Цаг үе
18 байршилд явган хүний зам шинэчилнэ
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар төсвийн бие даасан байдал хангагдаж, нийслэл болон дүүргүүд нийгэм, эдийн засгийн хувьд хөгжих боломж бүрдсэн. Үүний үр дүнд түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг эхлүүлж, гудамж, зам шинэчлэх, авто зам болон гүүрэн байгууламжийг шинээр барих, өргөсгөх зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийж буй.

Энэ хүрээнд иргэдийн аюулгүй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн 18 байршилд явган хүний замыг шинэчлэхээр боллоо. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26-р хорооны Хүннү гудамжинд маргааш буюу тавдугаар сарын 25-наас эхлэн нэг сарын хугацаанд явган хүний зам, талбайн шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх гэж байна. Тус гудамжны 13 мянган ам метр талбай бүхий явган болон дугуйн замыг ашиглалтын шаардлага хангахуйц буюу 1.5-5 метр болгон өргөтгөхөөс гадна гадаргуу, орц, гарцын налуу, хөтөч хавтангийн байршлыг стандартад нийцүүлэн шинэчлэх юм.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Нийслэлийн Замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Одбаяр нар явган хүний замыг шинэчлэх шаардлага, одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд НИТХ-аар Хотын стандартыг баталсан. Стандарт баталсан бол түүнийгээ хэрэгжүүлж, мөрдүүлэх ёстой. Хүмүүс заавал автомашинаар явахгүй, явган зорчихыг хүсэж байгаа ч явган явах орчин нь бүрдээгүйгээс машинаар зорчиход хүрдэг. Иймээс уг ажлыг Баянзүрх дүүргийн 26-р хорооноос эхэлж байна. Бусад байршилд ч мөн яг ижил стандартын дагуу шинэчлэл хийнэ” хэмээв.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Одбаяр “Явган хүний замыг өргөтгөхөд саад учруулж буй хашааг буулган, талбай чөлөөлөхийн тулд эзэмшил талбайгаа хэтрүүлэн, зөвшөөрөлгүй хашаа барьсан аж ахуйн нэгжид мэдэгдэл, шаардах хуудас хүргүүлж байгаа. Харин зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжтэй тохиролцон ажиллаж байна” гэлээ.

Тэргэнцэр болон бусад дугуйт хэрэгслийн урд дугуй 2.5 сантиметрээс өндөргүй бартааг давах боломжтой байдаг тул одоо байгаа явган хүний замуудаар зорчиход бэрхшээлтэй байдгийг "Түгээмэл хөгжлийн төв" ТББ-ын дэд бүтцийн хүртээмжийн ажилтан Б.Ням-Очир онцолж байв. Иймд явган хүний зам дээрх хөтөч хавтанг стандартын дагуу байршуулж, саад бартааг чөлөөлж, шинэчлэн зассанаар иргэд аюулгүй, саадгүй зорчих боломж бүрдэх юм.
Явган хүний замын шинэчлэлийн ажлыг нийслэлийн хамгийн олон хүн амтай, зорчих хөдөлгөөний ачаалалтай хэсгүүдээс эхлэх бөгөөд тус ажлыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ хийж гүйцэтгэнэ.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
Цаг үе
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж, А.Ариунзаяа, Ж.Баярмаа, Б.Пунсалмаа, Р.Эрдэнэбүрэн, С.Эрдэнэбат нараас Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Монгол Улсын 330 суманд ажиллаж амьдарч буй малчин өрхүүдийн хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургуульд ороход нь сонголттой болгох үүднээс уг хуулийн төслийг боловсруулсныг Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж энэ үеэр онцолсон.
Малчин өрх хүүхдээ сургуульд сургахын тулд малаа зарж, хот суурин газар бараадах, эсвэл хүүхдүүдээ дагаж эхнэр нь төв суурин газарт амьдарч байгаагаас ганцаар амьдрах малчин эрчүүдийн тоо нэмэгдэх, улмаар гэр бүл салалт ихсэж байгаа аж. Иймд тухайн онд найман нас хүрэх хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн суралцуулах, малчин өрхийн хүүхдийн 1, 2 дугаар ангийн сургалтыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтээр хосолсон хөтөлбөрт хамрагдах сонголт бий болгох хүсэлтийг малчид гаргажээ. Нөгөөтээгүүр, нүүдлийн өв соёл, уламжлалыг тээж яваа малчдаа хайрлан хамгаалах нь чухал гэдгийг төсөл санаачлагч гишүүн онцлон тэмдэглэв.
Хүүхдийн боловсрол эзэмших хэлбэр (танхимын, зайн, онлайн болон цахим сургалт, хосолсон сургалт)-ийг одоо мөрдөгдөж байгаа хуулиар тодорхой, нарийвчлан зохицуулсан ч тэдний суралцах боломжийг дэмжих эрх зүйн орчныг бий болгох хэрэгцээ, шаардлага байна хэмээн үзэж, хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөлд ерөнхий боловсролын сургуульд тухайн онд найман нас хүрэх малчин өрхийн хүүхдийг элсүүлэн сургаж болох, сургуульд сурч байгаа малчин өрхийн хүүхдийн 1, 2 дугаар ангийн сургалтыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтээр Боловсролын ерөнхий хуулийн 26.1.11-д заасан журмыг баримтлан зайн болон цахим сургалтад хамруулах, зайн болон цахим сургалтад хамрагдсан малчин өрхийн хүүхдийг 3 дугаар ангиас эхлэн танхимын сургалтад үргэлжлүүлэн сургах, малчин өрхийн хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн сургах, сургалтыг хуульд заасан хэлбэрээр зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах зохицуулалтуудыг төсөлд тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар малчин өрхийн хүүхдийн боловсрол эзэмших зорилго, арга хэлбэр тодорхой болж, боловсролын хөгжлийн чиг хандлагад нийцсэн арга хэмжээ болно гэж төсөл санаачлагчид үзсэн байна.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын холбогдох гэрээ, конвенц болон бусад хуультай нийцэж байгаа бөгөөд тухайн төслийн хамт дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
