Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Х.Гантулга: 2017 онтой харьцуулахад нийтийн тээврийн орлого 60 гаруй хувиар буурсан

Огноо:

,

Нийтийн тээврийн үйл ажиллагааг сайжруулах, зөвлөмж боловсруулах зорилгоор Ажлын хэсэг гарч, холбогдох байгууллагуудад шалгалт хийсэн. Энэ үеэр "Улаанбаатар смарт карт" ХХК-иас илэрсэн зөрчлийн талаар НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулгаас тодрууллаа.

-“Улаанбаатар смарт карт” ХХК-д хэзээ шалгалт хийсэн бэ. Энэхүү шалгалтын зорилго нь юу байсан бэ?

-Нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагааны оролцогч байгууллагуудын үйлчилгээг сайжруулах, санал дүгнэлт боловсруулах чиг үүрэгтэй Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/836 дугаар захирамжаар байгуулсан. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн байгууллагуудад үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ажилласан гэсэн үг. Зөвхөн “Улаанбаатар смарт карт” ХХК-д шалгалт хийгээгүй. Энэ Ажлын хэсгийг миний бие ахалж, шалгалт гэхээс илүүтэй нийтийн тээврийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр нийслэлийн удирдлагад танилцуулах чиг үүрэгтэй ажилласан.

-Ажлын хэсэг ажиллахад нийтлэг ямар зөрчлүүд илэрсэн бэ?

-“Улаанбаатар смарт карт” ХХК-тай Нийслэлийн Нийтийн тээврийн газар “Дата-Карт” консорциум компанитай Улаанбаатар хотын захиргаа тус тус байгуулсан хоёр гэрээ бий. Эдгээр гэрээний дагуу Улаанбаатар хотын нийтийн тээврийн удирдлага, төлбөрийг цахим мэдээллийн системд нэвтрүүлэх гэрээг “Улаанбаатар смарт карт” ХХК-тай байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш 4.8 жилийн хугацаанд тухайн систем бүрэн нэвтрээд дуусах учиртай юм. Гэтэл тухайн гэрээ одоог хүртэл бүрэн хэрэгжиж дуусаагүй. Компаниас хийх ёстой хөрөнгө оруулалтын ажлуудыг бүрэн хийгээгүй, мэдээлэл технологийн системийг дуусгаж, захиалагч талд хүлээлгэж өгөөгүй. Энэ нь “Улаанбаатар смарт карт” ХХК-иас шалтгаалж байгаа юм.

-“Улаанбаатар смарт карт” ХХК гэрээний дагуу ямар үүрэг хүлээсэн бэ. Мөн гэрээнд ямар үүргүүдийг биелүүлээгүй вэ?

-GPS төхөөрөмж ашиглан Улаанбаатар хотын нийтийн тээврийн өгөгдлийг бий болгон, системийг хөгжүүлж, ойлгомжтой, хүртээмжтэй, түргэн шуурхай болгох, орлогоороо зарлагаа санхүүжүүлэхийн тулд энэ гэрээг байгуулсан. Ийм боловч өнөөдрийн байдлаар гэрээ дуусаагүй байна. Тухайлбал, автобус баазын систем 509.6 мянган ам.долларын, карт үйлдвэрлэх тоног төхөөрөмж 940 мянган ам.долларын, сүлжээ холболтын зардал 300 мянган ам.долларын,  автобусны буудлын мэдээллийн самбарын зардал 1,000.0 мянган ам долларын, нийт 2,749.6 мянган ам.долларын ажлууд хийгдээгүй. Замын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээллийг жолоочид анхааруулах систем, GPS мэдээллээ ашигладаг систем зэрэг зарим ажил хийгдээгүй. Мөн зарим системийг хөгжүүлсэн боловч захиалагч байгууллагын шаардлагад нийцээгүй ажлууд байна.

Автобусанд байршуулсан карт уншигчууд шаардлага хангахгүй, зөвхөн тухайн компанийн гаргасан картыг уншиж байгаа. Саяхан “Голомт” банкны картыг уншдаг боллоо. Үүнтэй холбоотой нийтийн тээврийн орлого буурч байна. Иргэдийн картаа цэнэглэх боломж хангалтгүй байна. Банкны аппликэйшнээр цэнэглэдэг систем мөн саяхан нэвтэрлээ. Карт уншигч хуучирсан, цэнэглэх цэгүүд ашиглалтад бүрэн ороогүй, ТҮЦ болон дэлгүүрүүдээр карт цэнэглэж байна.

-Смарт карт нэвтрэхээс өмнө нийтийн тээврийн орлого ямар байсан бэ. Тус систем нэвтэрснээр ямар өөрчлөлт гарсан бэ?

-Систем нэвтэрсэн 2015 онд нийтийн тээврийн орлого 48 тэрбум 766 сая төгрөг байсан. Харин 2016 онд 45 тэрбум, 2017 онд хамгийн өндөр буюу 50 тэрбум төгрөг байна. 2017 онд зөвхөн картаар үйлчлүүлдэг болсноос хойш нийтийн тээврийн орлого буурсан. Тодруулбал, 2021 оны дүнгээр нийслэлийн нийтийн тээврийн орлого 21 тэрбум байна. Энэ нь 2017 онтой харьцуулахад 60 гаруй хувиар буурсан дүн. Нийслэлийн төсвөөс гаргадаг орлого, зарлагын зөрүү санхүүжилт бий. 2015 онд 21 тэрбумын орлого, зарлагын санхүүжилт өгч байсан. Гэтэл өнгөрсөн оны дүнгээр 105 тэрбумыг өгсөн. Орлогоо төвлөрүүлж чадахгүй байгаа учир орлого, зарлагын санхүүжилт өссөн. Бид өөрийгөө санхүүжүүлээд явдаг, хүртээмжтэй нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэхээр тухайн байгууллагатай гэрээ байгуулсан. Гэтэл энэ ажил хэрэгжихгүй, нийтийн тээврийн салбар уналтын байдалтай байна.

-Систем хөгжүүлэлтийн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Систем хөгжүүлэлтийг БНСУ-д хийж байна. Систем хөгжүүлэх талаар Нийслэлийн нийтийн тээврийн газраас шаардлага тавихаар “Бид Солонгос тал руу мэдэгдэж зөвшөөрөл авч, хэрэгжүүлнэ” гэсэн хариу өгдөг. Систем хөгжүүлэлтэд тус компаниас 8.6 тэрбум төгрөг зарцуулсан.

-Смарт карт цэнэглэх 1100 цэг ажиллаж байна гэсэн. Эдгээр цэг бүрэн ажиллаж чадаж байна уу. Энэ нь нийтийн тээврийн орлогод нөлөөлж байгаа юу?

-Карт цэнэглэдэг зориулалтын цэг маш цөөхөн бий. Дэлгүүр, үйлчилгээний байгууллагуудад цэг нээсэн боловч цаг хугацаандаа ажиллахгүй байна. Мөн картын ашиглалттай холбоотой мэдээллүүд дутмаг. Тухайлбал, иргэдийн гээсэн картаас шалтгаалан, картын дансанд захиран зарцуулж болохгүй гацсан 1.3 тэрбум төгрөг байна.  Карт ашиглалт, цэнэглэлттэй холбоотой асуудлыг ухаалаг цахим төлбөрийн системд нэвтрүүлэх төсөл хэрэгжих ёстой байсан боловч бүрэн хэрэгжээгүй. Энэ нь нийтийн тээврийн орлого тасалдах шалтгаан болж байна. Энэ тал дээр зоригтой шийдэл гаргаж, 4.8 жилийн хугацаанд системийг бүрэн нэвтрүүлж, захиалагч байгууллагад хүлээлгэж өгөх ёстой. Одоо системээ нэг бол хүлээлгэж өгөх, эсвэл гэрээг нь цуцлах шийдэл байна. Ажлын хэсэг байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, үүний дүнд гэрээг цуцлах санал гаргаагүй. Тухайн компани зөвхөн 2015 онд ашигтай ажилласан гэж тайлагнасан. 2021 онд 5.8 тэрбумын алдагдалтай ажилласан тооцоог гаргасан. Иргэд нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй авч чадахгүй байна. Мөн Нийслэлийн Нийтийн тээврийн газар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн системийг бүрэн ашиглаж, бодлого боловсруулах үйл ажиллагаанд дата мэдээллийг ашиглаж чадахгүй байгаа. Үндсэндээ захиалагч байгууллагын шаардлагад тус компанийн үйл ажиллагаа нийцэхгүй байгаа.

-Илүү бага зардлаар дотоодын компаниуд энэ системийг хөгжүүлэх боломж байгаа юу?

-Тухайн компанийн 8.6 тэрбум төгрөгөөр хийсэн ажлыг монгол компаниуд хийх боломжтой. Ингэхдээ 3-5 дахин бага зардлаар энэ системийг хөгжүүлэх технологийн чадамжтай.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Үзэл бодол

Саудын Арабын хаант улсын Гадаад хэргийн сайд ханхүү Файсал бин Фархан Аль-Саудтай уулзав

Огноо:

,

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд, Эрхэм дээд Ханхүү Файсал бин Фархан Аль-Саудтай тавдугаар сарын 25-ны өдөр уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, хамтын ажиллагааны болон улс төрийн зөвлөлдөх уулзалтын тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, анхны улс төрийн зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцов.

Сайд Б.Батцэцэг Монгол Улс Булангийн орнуудтай хөгжүүлж буй гадаад бодлогын хүрээнд Саудын Арабын Хаант Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хоёр улсын хөгжлийн бодлогыг уялдуулан хөгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.

Энэ хүрээнд уул уурхай, эрчим хүч, хөдөө, аж ахуйн салбарт Саудын Арабын хөрөнгө оруулалтыг татах, манай улсаас мах, махан бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх, аялал жуулчлалыг харилцан дэмжих, оюутан солилцох сонирхолтой байгааг илэрхийлээд ногоон хөгжлийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг тавив.

Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг дээрх салбаруудад идэвхижүүлэн хөгжүүлэхийн чухлыг онцлоод, хоёр улсын ГХЯ-д хоорондын цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг ийнхүү тавьж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Манай улсын парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь 17.1 байна

Огноо:

,

2022 оны байдлаар Тогтвортой хөгжлийн зорилгын 5.5.1а буюу Парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь улсын хэмжээнд 17.1 хувьтай байна. Энэ нь дэлхийн 187 орны дундажтай харьцуулахад 9.4 нэгж хувиар доогуур түвшинд байна.
 
Дэлхийн 187 улсын Парламентын танхим дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь 26.5 байгаа бөгөөд улсаар нь харвал:
 
- Руанда 61.3%,
- Куба 53.4%,
- Никарагуа 51.7%,
- Шинэ Зеланд 50.4%,
- Мексик 50.0%,
- Арабын Нэгдсэн Эмират Улс 50.0%-тай байна.
 
Харин
 
- Нигери 3.6%,
- Оман 2.3%,
- Вануату 1.9%,
- Папуа Шинэ Гвиней 1.7%-тай байгаа нь хамгийн бага байгаа бол Бүгд Найрамдах Йемен Улс парламентдаа нэг ч эмэгтэй гишүүнгүй байна.
 
Эх сурвалж: ҮСХ
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Дотооддоо 3 сая гутал үйлдвэрлэх боломжийг эрэлхийлэв

Огноо:

,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо” ТББ, Зээлийн батлан даалтын сан, BEST, “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран "Гутал үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн"-ийг зохион байгууллаа.

Уг зөвлөгөөнөөр дотоодын зах зээлийг хамгаалах, 3 сая гутал үйлдвэрлэх боломж, импортыг орлох гарц, шийдлийг үйлдвэрлэгчид эрэлхийлэв. Монгол Улсад арьс шир боловсруулах болон арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд анх удаа гутал сэдвийн хүрээнд хэлэлцсэнээрээ онцлог байлаа.

Зөвлөгөөнд Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагааг явуулдаг үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд оролцсоноос гадна төрийн байгууллага, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл оролцон, байр сууриа илэрхийлэв.

Хүн төрөлхтөн эрт дээр үеэс амьтны арьсыг байгаль орчны сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилгоор ашиглаж ирсэн бөгөөд арьс ширний үйлдвэрлэлийн салбар нь эртний салбаруудын нэг юм. Тодруулж хэлбэл, арьс ширийг авах зорилгоор малаа нядалдаггүй, арьс шир нь хүнсний үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүн юм.

Монгол Улсад 1934 оноос “Аж үйлдвэрийн комбинатын цогцолбор” байгуулагдсанаар арьс ширний салбарын үндэс суурь тавигдсан гэж үздэг. Өнөөдрийн байдлаар манай улсад арьс шир, завод ноос, ноолуур боловсруулах 34 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас орон нутагт 3 үйлдвэр байна. Үүний зэрэгцээ арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 120 гаруй жижиг, дунд үйлдвэрүүд нийслэл, орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байна. Арьс, ширний салбарт нийт 4200 гаруй хүн ажилладаг.

Арьс шир бол олон зуун жилийн турш өргөн хүрээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглаж ирсэн уян хатан, удаан эдэлгээтэй, санхүүгийн хэмнэлттэй, үнэ цэнтэй материал юм. Өнгөрсөн онд үндэсний боловсруулах үйлдвэрүүд 140 тэрбум төгрөгийн 7.5 сая арьс шир худалдан авч боловсруулсан, 1 сая хос гутал, 1 сая гаруй савхин бүтээгдэхүүн үйлдвэрлэж 150 орчим тэрбум нийтдээ салбарын хэмжээнд 290 орчим тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулжээ. 

Хөлийг гадны нөлөөллөөс хамгаалах, тухтай алхаж явахад зориулагдсан бүтээгдэхүүн бол гутал юм. Дэлхийн зарим судлаачдын үзэж буйгаар хүн амын дунд хөлийн өвчлөлийг үүсгэх нэг гол хүчин зүйл нь мөн гутал байна.

Нүүдлийн мал аж ахуйн онцлогтой, түүхий эдийн дундаршгүй нөөцтэй, жилийн дөрвөн улирал, эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд гутлын үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх нь ДНБ-ийг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын орлого, төрлийг нэмэгдүүлэх зэрэг нийгэм эдийн засгийн чухал ач холбогдолтой байна.

Арьс ширний салбар тэр дундаа гутал үйлдвэрлэгчид Монгол хүний хөлийн онцлогт тохируулан олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Үйлдвэрлэлийн кластер системийг нэвтрүүлэн, чанар стандартыг хэрэгжүүлэх, Туслах материалын дагалдах жижиг үйлдвэрүүдийг бий болгож, хөгжүүлэх зэрэг томоохон зорилтуудыг тавьж ажиллахад бэлэн болсон байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Дэлгэрэнгүй унших

Санал болгох