Цаг үе
Энэ онд нийслэлд 131.4 га талбайг ойжуулна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр боллоо. Хурлаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр танилцуулав.
Тэрбээр “Тэрбум мод” хөдөлгөөнийг нийслэлд 2030 он хүртэл гурван зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, ойжуулалт, нөхөн сэргээлтэд 12.948 га талбайд 20.7 сая мод, бүх төрлийн хамгаалалтын ойн зурваст 3350 га-д 4.5 сая мод, мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 65 сая мод нийслэлийн суурьшлын бүсэд тарьж, ургуулахаар бэлдсэн. Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн төслийг олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний оролцоотой өрнүүлж 29.8 сая мод, нийт 120 сая модыг нийслэлд тарьж ургуулна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ойн хомсдол, доройтлыг бууруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор түймэрт өртсөн, хөнөөлт шавжинд идэгдсэн, мод бэлтгэсэн талбайг нөхөн сэргээх, ойжуулах ажлыг хийхээр төлөвлөсөн. 2022 онд нийслэлд 131.4 га-д ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, ойн зурвас байгуулахаар төлөвлөн ажиллаж байна" хэмээв.
Нийслэлийн хэмжээнд ойжуулалт, мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй 115 байгууллага байдаг. Үүнээс 29 газар нь 49.6 га талбайд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт 4.6 сая тарьц, суулгацын нөөц бий.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлд есөн арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, мод үржүүлгийн агро ойн аж ахуйн газар байгуулахад ус ашиглалтын төлбөрөөс хөнгөлөх, ойн мэргэжлийн байгууллагад мод үржүүлгийн зориулалтаар газар олгох дэмжлэг үзүүлэх, мод тарих соёлыг нутагшуулах урт хугацааны нөлөөллийн аяныг хийх, мод үржүүлгийн аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт эдлүүлэх эрх зүйн баримт бичиг боловсруулах, зээл бий болгох, урамшуулах зэрэг ажил хийхээр төлөвлөсөн байна. Мөн гуравдугаар сарын 28-нд “Тэрбум мод” зөвлөгөөнийг зохион байгуулах юм.
Хотын дарга Ерөнхийлөгчийн санаачилсан тус хөдөлгөөний чухлыг дурдаад, Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, үүнтэй ажлуудаа уялдуулах, иргэдийг идэвхтэй хамруулах хэрэгтэйг онцоллоо.
Цаг үе
Анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна
Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цагийн орчимд “Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад суудлын 2 автомашин мөргөлдсөний улмаас 1 хүүхдийн амь хохирч, 2 хүн гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, тус хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд жолооч та бүхэн холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа тохируулан анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.
Цаг үе
Ариун цэврийн байгууламж, хөрсний бохирдолд хяналт шалгалт хийлээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын 2025 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/06 дугаартай удирдамжийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгууллаа.
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад нийт 658 иргэн, аж ахуйн нэгжийг хамруулсан бөгөөд шалгалтын явцад байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, төлөвлөгөөнд тусгагдсан сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, стандартын шаардлага хангаагүй хөрс бохирдуулагч нүхэн жорлонтой зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна.
Илэрсэн зөрчлийн дагуу 268 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 1008 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж зөрчлийг арилгуулан, хөрс бохирдуулсан холбогдох хууль тогтоомж зөрчсөн иргэн аж ахуйн нэгжүүдэд торгуулийн арга хэмжээ авч, хөрс бохирдуулсан асуудалд 216,000.000 сая төгрөгийн байгаль орчинд учруулсан хохирол тооцож барагдуулсан байна.
Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах зорилгоор 3 удаагийн сургалтыг зохион байгуулсан байна.
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын үр дүнгээр улсын хэмжээнд 229 нүхэн жорлонг буулгуулж, бохирдсон 1,2 га талбайд мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж ажилласан байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Цаг үе
Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно.
2025 оны арваннэгдүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2-7 хэм дулаан, бусад нутгаар 4 хэмийн хүйтнээс 1 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 4-6 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 9-11 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.
2025 оны арваннэгдүгээр сарын 28-наас
2025 оны арванхоёрдугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 28, 30, 12-р сарын 01-нд нутгийн зарим газраар, 29-нд баруун болон говийн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 28-өөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
-
Улстөр нийгэм2021/01/12
Эрчим хүчний хэрэглээний 98 хувийг дотоодоос хангаж эхэллээ
-
Цаг үе2024/02/05
Газнаас гал алдсаныг аюулгүй болголоо
-
Үзэл бодол2020/05/14
А.Тлейхан: У.Хүрэлсүхийн Засгийн газар эрчим хүчний хэрэглээгээ дотоодын эх үүсв...
-
Цаг үе2019/10/01
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
