Цаг үе
Гарааш буулгасан 70 байршилд нийслэлийн хөрөнгө оруулалтаар тохижилтын ажил хийж байна
Нийслэл Улаанбаатар хотод олон бүтээн байгуулалт өрнөж буй. Эдгээрээс онцлох нэгэн ажил бол нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулган хийж буй тохижилт юм. Уг ажил өнгөрсөн оноос эхэлсэн. Энэ жилийн тухайд гуравдугаар сарын 15-наас эхэлсэн тус ажлын явц 68.4 хувьтай байна. Нийтдээ 188 байршилд зөвшөөрөлгүй барьсан 4860 гарааш буулгахаар төлөвлөсөн бөгөөд долоодугаар сарын 20-ны байдлаар 130 байршил дахь 3326 гараашийг буулган, газар чөлөөлжээ.

Нийслэлийн Хан-Уул, Багануур дүүрэгт гарааш чөлөөлөх ажил төлөвлөсний дагуу бүрэн хийгдсэн бол Баянзүрх дүүрэгт 89.9 хувь, Чингэлтэй дүүрэгт 79.8 хувьтай байна. Бусад дүүрэгт өрнөж буй гарааш буулгаж, газар чөлөөлөх ажлын явцыг доорх хүснэгтээс харна уу.

2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс долоодугаар сарын 20-ны өдөр хүртэлх дөрвөн сарын хугацаанд 3326 гарааш буулгаж, 59.868 м.кв бүхий газар чөлөөлөөд байгааг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлж байна. Тэгвэл чөлөөлсөн талбайг хэрхэн тохижуулж байгаа талаар Хот тохижилтын газраас тодрууллаа. Тус байгууллагын тухайд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж буй тохижилтын ажлыг хариуцан ажилладаг. Энэ онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар нийтдээ гарааш буулгасан 70 байршлын талбайд тохижилтын ажил хийх аж. Үүнийг А даалгаврын дагуу нэгтгэхээр 47 байршилд тохижилт хийхээр болсон байна. Өөрөөр хэлбэл, ойр байршилтай газруудыг нэгтгэн цогц тохижилт хийж буй гэсэн үг юм. Өнөөдрийн байдлаар дээрх 47 байршлаас 25-ынх нь тохижилтын ажил ид өрнөж буй аж. Ирэх наймдугаар сарын 15-н гэхэд 17 байршлын засварын ажил бүрэн дуусна гэж Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Д.Батболд хэлж байна.
188 байршлаас 70 байршлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр тохижуулах бол үлдсэн байршлуудад улсын болоод дүүргүүдийн хөрөнгө оруулалтаар тохижилт хийж байгаа юм. Зарим газар чөлөөлсөн талбайг цэцэрлэгийн эдэлбэр газарт бүртгэж, багачууд тоглож наадах орчин бүрдүүлсэн нь ч бий. Зөвшөөрөлгүй гараашийг буулгаж, нийтийн эдэлбэрт бүртгэсэн газруудад тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж байгаа. Гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн хувьд үнэ ханштай холбоотой хүндрэл тохиож байгааг холбогдох албаныхан хэлж байлаа. Мөн цөөн байршлын хувьд ганц нэг гарааш буулгаагүй, ойролцоо нь амьдарч буй айл нүүгээгүй гэх мэт шалтгаан бий. Гэвч бэрхшээл тоочих бус, тохижилтын ажлыг аль болох яаравчлан дуусгахыг чухалчилж байна.
Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар
Цаг үе
Чингис хаан олон улсын нисэх буудал "Сүү өргөх" зориулалтын цэгтэй болжээ
"Чингис хаан” олон улсын нисэх буудал зорчигчдоо үдэхдээ сүү өргөдөг иргэдэд зориулсан тусгай цэг шинээр байгуулжээ. Нисэх буудлын орчимд сүүг ил задгай өргөх нь шувуу, зэрлэг амьтдыг татаж, агаарын хөлөгтэй мөргөлдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Шинэ зохицуулалт нь монголчуудын уламжлалыг хадгалахын зэрэгцээ нислэгийн аюулгүй байдлын шаардлагыг хангахад чиглэж байна.
Иргэдийн өдөр тутмын дадал, хүндэтгэлийн уламжлал зөв байршил, зөв зохион байгуулалттай уялдсанаар нислэгийн аюулгүй байдлыг дэмжих бодит алхам болно гэж нисэх буудлынхан үзэж байна.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Есдүгээр сарын 01-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар дулаан байна.
2026 оны есдүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангайн, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурч, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 4 хэмаар дулаарч 29-31 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 3-8 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29 хэм дулаан байна.
2026 оны есдүгээр сарын 02-ноос
2026 оны есдүгээр сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
02-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, 04-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 05-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 02-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд нутгийн зарим газраар, 04-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -2-3 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 04, 05-нд нутгийн хойд хэсгээр эрс сэрүүснэ.
Цаг үе
Өнөөдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон Олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал нийслэлийн төвийн зургаан дүүрэгт автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжиж байна.
Уг зохицуулалт өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд, бүсчлэл харгалзахгүй үйлчилнэ.
Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Харин өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нд нийслэлийн хэмжээнд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байна.

-
Шударга мэдээ2019/10/16
Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг ...
-
Цаг үе2023/11/24
Төөрсөн, сураггүй болсон 333 иргэнийг эсэн мэнд оллоо
-
Улстөр нийгэм2023/08/29
Боловсролын байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг зохион байгуул...
-
Үзэл бодол2020/05/01
ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулейгээс ирүүлсэн илгээлт
