Шударга мэдээ
Ховд аймгийн хадлан тэжээлийн бэлтгэл 79,1 хувь байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Ж.Сауле, МААХБЗГ-ын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун, МЭЕГ-ын мэргэжилтэн Г.Ганзориг нар Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймагт ажиллав.
Ховд аймагт 2019-2020 онд 91 багийн 8424 малчин өрхийн 3155,3 мянган мал өвөлжих урьдчилсан дүн мэдээ гарсан байна. Аймгийн нийт багуудын нутгаар бэлчээрийн даацын хэмжээг тодорхойлсон байдлаар гаргахад:
24% нь (бэлчээрийн нөөцтэй)
13% нь (бэлчээр хүрэлцээтэй)
29% нь (даац 1-3 дахин хэтэрсэн)
9% нь (даац 3-5 дахин хэтэрсэн)
25% нь (даац олон дахин хэтэрсэн) байдалтай гарсан байна.
Бэлчээрийн даац онцгой их хэтэрч гарсан сумдад мал өвөлжих, хаваржих нөхцөл хүндрэхээр байгаа тул сум, орон нутгийн зүгээс зөв зохион байгуулалт хийж ажиллах зайлшгүй шаардлагатай байна.
Ховд аймаг малчдын төвшинд 61,6 мянган тн өвс, 4,0 мянган тн тэжээл, 7,7 мянган тн хужир шүү бэлтгэх төлөвлөгөөтэйгээс 2019 оны 09 дүгээр сарын 20-ны байдлаар 48,7 мянган тн өвс, 1006,6 тн гар тэжээл, 1705,5 тн хужир шүү бэлтгэсэн байна. Хадлан бэлтгэл 79,1 хувьтай байна. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны байдлаар сумууд аюулгүйн нөөцдөө нийт 118 тн өвс, 6 тн тэжээл бэлтгэж дунджаар 7,5 хувийн гүйцэтгэлтэй байна. Аймгийн аюулгүй нөөцөд 155 тн тэжээл бэлэн байна.
Намрын ургац хураалтын үйл ажиллагаанд 280 гаруй бага, дунд оврын трактор, 180 гаруй хөдөө аж ахуйн машин механизм, 3000 гаруй тариаланчид ажиллаж байна. Ургац хураалтын явцын мэдээгээр 9 сарын 10-ний байдлаар төмс 135.6 га-гаас 1466.2 тн, хүнсний ногоо 272.5 га-гаас 3204.5 тн, малын тэжээл 243.5 га-гаас 1049.5 тн, нийт 5719.7 тн ургац хураан авсан дүнтэй байна.
Ховд аймгийн Засаг дарга Н.Дүгэрсүрэн “Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, шинээр инженерийн хийцтэй худаг гаргах, хилийн зурвас, улсын тусгай хамгаалалттай газар, Отрын бүс нутагт мал өвөлжүүлэх хаваржуулах зөвшөөрлийг холбогдох газруудад тавьж шийдвэрлүүлэх, мал, мах бэлтгэдэг аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж махны нөөц бүрдүүлэх хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх” асуудлыг салбарын сайдад уламжлав.
ХХААХҮ-ийн Дэд Ж.Сауле Сум орон нутгаас тус бүр 1000 гулууз мах бэлтгэн нийслэлийн хэрэгцээнд нийлүүлэх, орон нутгийн махны үйлдвэрүүд ариун цэвэр болон эрүүл ахуйд хяналт тавьж стандартын дагуу мах бэлтгэн зах зээлд нийлүүлэхэд анхаарах, өвс тэжээлийн бэлтгэлийг эрчимжүүлэх, мал тууварлаж тээвэрлэх журмыг баримтлан ажиллахад онцгойлон анхааран ажиллахыг үүрэг чиглэл болгов.
Ховд аймгийн "Жаргалант Шанд" ХХК, "Баруун Монгол интернейшнл" ХХК, "ИОВ" ХХК мал төхөөрөх үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле танилцав.
Шударга мэдээ
“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлснийг албан ёсоор мэдэгдэж, ирэх 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна гэлээ.
Өнөөдөр "Сэлбэ", "Шархад", "Солонго I, II" хороолол зэрэг төрийн мэдэлд 3572 айлын орон сууц баригдаж байна. Ирэх 2027 онд 8238, 2028 онд 11,246 гэх мэтээр нэмэгдэнэ. 2030 онд 40,000 айлын орон сууц ашиглалтад орно.
Хувийн компаниудын 14,832 айлын орон сууц энэ 2026 онд ашиглалтад орно. 2030 он гэхэд 82,000 гаруй айлын орон сууц барина.

Ерөнхий сайд,
“Төрийн мэдлийн 40,000 орон сууцанд урьдчилгаа төлбөргүй. 45 м.кв, хоёр өрөө орон сууцаар жишээ авъя. Дөрвөн сонголт байна. Нэгдүгээрт, түрээсийн орон сууц. Сарын түрээс 700,000 төгрөг байна. Хоёрдугаарт, түрээслээд өмчлөх хэлбэр байна. Түрээсэнд сард 700,000 төгрөг төлнө. Өмчлөлдөө 720,000 төгрөг төлнө. Сард 1,420, 000 төгрөг болно. Түрээсийн байр, түрээслээд өмчлөх орон сууц аль аль нь урьдчилгаа төлбөргүй гэдгийг дахин онцлон хэлье. Гуравдугаарт, түрээслээд өмчлөх болон ипотекийн зээлийн хэлбэр байна. Та 30 хувийн урьдчилгаа төлбөр цуглуулах хэрэггүй. Түрээсийн төлбөр дээрээ нэмээд сар бүр 860,000 төгрөгийг таван жилийн туршид төлөөд, урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжтой. Дөрөвдүгээрт, хамтын өмчлөл гэдэг шинэ хэлбэр. Орон сууцны ордер гэрчилгээнд банк, НОСК хамтран өмчилнө гэсэн үг. Орон сууцны тань 50 хувийг түрээс, эсвэл түрээслээд өмчлөхөд тооцно. Үлдсэн 50 хувьд нь зээл авна гэсэн үг юм. Урьдчилгаа төлбөрийн босго хоёр дахин намсана. Зээл, хүүгийн төлбөр ч тал хувиар багасна гэсэн үг. Төрийн мэдлийн 40,000 орон сууцны талаас илүүд гэр хорооллын айл өрх орно. Газрыг нь үнэлж, төлбөрт нь тооцно.
Хувийн компаниудын барих 60,000 орон сууцанд зургаан хувийн зээлд хамруулна. Анх удаа орон сууцтай болох айл өрхөд зориулна. 39,000 айлыг зургаан хувийн зээлд хамруулна. 21,000 айлыг эхний гурван жилд нь зургаа хувь, үлдсэн 17 жилд 12 хувийн зээлд хамруулах зэрэг сонголттой. Хотын бүс, байршлаас хамаарч, хүн амын төвлөрөл, ачаалал, түгжрэлийг давхар тооцсон хүү, нөхцөл нь өөр өөр байхаар төлөвлөлөө” гэлээ.
Шударга мэдээ
Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, түймрийн голомт, тархалт, хамарсан хүрээг тогтоож, цаашид түймэр гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг тогтоож, үнэлгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, түймрийн шалтгаан, нөхцөлийг шалгаж, гэм буруутай этгээдийг тогтоох, хуульд заасан хариуцлага хүлээлгэх, байгаль орчинд учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд судалж, шийдвэрлэх арга хэмжээ авна.
Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт энэ сарын 8-нд гарсан ой, хээрийн түймэр нийт 528,765.5 га талбайг хамарснаас Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 79.8 хувь нь өртжээ.
Шударга мэдээ
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс, нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ажиллалаа.
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар нийслэлийн авто зам, байгууламжийн засвар, арчлалт, тэмдэг тэмдэглэгээ, ашиглалтыг хариуцан ажилладаг. Энэ онд нийслэлийн Засаг даргын захирамжаар хэрэгжүүлж буй 18 төсөл, арга хэмжээний хүрээнд нийт 42 байршилд засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар хотын чухал эд эс. Авто замын засвар, шинэчлэлийн ажлууд түгжрэл, амьдралын чанартай шууд холбоотой. Иймд явган хүний зам, авто замын эвдрэлийг чанартай засаж, насжилт хэтэрсэн замуудыг шинээр барьж, ажлыг эрэмбэлэх нь чухал. Машин, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, асфальтбетон үйлдвэрлэлийн зардал, уг үйлдвэрлэлд зориулж дайрга олборлох асуудлыг судлах, нийт асуудлыг нэгтгэн танилцуулахыг нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярт хариуцуулъя” гэв.
Ажиллах хүчний нөхцөл, авто баазын парк шинэчлэл болон асфальтбетоны үйлдвэрлэлийн зардлыг багасгаж, бүтээмжийг сайжруулснаар ажлын бүтээмж 3-4 дахин нэмэгдэх боломжтойг Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас танилцууллаа.



