Улстөр нийгэм
Нэн хүнд нөхцөлд амьдарч байгаа өрхүүдэд шахмал түлш олгоно
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр анхаарал татсан удаах асуудал нь агаарын бохирдлыг бууруулах тухай байв. Сүүлийн өдрүүдэд нийслэлийн агаарын чанар сайнгүй байсныг Хотын дарга дурдаад, сайжруулсан түлшний хэрэглээ ямар байсныг холбогдох албаныхнаас тодруулав.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн:
-Арванхоёрдугаар сарын 27-ны байдлаар нийслэлд сайжруулсан шахмал түлш борлуулах 607 цэг ажиллаж байна. Борлуулалтын хэмжээ өдөрт 3800 тонноос буухгүй байна. Шахмал түлшний нөөц 24.035 тонн байна
. Он дуустал энэхүү нөөцөөс борлуулалт хийхгүйгээр үйлдвэрлэлээс шууд нийлүүлэх боломж байна. Борлуулалтын цэгүүдэд түлшний нийлүүлэлтийг жигд байлгах үүднээс түлшийг өглөө, үдээс хойш гэсэн хуваариар нийлүүлж зохицуулсан. Түүхий нүүрсний хэрэглээ их байна гэсэн гомдол олон ирсэн. Тиймээс 102 тусгай дугаарт түүхий нүүрс хэрэглэж буй айл өрхийн тухай болон түүхий нүүрс түлдэг аж ахуйн нэгжүүд шүүлтүүрээ унтрааж байгаа, зориулалтын бус түлш хэрэглэж байгаа тухай мэдээллүүдийг хүлээн авдаг болсон.
Нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс хэрэглэдэг нам даралтын 2700 гаруй зуух байна. Эдгээрийн нүүрсний хэрэглээг аажмаар бууруулах ажлыг хийж байна гэлээ.
Сүүлийн өдрүүдэд агаарын чанар сайнгүй байгаа нь стандартын зуухны тоо буцаад цөөрч байгаатай холбон тайлбарлаж байлаа. Тиймээс дутуу шаталт явагдаж, агаарт бохирдуулагч бодисууд үүсэж байгаа аж. Түүнчлэн Хотын даргын зүгээс орлого багатай иргэд, айл өрхүүд дугуй, хаймар болон хог шатааж байх магадлалтайг сануулаад, тэдгээр өрхөд өгч буй иргэдийн түлшний тусламжийн талаар тодруулсан юм. Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас дараах тайлбарыг өглөө.
-2022 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд 6000 гаруй өрхөд 5500 тонн сайжруулсан шахмал түлшийг түгээхээр төлөвлөн ажиллаж байна.
Нэн ядуу, бага орлоготой, амьжиргааны 409 онооноос доош орлоготой өрхийн тоо 73 мянган өрх бий. Тэдгээрээс нэн хүнд нөхцөлд амьдарч байгаа 6000 гаруй өрх айлд түлшний тусламж өгнө гэлээ.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
Улстөр нийгэм
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь салбарын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд уг шийдвэрийг есдүгээр сарын 16-ны хуралдаанаар танилцуулсан байна.
Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан тус салбарын харьяа байгууллагуудын дээд, дунд шатны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд гарсан асуудлуудын үнэн зөвийг тогтоох шаардлагатайг Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэж, холбогдох асуудлыг шалгаж тодруулах байр суурь илэрхийлжээ.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
-
Улстөр нийгэм2024/10/07
Багануурын 50 мвт-ын батарей хуримтлуурын станц энэ өвлийн оргил ачааллын өмнө а...
-
Улстөр нийгэм2026/03/13
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хө...
-
Цаг үе2021/02/16
КОВАКС: Вакциныг энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөжээ
-
Шударга мэдээ2020/07/30
Ж.Батбаясгалан: Нийтийн эрх ашиг бүхний тэргүүнд байх ёстой
