Шударга мэдээ
ШӨХТГ: “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-д 9.1 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2021 оны төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд шинэ автомашины импорт, жижиглэн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна.
Уг хяналт шалгалтаар Япон Улсын Тоёота мотор корпорацийн Монгол Улс дахь онцгой эрхт дистрибьютер болох “Тоёота сэйлс монголиа” ХХК-ийн Өрсөлдөөний хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлийг илрүүлж 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус компанид холбогдуулан зөрчлийн хэрэг нээн шалгасан.
Зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар суудлын шинэ автомашины импортын зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч “Тоёота сэйлс монголиа” ХХК нь “Мөнххада” ХХК-тай, “Таванбогд” ХХК-тай тус тус байгуулсан дилерийн гэрээгээр “Таванбогд” ХХК, “Мөнххада” ХХК болон тэдгээрийн харилцан хамааралтай этгээдийг аливаа моторт тээврийн хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, багаж хэрэгсэл, дагалдах хэрэгслийг боловсруулах, үйлдвэрлэх, ханган нийлүүлэлтээр худалдан авах, жижиглэнгийн худалдаа, бусад хэлбэрээр борлуулах үйл ажиллагаа явуулахыг хориглож, тус хоригийг зөрчсөн тохиолдолд “Таванбогд” ХХК, “Мөнххада” ХХК нь “Тоёота сэйлс монголиа” ХХК-д учирсан аливаа алдагдал, хохирлыг нөхөн төлөх, гэрээг цуцлах нөхцөлийг зааж өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгаж давамгай байдлаа хууль бусаар ашиглаж Өрсөлдөөний тухай хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон.
Иймд “Тоёота сэйлс монголиа” ХХК-ийн дээрх үйлдэл Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг буюу 9.1 тэрбум төгрөгийн торгох шийтгэл оногдууллаа гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.
Шударга мэдээ
Золбин нохой, муурын устгалын аргыг өөрчлөх шаардлагатай байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр боллоо.
Зөвлөгөөний үеэр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Золбин нохой, муур олон болж байна. Үүнд анхаарал хандуулахгүй бол болохгүй нь. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор арга хэмжээ зайлшгүй авах шаардлагатай байна” хэмээсэн. Мөн дүүргийн Засаг дарга нар үүнтэй санал нэг байсан бөгөөд золбин, нохой, муурын устгалын аргыг өөрчлөх шаардлагатай байгааг онцолж байлаа.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Нэг хэсэг мөнгөний асуудалтай холбоотойгоор нохой устгалын ажил зогссон байсныг сэргээсэн. Нэг нохой устгах зардал 12 мянган төгрөгийг 16 мянган төгрөг болгох саналыг холбогдох байгууллагаас илрүүлсэн. Нийслэлийн хэмжээнд дөрвөн компани нохой устгадаг. Цаашид Цагаан даваанд нохойг унтуулдаг үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Буу барьж нохой устгах нь зохисгүй болоод байна” гэлээ.
Шударга мэдээ
ЕБС-ын хоёрдугаар улирлын хичээл өнөөдөр эхэлнэ
Ерөнхий боловсролын сургуулиудын хоёрдугаар улирлын хичээл өнөөдөр эхэлнэ. Харин 2 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд буюу сар шинийн өдрүүдэд сурагчид амарна.
Шударга мэдээ
13А маягтыг цахимд шилжүүлэх туршилтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон яамдын газар хэлтсийн дарга нар, хоёр сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд эрүүл мэндийн салбарын цахим шилжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилгоор уулзаж, санал солилцлоо.
Эрүүл мэндийн салбарт сүүлийн 30 жилийн хугацаанд 37 программ ашиглан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр программ хангамж, мэдээллийн систем, мэдээллийн сангийн эх үүсвэр хооронд өгөгдлийг эрүүл мэндийн мэдээлэл солилцооны нэгдсэн платформ HIER-ээр дамжуулан нэг стандартаар солилцоход хоёр тал онцгой анхаарч ажиллаж байна.
Иргэд анхан шатны эрүүл мэндийн төвөөс лавлагаа шатлалын эмнэлэгт хандахын тулд зайлшгүй авах шаардлагатай байдаг 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг энэ сарын 30-наас туршилтын журмаар нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд туршилтын нэг сарын дараагаас бүрэн хэрэгжүүлж эхэлнэ.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс 13А маягтыг цахимд шилжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болгоход анхаарч тодорхой асуудлуудыг шийдвэрлэсэн. Цаашид хоёр яам хамтарч эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлуудыг үе шаттай хийнэ гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Үзэл бодол2022/02/22
Турк улсад тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэхийг хүслээ
-
Улстөр нийгэм2022/10/28
Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
-
Цаг үе2022/07/25
Баянзүрх дүүрэгт 17 байрыг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэхээр бэлтгэж байна
-
Улстөр нийгэм2019/06/20
Б.Ганбатыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар томилов
Сэтгэгдэл