Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Д.Сумъяабазар: Улаанбаатар машин төвтэй биш, иргэн төвтэй хот болно

Огноо:

,

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан.  Ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхлэх энэхүү хуулийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.

-Нийслэл хотын хөгжлөөр улс орны хөгжлийг хэмждэг. Эрх зүйн байдлын тухай хуулиа шинэчлэн батлуулсан Улаанбаатар хот бие даасан төсөвтэйгөөр хөгжих боломж бүрдлээ. Хөгжлийн концепцоо хэрхэн тодорхойлсон бэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Нийслэл Улаанбаатар хотынхоо түүхийг эргэн харахад хөгжлийн хувьд үсрэлт хийсэн цаг хугацаа нь 1965-1985 он. Тэрхүү 20 жилд өнөөгийн Улаанбаатар хотын өнгө төрх бүрэлдэж, ерөнхий дизайн тавигдсан байдаг. Харин нийгмийн шилжилт, өөрчлөлт явагдсан 1990-ээд оноос хойш төр засгийн зүгээс Улаанбаатар хотын хөгжилд дорвитой өөрчлөлт хийхүйц шийдвэрийг гаргаж байгаагүй. Хот асуудлаа өөрөө зохицуул гээд орхичихсон байх жишээтэй. Тухайн үед 500 мянга гаруй  байсан хүн амын тоо өдгөө 1.6 сая шахам болжээ.  Хүн амын тоо л гэхэд гурав дахин өсөж, нягтаршил нэмэгдсэнтэй  холбоотой дулаан, цахилгаан эрчим хүч, хог цэвэрлэгээ, хот тохижилтын зардал мөн төдий хэмжээгээр нэмэгдэх нь тодорхой.  Хотын захиргаа, удирдлагын зүгээс иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцөлийг хангах үүднээс ажилласаар ирсэн.

Гэхдээ бид цаашдаа энэ байдлаар урагшлах бус, эрчимтэй хөгжмөөр байна. Дэлхийн түвшинд хүрсэн хот болмоор байна. Метрополитон хотын хэмжээнд хүртэл хөгжмөөр байна. Үүнийг манай хотын иргэд хүсэж байгаа, би ч хүсэж байна, та ч хүсэж байгаа. Үүний үндсэн нөхцөл нь юу вэ гэхээр суурь нөхцөлөө маш сайн гаргаж ирж байж шийдэлд хүрэх  ёстой. Юун түрүүн бид эрх зүйн шинэтгэлийг хийлээ. 3-4 жилийн турш хүчтэй ярьсан Монгол Улсын Үндсэн хуулийн шинэчлэл 2020 оны тавдугаар сард УИХ-аар батлагдсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагалдсан органик хуулиудын араас Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлийг батлуулсан. Нэгжийн хуулийн шинэчлэл нь Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн суурь нь болж өгсөн.

-Тэгэхээр Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль нь нийслэл хотын эрчимтэй хөгжлийн эхний боломж гэж хэлж болох нь ээ. Хот төсвийн хувьд бие даахын дээр төсвөө тэлж бонд, концесс гаргах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болж байгаа. Эдгээрийг эрэмбэлбэл эхэнд нь юуг хэлэх вэ?

-Улаанбаатар хот шатлал ахиж, яамдын түвшинд хүрч буй бол дүүргүүд маань аймгийн түвшинд хүрч байгаа. Хот, дүүргийн төсөв нэлээд хэмжээгээр тэлж байна. Хороо төсөвтэй байх асуудлыг дүүргийн хэмжээнд шийдэх боломжтой гэж харж байгаа. Нэг хороо 10-15 мянган иргэний асуудлыг зохицуулж буй анхан шатны нэгж учраас тодорхой хэмжээний төсөвтэй байж, өөрсдийн хэмжээнд шийдвэр гаргадаг болно. Үүнийг дагалдан төрийн боловсон хүчин, анхан шатанд ажиллаж буй албан хаагчдын дадлага, мэдлэг, чадвар нэмэгдэх давуу тал бодитой бий болж байгаа. Эдийн засаг талаасаа сая хэлсэнчлэн төсвийн хувьд, концесс, бондын хувьд ч бие даана. Мөн гадаадын эх үүсвэр татах боломж өсөн нэмэгдэх нөхцөл бүрдэж байгаа. Үүнийг гадаадын хөрөнгө оруулагч нар олоод харчихсан байгаа юм.

-Хот хөрөнгө оруулагчдыг татах суурь Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн хуулиар тавигдсан гэсэн үг үү. Энэ тал дээр ямар яриа хэлцлүүд хийгдээд байна вэ?

-Гадаадын хөрөнгө оруулагч нар хаана хууль, эрх зүйн зөв зохицуулалт байна, хаана зөв бодлого байна, хаана хөрөнгө оруулбал богино хугацаанд үр дүн  гарах вэ гэдгийг харж хөрөнгө оруулалт хийдэг.  Монгол Улсад  их, бага хөрөнгө оруулж буй гадаадын санхүүгийн байгууллагууд хотын хөрөнгө оруулалтад эхний ээлжид орж ирж байгаа. Тухайлбал, Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорац, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн  банк,  зарим орнуудын Хөгжлийн банкнууд Улаанбаатар хотын төслүүд рүү орох сонирхлоо илэрхийлээд эхэлсэн.

LRT буюу хөнгөн галт тэрэгний чиглэлээр, нийтийн тээвэр буюу цахилгаан галт тэрэг, дээрээс нь цахилгаан дугуй, цахилгаан такси үйлчилгээ зэрэгт хөрөнгө оруулах хүсэлтэй томоохон компаниуд хүртэл хандаж байна. Хамгийн сүүлд гэхэд Чехийн Элчин сайд ложистикийн салбарт хөрөнгө оруулах хүсэлтээ илэрхийлсэн. Япон Улс дагуул хотуудын чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлсэн. ЖАЙКА-гийн төлөөлөгчидтэй мөн уулзахаар товлоод байна. Инженерийн байгууламж бол хүний нүдэнд харагдахгүй ч газар доорх хот болон оршиж байдаг. Үүнийг бүрэн  шинэчилж байж, дулаан байх, гэрэл гэгээтэй байх бүх суурь нөхцөлүүд бүрдэх юм. Тиймээс томоохон хэмжээний санхүүгийн эх үүсвэр,  хөрөнгө босгож, томоохон бүтээн байгуулалт хийх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Энэ бүхэнд улсын хөгжлийн болоод хөрөнгө оруулалтын бодлого асар том дэмжлэг болж байгаа. Ерөнхий сайдын өргөн барих гэж буй эдийн засгийг дэмжих хуулийн төслүүд, хөрөнгө оруулалтыг сайжруулах хуулийн төслүүд, Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэс Тавантолгойн төслүүдийг маш сайн цэгцэлж эрэмбэлээд ирвэл манай эдийн засагт хурдтай үсрэлт бий болгож, эдийн засаг гэрлийн хурдаар тэлэх боломж бий болно гэж харж байгаа. Уул уурхайн сайд байсан хүний хувьд хэлэхэд, манай эдийн засаг бол богино хугацаанд сэргэж болохоор харагддаг. Ард иргэд ч тэгж хүлээж байна. Гол нь хариуцаж буй хүмүүс нь манлайлалтай, зориг зүрхтэй, санаачилгатай баймаар байна. Тэгж чадна гэсэн хүлээлт байна. Яагаад гэвэл тэдгээр хүмүүсийн хийж буй ажил Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад шууд нөлөөлж байдаг.

Хот бол хот, нийтийн аж ахуйн чиглэлээр байдаг хүчин чадлаараа чармайн ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бүхэн ганц зүйл дээр очиж зогсдог. Энэ бол  хууль. Бид хуулиа нэлээд өргөн хүрээнд батлуулж чадсанаараа бахархаж байгаа. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд ч дэмжиж байгаа. Тэдний дэмжлэг итгэл,  бодлогын дэмжлэгийг алдахгүйн төлөө хотын удирдлагууд ажиллах болно.

-Төрийн бодлого нэгдмэл байж үр дүн тодорхой гарна, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Төрийн гурван өндөрлөг нэг шугаман дээр, нэг цонхоор харсан шийдвэр гаргаж байгаа. Энэ бол асар том хүч. Энэ хүчийг алдаж болохгүй. Энэ цаг хугацаандаа эзэн байх ёстой.

-Дагуул хот байгуулах, хөрөнгө оруулалт татах таатай бүсүүд бий болгох тал дээр ямар бодлого баримталж байна вэ?

-Улаанбаатар хот дагуул хоттойгоор хөгжих бодлогыг  “Алсын хараа 2050” бодлогын баримт бичиг болоод Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд тусгасан. Улаанбаатар хот  бол улсын хөгжил, улс үндэстний нүүр царай. Тиймээс хотын бодлогыг  дэмжиж хөрөнгө оруулж буй УИХ, Засгийн газрын дэмжлэг оновчтой шийдэл. Цаашид үргэлжлээд явах байх гэж итгэж байгаа. 

Түүнчлэн төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах гарц бол дагуул хот. Дагуул хот бол эдийн засгийн чөлөөт бүс байна, эдийн засгийн чөлөөт бүс нь тусгай зохицуулалттай байна гэж хуульчилсан. Энэ дагуу дагуул хот хариуцсан орлогчтой байх ёстой юм. Дагуул хотод хийгдэх ажлууд маш их байна. Ямар ямар хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх юм, татварын зохицуулалт нь яах вэ гэхчлэн асуудлууд хэлэлцэх түвшиндээ явж байгаа.

Ер нь бол дагуул хот Улаанбаатарын нүүр царай болсон хот байх юм. Инчон гэхэд л Сөүлийн дагуул хот шүү дээ. Инчоныг олон улсын нисэх буудлаар нь дэлхий андахгүй. Түүн шиг  дагуул хотод маань олон улсын нисэх буудал буюу агаарын зам, Богдхан төмөр зам, олон улсын А3 хурдны замын уулзварууд гээд зам, тээвэр ложистикийн томоохон төв болон хөгжих боломж бүрдэнэ. Үүнийг дагасан хот төлөвлөлт, худалдаа үйлчилгээ, ажлын байр бий болно. Тэнд маш том эдийн засаг бий болох юм.

-Хот засаг захиргааны бүтцээ шинэчилнэ гэдгээ мэдэгдсэн. Яаж шинэчлэх вэ?

-Ерөнхий сайд үндэсний хороодыг өөрчиллөө шүү дээ.  Эдийн засгийг эрчимжүүлэх хороо, түгжрэл бууруулах буюу хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах хороо, цахим шилжилт буюу төрийн хүнд суртлыг бууруулах хороо, олимпизмыг дэмжих хороо, орон сууц буюу нийгмийн дундаж давхаргыг дэмжих хороо гэхчлэн. Яг энэ хороодын чиглэлээр хот бүтцээ боловсруулна.  Энэ нь төрийн бодлогын уялдаатай холбоотой. Шууд харилцах, хурдтай явах зохицуулалт байх юм.

-Яг одоо төсөв хэлэлцэж буй цаг үе. Хот ч мөн төсвөө удахгүй батална. Хамгийн эхэнд онилсон хөрөнгө оруулалт юу байх вэ?

-Эхний ээлжид түгжрэл бууруулах хүрээнд сурагчдын хамран сургах тойрог, нийгмийн чиглэлд хөрөнгө оруулалт хийх юм. Түгжрэлийг бууруулах томоохон хэсэг бол  хамран сургах тойрог шүү дээ.  Ганц жишээ дурдъя. Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороонд 25-31 мянган хүн ам оршин сууж буй. Гэтэл томоохон хороололд нэг ч сургууль, цэцэрлэг байдаггүй. Энэ бол үнэхээр харамсалтай. Тиймээс цаашдаа Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгтэй, ил, далд зогсоолтой, ногоон байгууламжтай  хороолол, хотхоныг бид бодлогоор дэмжинэ. 2022 оноос Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхлэхээс гадна өөрийн гэсэн стандарт, норм, дүрэмтэй хот болно. Бидний сэтгэлийг гонсойлгосон стандартгүй байдал 2022 оны эхнээс цэгцэнд орно.  Өөрөөр хэлбэл, бидний “Тоглоомын дүрэм шинээр эхэлнэ” гэсэн үг.

-Тоглоомын дүрэм тодорхой байвал хотын иргэд ч хотын стандартаар амьдарна биз?

-Тэгэлгүй яах вэ. Улаанбаатар хотын тохижилт, зам харгуй бүхэлдээ стандартгүй байгаагаас иргэд ч, бид ч сэтгэл дундуур байдаг. Энэ байдал арилж, Улаанбаатар иргэн төвтэй хот болно. Машин төвтэй хот биш шүү. Хот маань улам сүр жавхлантай сайхан  хот байгаасай гэж сэтгэл зүрхнээсээ хүсэж ажиллаж байгаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших

Санал болгох