харин 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш 50,000 төгрөгөөс доошгүй хэсгийг хуримтлуулж үлдсэн 50,000 төгрөгийг бэлнээр буюу хүүхэд бүрд нийт 100,000 төгрөг гэсэн зарчмыг хадгалах аж.

Хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар бус  ажил эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨРТ шилжих шинэчлэл хийх юм байна. Нийгмийн халамжийн зарим хөтөлбөрийг нөхцөлтэй болгож халамжид хамрагдах шалгуурыг нарийвчлахаар төсөлд тусгажээ. Нийгмийн халамжийн үйлчилгээ, хүн амын өсөлтийг дэмжсэн хөтөлбөрийг зааглах, зорилтот бүлэгт чиглүүлэх, хамрагдах шалгуурыг нарийвчлах болон  халамжийн зарим хөтөлбөрт хамрагдах   хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай  иргэнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль тогтоомжид заасан арга хэмжээ, үйлчилгээнд хамрагдах нөхцөл тавих юм байна.

Мөн эмзэг бүлгийн өрх иргэнд чиглэсэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар үр дүнг сайжруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Мэргэжлийн сургалтын байгууллагын орцод суурилсан санхүүжилтийг өөрчилж хөдөлмөрийн зах зээлд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг хүрэх үр дүнд харгалзан санхүүжүүлэх  хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөсөн байна.

Төсвийн төсөлд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 15.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувь, нийт зарлагын хэмжээг 18.2 их наяд төгрөг буюу 38.8 хувь, төсвийн алдагдлыг 1.3 их наяд төгрөгөөр огцом бууруулж, -2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий -5.1 хувь байхаар төлөвлөжээ.

Нийгмийн  даатгалын  сангийн  2022 оны  төсвийн  тухай хуулийн  төсөл: Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсөвт нийт орлогын хэмжээг 2,379.5 тэрбум төгрөг, нийт зарлагын хэмжээг 2,750.9 тэрбум төгрөг байхаар төсөвлөлөө. Энэ нь 2021 онтой харьцуулахад орлого 575.7 тэрбум төгрөгөөр, зарлага 156.7 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Эрүүл  мэндийн  даатгалын  сангийн  2022  оны  төсвийн  тухай  хуулийн төсөл: Тус сангийн 2022 оны төсвийн орлогыг нийт 1,450.8 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг 2020 оноос эхлүүлж эрүүл мэндийн байгууллагаас иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанар, үр дүн, гүйцэтгэлийн дагуу санхүүжүүлж байна.

Шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын нэг иргэний тарифаар тооцох зардлыг  тусгажээ. Бүх шатны эмнэлгийн иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үр дүн, гүйцэтгэлээр олгох санхүүжилтэд нийт 1,358.4 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Ирээдүйн өв сангийн  2022  оны  төсвийн  тухай  хуулийн төсөл: Ирэх 2022 онд дэлхийн зах зээл дахь экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн таамаглал, экспортын биет хэмжээний төсөөлөл зэрэгтэй уялдуулан Ирээдүйн өв санд нийт 1,461.7 тэрбум төгрөг төвлөрөхөөр байгаа бөгөөд тус сангаас хүүхдийн мөнгөн хадгаламжид зориулан мөн хэмжээний дүнг Банкны тухай хуулийн 3.1.20-д заасан банкин дахь хүүхдийн нэрийн дансанд шилжүүлнэ. Үүнээс хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн гаргасан хүсэлтийн дагуу мөнгөн хэлбэрээр олгох дээд хэмжээг 1,096.3 тэрбум төгрөг, хүүхдийн нэрийн дансанд хуримтлагдах доод хэмжээг 365.4 тэрбум төгрөг байхаар тус тус тооцжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

УИХ: Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг ирэх сард хоёр үе шаттайгаар явуулна

Огноо:

,

Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэж, холбогдох тогтоолыг баталсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, Б.Жаргалмаа нар 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл хийлээ.

“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороог Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулсан. Тус хянан шалгах түр хороо өнөөдрийн хуралдаанаараа “Хянан шалгах түр хорооны сонсголыг товлон зарлах тухай”, “Сонсголд гэрчээр дуудах тухай”, “Нотлох баримтыг шинжлэн судлах дараалал тогтоох тухай”, ““Нотлох баримтыг гаргуулах тухай” 2023 оны 11 сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолуудыг баталсан болохыг Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр мэдээллээ.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Эхний үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 04-08-ны өдрүүдэд дараах дөрвөн асуудлын хүрээнд болно. Тодруулбал, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаа; “Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнгийн дагуу авсан арга хэмжээ; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үүсгэн байгуулагдсан цагаас хойших үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл, ерөнхий мэдээлэл; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаа; 2011-2023 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд гэрээт олборлогч компаниуд болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааны талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж, сонсголын эхний шатанд танилцана хэмээн Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр мэдээлэв. 

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 18-22-ны өдрүүдэд болох юм байна. Энэ удаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин болон хараат компаниудад оруулсан хөрөнгө оруулалт, тэдгээрийн хэрэгжилт; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүжүүлсэн бусад төслүүд; “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнгийн дагуу авсан арга хэмжээ; Хяналт, шалгалтаар илэрсэн бусад асуудал зэрэг 6 асуудлын хүрээнд нотлох баримтуудыг шинжлэн судалж, нээлттэй сонсгол үргэлжлэх юм байна.   

Хэвлэлийн бага хурлын үеэр Б.Энхбаяр дарга тус Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаатай холбоотой ерөнхий мэдээллийг танилцуулав. Тэрбээр 2023 оны аравдугаар сарын 10-ны өдөр тус Хянан шалгах түр хорооны даргаар сонгогдсон юм. Тухайн үед 5 хянан шалгагч ажиллаж байсан бөгөөд Хянан шалгах түр хороог Б.Энхбаяр гишүүн даргалах болсноос хойш 3 хянан шалгагч хүсэлтээрээ чөлөөлөгдсөн байна. 2023 оны аравдугаар сарын 10-ны өдрөөс хойш нэмж 15 хянан шалгах шинжээчийг томилсон бөгөөд нэг сар гаруй хугацаанд 17 хянан шалгах шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа аж. Энэ хугацаанд нотлох баримт нэмж цуглуулахаар төрийн 30 байгууллага, төрийн өмчит 5 компани, 2 аж ахуй нэгж, нийт 37 байгууллагад нотлох баримт гаргуулахаар албан бичиг хүргүүлсэн байна. Түүнчлэн хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх үүднээс 3 шалгалтын удирдамжийг баталж, газар дээр хяналт шалгалтын ажлыг хийсэн байна.  

Хяналт шалгалт хийгдэж буй нотлох баримтын цар хүрээний хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үүсгэн байгуулснаас хойших үйл ажиллагаа болон санхүүгийн мэдээлэл; “Тавантолгой” ХК дээр байгаа үйл ажиллагаа болон санхүүгийн мэдээллийг авч шинжлэн судалж байгаа юм байна. Мөн Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн 1.5 сая гаруй мэдүүлгийн дэлгэрэнгүй жагсаалт, пүүний программын 270 мянга гаруй бүртгэл, 630 гаруй нүүрс худалдах, худалдан авах гэрээ, 110 гаруй олборлолтын гэрээ болон тус компанийн сүүлийн 10 гаруй жилийн уулын ажлын тайлан, санхүүгийн программын датаг шинжлэн судалж байгаа аж. Гашуун сухайт дахь Гаалийн ерөнхий газраас Цагаанхадад байрлах 36 хяналтын бүсүүдээс давхардсан тоогоор 2.5 сая гаруй нэвтэрсэн тээврийн хэрэгслийн бичлэг; “Эрдэнэс Тавантолгой” ХК-нд 2023 оны аравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны байдлаар нүүрс худалдах, худалдан авах 698 гэрээг (20.0 мянган хуудас бүхий) хянаж, борлуулалтын тайлангуудыг нягталж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн арилжааны банканд бүртгэлтэй 75 ширхэг дансны 10 мянга орчим хуудас бүхий гүйлгээг данс хөөх аргаар шалгаж байгаа болохыг Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ. Нотлох баримтыг шинжлэх судлах хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой нийт 943 гэрээ, тэдгээртэй холбогдох 188 мянга гаруй материалтай нэгбүрчлэн танилцаж байгаа аж. Нийт давхардсан тоогоор 20272 хуулийн этгээд дээр бүртгэлтэй үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан болон ажиллаж байгаа 217.629 иргэн, аж ахуй нэгжийн мэдээллийг УБЕГ-аас гаргуулан авч, холбоо хамаарлыг тогтоох дүн шинжилгээг мөн хийж байгаа юм байна.

Дээрх цар хүрээнд хийж буй хяналт шалгалтын явцад үүсэж байгаа хүндрэлийн талаар Б.Энхбаяр дарга танилцуулав. Нэн тэргүүнд, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ, ЗДТГ, Цогтцэций сумын ИТХ, ЗДТГ, Хандогд сумын ЗДТГ албан бичигт тусгасан огнооны дагуу холбогдох ажиллаж байсан хүмүүсийн материалуудыг ирүүлээгүй байгаа аж. Хоёрдугаарт, Автотээврийн үндэсний төв олон улсын тээврийн “C” зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн бүртгэл, олгосон зөвшөөрлийн тоо, холбогдох шалгалтын ажлуудын тайлан зэрэг баримт, мэдээллийг Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороонд ирүүлээгүй, энэ нь нотлох баримтыг шинжлэн судлах үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгааг тэрбээр тэмдэглэв. Гуравдугаарт, хяналт шалгагч, шинжээч нар нотлох баримт бүрдүүлэх, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, тодруулга авах, тэмдэглэл үйлдэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-д таван өдөр томилолтоор ажилласан боловч анхан шатны нотлох баримтууд иж бүрэн бус, архив болон цахим системд хадгалаагүй, ажлын хариуцлага сулаас баримт материалаа хүлээлцээгүй, холбогдох байгууллагуудаас шаардлагатай баримт материалыг шаардсан хугацаанд ирүүлэхгүй байгаа зэргээс үүдсэн хүндрэл үүсээд байгаа аж. Түүнчлэн хяналт хийх явцад тодорхой тооны гэрээнүүд олдохгүй байгаа тул “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас тайлбар авах ажлууд үргэлжилж байгаа юм байна.

Нийт 2011-2023 оны байдлаар 108 сая тн нүүрсний борлуулалтын 20 их наяд төгрөгийн борлуулалтын орлогыг дараах үзүүлэлтээр харьцуулан судалж байгаа гэлээ. Үүнд нүүрсний зах зээлийн үнэ, гэрээний үнэ, гаалийн бүрдүүлэлтийн үнэ, үнэ тооцоолсон аргачлал гэсэн хүрээнд 400 мянган хуудас бүхий мэдээллийг гаалийн программаас татаж авч тулгалт хийж байгаа гэлээ. Дээрх хэмжээний нотлох баримт, материал, цар хүрээнд хяналт шалгалтын ажил үргэлжилсээр байгааг Б.Энхбаяр дарга онцолсон.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын 2023 оны арван хоёрдугаар сарын 04-08-ны өдрүүдэд болох эхний үе шатанд нийтдээ 175 иргэнийг гэрчээр дуудахаар тогтсон болохыг тэрбээр мэдээлээд “Одоогоор энэ жагсаалтыг гаргасан. Гэхдээ хяналт, шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа тул нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болох хүртэл гэрчийн жагсаалтад нэрс нэмэгдэх боломжтой. Тиймээс холбогдох тогтоолоор Хянан шалгах түр хорооны даргад гэрчийг дуудах эрхийг олгосон” гэдэг мэдээллийг өгөв. Үргэлжлүүлэн тэрбээр 2023 оны арван хоёрдугаар сарын 04-08-ны өдрүүдэд болох эхний үе шатны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд оролцох гэрчүүдийн нэрсийг танилцууллаа.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд дуудсан гэрчүүдийг зөвхөн хянан шалгах шинжээчдийн хянан шалгах үйл ажиллагааны үр дүнд дуудаж байгаа гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Г.Ганболд хэлэв. Үүний зэрэгцээ нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд гэрчээр дуудагдаж буй нь гэмт хэрэгтэн, нүүрсний хулгайтай холбоотой буруутан гэсэн агуулгаар хандаж болохгүй гэдгийг онцоллоо. Тухайн иргэний эрхэлж байсан ажил, цаг хугацаатай нь холбоотойгоор тодруулах, мэдээлэл авах шаардлагаас үүдэн гэрчээр дууддаг болохыг тайлбарласан.

Хэвлэлийн бага хурлын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр, Г.Ганболд нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгч, холбогдох мэдээлэл, тайлбарыг өгсөн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод...

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодын өнөөдрийн /2023.11.28/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

·      Агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсох

09.30

“Их засаг”

2

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

·      Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал

10.00

“Үндсэн хууль”

3

Эдийн засгийн байнгын хороо

·      “Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2023.05.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

11.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

·      Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал

11.30

“Их засаг”

5

Хууль зүйн байнгын хороо

·      “Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·      Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд  /Засгийн газар 2023.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

12.00

“Үндсэн хууль”

6

Төсвийн байнгын хороо

·      Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Уул уурхайн салбарын төсвийн орлогын бүрдүүлэлт, гүйцэтгэлийн талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайлан

·      Татварын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт,  түүний үр нөлөөний талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайлан

14.00

“Их Эзэн Чингис хаан”

7

Төрийн байгуулалтын байнгын хороо

·      Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудал

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтоолд өөрчлөлт оруулах тухай/

·      Бусад

14.30

“Жанжин Д.Сүхбаатар”

 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2023.11.28/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

Ажлын дэд хэсгийн хуралдаан

09.00-17.30

334 тоот

2

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны 2023 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

13.00

“Их засаг”

3

Нийгмийн бодлогын байнгын хороо

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

15.00

“Их засаг”

 

 
 
 
 
 
 
 
 
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох