Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Г.Гангамөрөн: ЖДҮҮ эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг Япон Улсын зах зээлд борлуулж эхэллээ

Огноо:

,

- ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИДДЭЭ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН БУЦАЛТГҮЙ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ -

Энэ сарын 1-нээс эхлэн Япон Улсын www.sto-ory.com  сайтаар дамжуулан нийслэлийн 20 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүн борлуулагдаж эхэлсэн. Энэ талаар болоод жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн дунд нээгдэж буй онцлох боломжуудын тухай Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөнтэй ярилцлаа.

-Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төвөөс сүүлийн үед хийж хэрэгжүүлж байгаа онцлох ажлуудын талаар яриагаа эхэлцгээе.

-Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-аас өнгөрөгч 2021 онд бодлогын шинж чанартай томоохон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Зөвхөн төсвийн хүрээнд хийх ажлуудаас илүүтэй олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллалаа. 15 орчим байгууллагатай санамж бичиг байгуулан ажилласны нэг болох “HIS Mongolia” ХХК-тай хамтран Бичил, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Япон Улсын зах зээлд борлуулах ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ хоёр сарын хугацаанд бэлтгэл ажлаа базаан 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн цахим платформ ашиглан Япон Улсын зах зээлд борлуулалтаа эхэлсэн сайхан мэдээгээр шинэ оноо угтаж байна. Арваннэгдүгээр сард байгуулсан санамж бичгийн хүрээнд есөн дүүргийн 20 гаруй аж ахуй нэгжийн 170 гаруй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг www.sto-ory.com  сайтад байршууллаа.

Түүнчлэн Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран нэг тэрбум төгрөгийн санхүүжилттэй тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламжийг олгож эхлэхээр боллоо. Мэдээж олон улсын байгууллагуудын төлөөлөл, мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан баг ажиллан, шалгаруулалт хийсэн. Эхний ээлжид Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн гэр хороололд ажиллаж байгаа, “Ковид 19” цар тахлын нөлөөнд өртсөн, тоног төхөөрөмжийн дэмжлэг зайлшгүй хэрэгцээтэй 33 иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад 10 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. Ирэх хоёрдугаар сарын сүүлээр АНУ, Канад улсад зохион байгуулагдах олон улсын үзэсгэлэнд бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг оролцуулахаар төлөвлөөд байна. Германы хамтын ажиллагаа (GIZ)-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хоёрдугаар улиралдаа багтаан тус улсын зах зээлд гаргах тал дээр ажиллаж байгаа. Энэ мэтчилэн БНСУ, БНХАУ-ын зах зээлд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, худалдан борлуулах, зах зээлийг нь өргөтгөх боломжуудыг эрэлхийлэн ажиллаж байна.

-Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн Япон Улсын зах зээлд гарч буй сайхан мэдээг дуулгалаа. Цахим платформд хэр өндөр хандалттай худалдааны сайтаар дамжуулан борлуулалтаа хийж байгаа вэ?

-HIS хэмээх Япон Улсын томоохон аялал жуулчлалын компани байдаг. Аялал жуулчлалын салбар дангаараа хөгжихөөс илүүтэй тухайн бүс нутаг, улс орны үндсэн бүтээл, бүтээгдэхүүн үнэ цэнэ нэмж өгдөг. Тухайлбал, Монгол Улсын хувьд өв соёл шингэсэн, өвөрмөц хийцтэй, монгол орны соёл, уламжлалыг хадгалсан бүтээгдэхүүнүүд их үнэ цэнтэй байдаг. Япон Улсын ард иргэд ч Монголын арьсан эдлэл, монгол шинж чанар бүхий бүтээгдэхүүнүүдэд дуртай байдаг. Тиймээс тус компанийн Монгол дахь салбар болох “HIS Mongolia” ХХК жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Япон Улсын зах зээлд гаргах, цаашилбал олон улсын зах зээлд өрсөлдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Тус компани нь аялал жуулчлалын салбарт улсдаа эхний аравт бичигдэх шилдэг компани. Уг компанийн www.sto-ory.com  сайтад байршуулсан бараа бүтээгдэхүүн дор хаяж 50 сая хэрэглэгчдэд шууд хүрч байгаа. “HIS Mongolia” ХХК-ийн гүйцэтгэх захирал Харада Осамү “Үүнийг дан ганц Японы зах зээл гэж харж болохгүй ээ. Энэ бол яг Алибаба шиг Японоос үүсэлтэй ч борлуулалт болоод зах зээл нь дэлхийн хэмжээнд үнэлэгдэх юм шүү” хэмээн зүйрлэж байсан.

-Тус сайтад бараа бүтээгдэхүүнээ борлуулж буй 20 гаруй аж ахуй нэгжүүдийг ямар шалгуур үзүүлэлтээр сонгосон бэ?

- Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-ын харьяанд бодлого үйл ажиллагааг нь зангидаж ажилладаг есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв багтдаг. Есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төвөөр дамжуулан иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын хүсэлтийг хүлээн авсан. Хүсэлт гаргасан аж ахуй нэгжүүд бараа бүтээгдэхүүнийхээ түүхий эд, материалыг хаанаас авч байна, эцсийн бүтээгдэхүүнээ хэрхэн яаж боловсруулж байна вэ, олон улсын зах зээлд гаргах чанарыг хангаж байна уу, MNS болон ISO стандартаар үйлдвэрлэж байна уу гэх мэтчилэн тодорхой хэмжээний нөхцөл шаардлагыг тавьж байгаа. Гэхдээ шалгуур гэхээсээ илүүтэй ерөнхий шаардлагыг л хангасан тохиолдолд тус цахим платформд бүтээгдэхүүнийг байрлуулж байгаа. Мэдээж цахим платформ дахь бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн зах зээлээр үнэлэгддэг тул хэрэглэгчид тухайн бараа бүтээгдэхүүнийг сонирхохгүй, хандалт муутай, худалдан авалт хийхгүй бол тодорхой хугацааны дараа цахим платформоос хасагдана. Тиймээс эхний ээлжид хүсэлт илгээсэн бүх аж ахуй нэгжүүдийнхээ бараа бүтээгдэхүүнийг тухайн платформд байршуулж байгаа. Ерөнхий шаардлага хангасан бараа бүтээгдэхүүний зураг авалт, маркетинг, орчуулга зэргийг үнэ төлбөргүй хийн төрийн үйлчилгээг хүргэж байна. Тиймээс үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид маань айж, эмээлгүйгээр бараа бүтээгдэхүүнээ бидэнд танилцуулаарай. Бидний зүгээс ч үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэдээ зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байгаа. Тухайлбал, сав баглаа боодол, бичиглэл, өнгө загварыг сайжруулах тал дээр зөвлөлдөн, сайжруулалт хийсний дараа тус платформд оруулах боломжтой.

-Монголд зарагдаж буй үнэ Японы зах зээлд зарагдах үнэ хэр зөрүүтэй байгаа вэ. Аж ахуй нэгжүүдэд ашигтай байж чадах уу?

-Бид жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэдээ хандан нэг л зүйлийг хэлж байгаа. Та бүхэн өөрсдийнхөө үнэ цэнэ, хөдөлмөрөө шингээн бүтээсэн бараа бүтээгдэхүүндээ хамгийн боломжит дээд үнийн дүнг тогтоогоорой. Үйлдвэрлэгчийн тогтоосон үнийн дүнгээс тухайн цахим платформынхон ямар нэг төлбөр, худалдан борлуулсны хувь хэмжээг суутгахгүй. Харин үйлдвэрлэгчийн тогтоосон үнийн дүн дээр тодорхой хувийн ашгийг л нэмнэ. Тиймээс жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд ямар ч дарамт байхгүй. Тухайн хүн “би бараагаа 100 мянган төгрөгөөр борлуулна” гэхэд уг үнийн дүнгээс ямар нэг төлбөр суутгахгүй гэдгийг л хэлмээр байна.

-10 сая хүртэлх төгрөгийн буцалтгүй тусламжид хэдэн иргэн, аж ахуй нэгж хамрагдаж байна вэ?

-Олон улсын байгууллагуудтай хамтарч байгаа тул тухайн байгууллагуудын нөхцөл шаардлагын дагуу буцалтгүй тусламжид хамрагдахаар хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгжүүдийг сургалтад хамруулсан. Сургалтын явцад хүсэлт гаргасан иргэдээс "Ковид 19"-ийн нөлөөнд хэрхэн өртсөн, цаашид яг оёдлын чиглэлээрээ дунд болон урт хугацаандаа ажиллах уу, ажлын байр бий болгож чадаж байгаа эсэх, ач холбогдолтой бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байгаа юу гэх мэтчилэн олон чиглэлээр үнэлгээ хийсэн. Ийнхүү хамтарсан багийн үнэлгээ гарсны дараа хоёрдугаар шатны шалгаруулалтыг хийсэн. Тус хамтарсан багийн арав гаруй хүн тухайн иргэн, аж ахуй нэгжийн үйлдвэрлэл эрхэлж буй гэр, ажлын байранд очин уулзалт хийсэн. Ингэхдээ бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ ямар технологи ашиглаж байна, хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна зэрэгт нь үнэлгээ өгсөн. Мэдээж эхний шатны сургалтад хамрагдсаны дараах үр дүнг хэмжин, хэр ахиц дэвшил гарсан байна, яг энэ чиглэлээрээ тууштай ажиллах уу, эсвэл зүгээр л буцалтгүй тусламж авах зорилготой байна уу гэх мэтэд үнэлэлт хийн гурван шатны шалгаруулалтаар тодруулсан.

Анх 400 гаруй иргэн, аж ахуй нэгж хүсэлт гарган сургалтад бүртгүүлсэн байдаг. Гэтэл бүртгүүлсэн 400 гаруй хүний 1/3 хувь нь л сургалтад бүтэн хамрагдсан. Хоёр дахь шатны шалгаруулалтаар дахин 20-30 хувь нь хасагдсан байна. Ийнхүү эхний ээлжид 10 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламж хүссэн 33 хүнийг шалгарууллаа. Хил гаалийн асуудлаас болоод тоног төхөөрөмжөө шууд өгөх боломжгүй байгаа. Хилийн асуудал шийдэгдэн, тоног төхөөрөмж ирэхэд тухайн иргэдэд гардуулан өгнө.

-Сар шинийн баяр бол жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд маш чухал шүү дээ. Энэ үед танай байгууллагаас ямар үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?

-Засгийн газраас Сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх уриалга гаргасан. Гэр бүлийн хүрээнд тэмдэглэх хэдий ч ард иргэд маань тодорхой хэмжээний бэлтгэл базаах болов уу. Тиймээс бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид буюу үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг уламжлалт болон цахим үзэсгэлэн худалдаагаар борлуулахаар төлөвлөөд байна. Мэдээж  үзэсгэлэн худалдааг “Ковид 19”-ийн нөлөөллөөс шалтгаалан урт хугацаанд зохион байгуулах боломжгүй. Тиймээс богино хугацаанд хэд хэдэн худалдааны төвүүдтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн цахим хэлбэрээр ч зохион байгуулна. Хүн бүр үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнээр баярын ширээгээ засах, бэлэг сэлтээ бэлтгэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

-Танд баярлалаа

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших

Санал болгох