Улстөр нийгэм
Төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхгүй...
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 15-нд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,
Монгол Улсын иргэд, үзэл бодлоо илэрхийлж, тайван жагсаал цуглаан хийсэн оюутан залуучууд аа,
Жагсаалын үеэр тавьсан 15 багц шаардлага болон бичгээр ирүүлсэн 270 орчим саналыг Засгийн газар нухацтай судалж, Ажлын хэсэг байгуулж, холбогдох мэргэжлийн байгууллагууд болон судалгааны байгууллагатай хамтран ажиллаж байна.
Тавигдсан саналуудыг багцалж үзвэл 74 хувь нь үнийн өсөлтийг хязгаарлах, 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэх, 12 хувь нь шударга бус байдал, авлига, тэгш бус байдлыг халах, 12 хувь нь цалин, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх суурь шинэчлэлийг хийхтэй холбоотой саналууд байлаа.
Дэвшүүлсэн асуудлуудын 60 орчим хувийг ойрын хугацаанд шийдвэрлэх, үлдсэн хувь нь тогтолцооны шинэчлэлийг хийх байдлаар дунд хугацаанд шийдэгдэх боломжтой байна.
Дүгнэж үзвэл, ОХУ-Украины зөрчил болон хөрш орнуудад эрчимжээд буй цар тахлын халдварын цочрол, түүнээс үүдсэн хямрал, тогтолцооны реформ шаардсан нийгмийн захиалга байна.
Засгийн газар боломжит бүх хувилбараа дайчилж, нийт ард иргэдтэйгээ хамтарч, арга хэмжээ авна.
Засгийн газар хуралдаж, үе шаттайгаар шийдвэрлэх дараахь шийдвэрүүдийг гаргаж байна гэлээ. “Энэ бол явцын мэдээлэл” гэдгийг Ерөнхий сайд онцлон хэллээ.

Нэг. Үнийн өсөлтийг бууруулах талаар авч буй арга хэмжээ:
·Монгол Улсын Засгийн газраас ОХУ-Украины хямралт байдлаас үүдэж, олон улсад үүсэж буй эдийн засгийн түр хугацааны шокоос урьдчилан сэргийлэх зорилго бүхий гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ-д өргөн барьж, яаралтай горимоор өнөөдөр батлууллаа. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр:
oНэгдүгээрт. Олон улсын зах зээл дээр огцом өсөж буй бензин шатахууны үнийг тогтвортой байлгах зорилгоор шатахуун импортлогч компаниудад шаардлагатай валютын эх үүсвэрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож, зээлийн хүүний татаасыг төрөөс хариуцаж, эргэлтийн хөрөнгөтэй холбогдох асуудлыг нь бүрэн шийдвэрлэж байна. Энэ нь бензин шатахууны үнийг тодорхой хугацаанд тодорхой хэмжээнд тогтоон барих болно гэж харж байна. Гэвч зах зээлийн зарчмыг төрөөс байнга зохицуулах нь боломжгүй боловч ер бусын хямралын цаг үе гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Шатахуун бол суурь үнийг хөөргөддөг учраас бид энэхүү шийдвэрийг гаргаж байгаа юм.
Энэ багц арга хэмжээнд нийт 100 орчим сая доллар зарцуулах тооцоо гарсан.
oХоёрдугаарт. Гурил, махны үнэ. Энэ хууль батлагдсанаар төрөөс үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй зээл олгож, улмаар тариаланчдад хуримтлагдсан өмнөх жилүүдийн улаан буудайн нөөцийг худалдаж авна. Ингэснээр дэлхий дахинд үүсээд буй улаан буудайн хомсдолоос урьдчилан сэргийлж, энэ хаврын тариалалтад онцгой анхаарах боломж бүрдэнэ.
Мөн өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар цагаан будаа болон элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн албан татварын таван хувийг түр хугацаанд тэглэх саналыг УИХ-д оруулахаар тогтлоо.
Дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдийн борлуулалтын болон үйлдвэрийн үндсэн түүхий эдийн нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.
Дотоодын хүнсний үйлдвэрүүдийг дэмжихэд зориулж, нэг их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгож, шаардагдах хүүгийн татаасыг төсвөөс олгохоор боллоо. Хүнсний ногоо, улаан буудай, тосны ургамал тариалах, хүнсний агуулах, зоорь барих, боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих болно.
Цар тахал, геополитикийн нөхцөл байдал нь одоогийн байдлаар үнийн өсөлт үүсэхэд нөлөөлж байна, цаашид гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэхийг ч үгүйсгэхгүй.
Хоёр. Төсвийн зардлыг хэмнэх тухай.
Үе үеийн төр засаг төсвийн хэмнэлттэй холбоотой асуудлуудыг тодорхой түвшинд шийдвэрлэдэг байсан боловч нэгдсэн хуулиар зохицуулж чадалгүй өнөөдрийг хүрсэн.
Засгийн газрын өнөөдрийн хурлаар Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг УИХ-д өргөн барихаар тогтлоо. Энэ хуулиар дараахь зүйлсийг зохицуулна.
-Төрийн өмчит нийт 39 аж ахуйн нэгжийг олон нийтийн шууд хяналтад оруулах, 10 компанийг нэгтгэн нийлүүлэх, цаашид төр оролцох шаардлагагүй санхүүгийн эрсдэлтэй 10 компанийг татан буулгах, худалдах арга хэмжээ авна.
-Хот суурин газарт зөвхөн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар суудлын жижиг оврын автомашин хэрэглэнэ.
-Цаашид төрийн өмчид байгаа автомашинуудыг бусад тээврийн хэрэгслээс ялгах улсын дугаарын өнгөтэй болгоно.
-Чиг үүргийн давхардлыг арилгаж, төрийн бүтээмжийг дээшлүүлж, шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй.
-Хэмнэх боломжтой бүхий л зардлыг 10-15 хувь хэмнэнэ.
-Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээж авах, бэлэг авах зардлыг төрөөс төлөхгүй бөгөөд гадагшаа томилолтоор явахдаа зөвхөн энгийн ангиллаар зорчиж, үндэсний авиа компаниар үйлчлүүлнэ.
-Төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхгүй байна.
-Төрийн байгууллагууд сургалт, семинар, зөвлөлгөөнийг зөвхөн цахимаар зохион байгуулна.
Гурав. Бусад шаардлагуудын тухай
Нэг. Төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгоно.
Хоёр. Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод түвшинг үе шаттайгаар нэмэгдүүлнэ.
Гурав. Нийслэл хотын цэцэрлэг, сургуулийн хүртээмж бага байгаа дүүрэг, хороодод хувийн хэвшлийн цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хувьсах зардлыг хоёр дахин нэмнэ. Аж ахуйн нэгжүүд өөрийн ажилчдын хүүхдүүдэд зориулж цэцэрлэг ажиллуулбал татвар ногдох зардлаас хасаж тооцно.


Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
Улстөр нийгэм
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь салбарын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд уг шийдвэрийг есдүгээр сарын 16-ны хуралдаанаар танилцуулсан байна.
Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан тус салбарын харьяа байгууллагуудын дээд, дунд шатны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд гарсан асуудлуудын үнэн зөвийг тогтоох шаардлагатайг Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэж, холбогдох асуудлыг шалгаж тодруулах байр суурь илэрхийлжээ.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
-
Улстөр нийгэм2022/06/08
ОХУ-ын Красноярск мужийн амбан захирагчийг хүлээн авч уулзлаа
-
Улстөр нийгэм2021/03/31
Улаанбаатар хот руу орох хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоогүй
-
Улстөр нийгэм2020/06/19
ЭМЯ-наас "COVID-19"-ийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна /2020.06.1...
-
Улстөр нийгэм2025/04/24
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсад албан ёсны айлчлал хийнэ
