Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Л.Оюун-Эрдэнэ: Түгжрэл бууруулах төлөвлөгөө хийхдээ олон нийтэд сонгох хувилбар өгөхгүйгээр эрхийг нь хязгаарлаж болохгүй

Огноо:

,

Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар баталсан. Тус хорооны эхний хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцов.

Тэрбээр, “2023 оны улсын төсвийн төслийг боловсруулах ажил эхэлж байна. Улаанбаатар хотын төвлөрөл, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах агуулгыг төсвийн төсөлд тусгах ёстой. Тухайлбал, орон нутагт шилжин очсон иргэдэд цалингийн нэмэгдэл олгох, тухайлсан санхүүгийн дэмжлэгийн аргыг хэрэглэж болно. Автозамын түгжрэл бууруулах ажлын төлөвлөгөөг гаргахдаа олон нийтэд сонгох хувилбар өгөхгүйгээр эрхийг нь хязгаарлаж болохгүй. Лондон, Сингапур зэрэг хотын тэргүүн туршлагыг судалж манай улсад тохирохыг нэвтрүүлэх шаардлагатай” гэв. Ерөнхий сайд дараагийн Засгийн газрын хуралдаанд Улаанбаатар хотын автозамын түгжрэл бууруулах урьдчилсан төлөвлөгөөг танилцуулахыг үүрэг болголоо.

Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны өнөөдрийн хурлаар ажиллах чиглэл, төлөвлөгөөгөө хэлэлцэв. “Түгжрэлийн эсрэг нийтээрээ” гэсэн үзэл баримтлал гаргажээ.
Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулна гэдэг нь ганц, хоёр шийдвэрээр шийдэгдэхгүй. Бодлогын цогц ажил хийх ёстой. Хууль эрх зүйн орчны ч асуудал их байна. Үүнийг шийдэхийн тулд Үндэсний хороо ажиллана. Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах арга хэмжээ авахдаа олон нийтийн эрхийг хасах биш үүрэг хариуцлагад суурилсан бодлогын арга хэмжээ авна”  гэлээ.

Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Үзэл бодол

Агаарын тээврийн либералчлалд анхаарч, аюулгүй ажиллагааг шаардаж байна

Огноо:

,

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2022 Оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Иргэний нисэхийн ерөнхий газар болон МИАТ ТӨХК-д ажиллаж иргэний нисэхийн салбарынхан, Үндэсний агаарын тээвэрлэгчидтэй уулзлаа.
 
 
Сайд С.Бямбацогт Монголын авиа компаниуд аль болох олон чиглэлд, олон нислэгийг хямд үнээр шууд хийх ёстой хэмээн онцолсон юм. Үүний тулд нэгдүгээрт, нислэгийн аюулгүй байдалд онцгой анхаарч хариуцлагаа өндөржүүлэхийг хоёрдугаарт, авиа компаниуд нэгнийхээ бойжуулсан зах зээл рүү өнгөлзөж, давхцаж, бие биенээ татаж унагах биш, бие биенээ дэмжиж, харилцан ашигтай хамтарч ажиллах, дотоодын зах зээлээ хамгаалах, гадны авиа компанид хэт давамгай байдал өгөхгүйн тулд нэгдэх, хамтрах нь чухал. Гуравдугаарт, орон нутгийн нислэгийн тийзийг хямдруулахын тулд нийт зардлын 40% хувийг эзэлж буй шатахууны үнийг хямдруулах,  навигацийн орлогын тодорхой хэсгийг орон нутгийн нислэгийн үнийг хямдруулахад зарцуулах, нийтийн тээвэр, галт тэрэгний зорчигч тээвэртэй адил агаарын тээврийг НӨАТ-аас чөлөөлөх гэх мэт гарц шийдлүүд байгааг хэлэв.
 
Орон нутгийн нислэгийн тийз хямдруулах замаар төвлөрлийг сааруулах, иргэд орон нутагтаа ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх Засгийн газрын зорилт биелэх юм. 
 
 
Дөрөвдүгээрт, нислэгийн аюулгүй байдал, агаарын тээврийн аюулгүй ажиллагааг хуулиар илүү тодорхой зохицуулж, агаарын тээврийн эдийн засаг, бизнесийн эрх зүйн орчныг тодорхой болгох, салбарын хүний нөөц, боловсон хүчнийг системтэй бэлтгэх асуудлыг хөндөнө. Тавдугаарт, орлогоо нэмэгдүүлж, үргүй зардлаа бууруулахыг даалгав.  Оновчтой бүтэц зохион байгуулалт хийж, мэргэжилдээ эзэн болсон мэдлэг чадвартай хүмүүсээ дэмжих ёстой. Чингис хаан ОУНБ-д гэхэд транзит нислэгийн заалтай болж бүс нутагтаа HUB болохын төлөө зорьж ажилла гэдгийг хэлж санууллаа.
 
 Эх сурвалж: ЗТХЯ
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Албан хаагчдын ажлын цагт зохицуулалт хийсэн нь эерэг үр дүнтэй байна

Огноо:

,

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулах, ажиллагсдынхаа хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх үүднээс Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас албан хаагчдынхаа ажлын цагт зохицуулалт хийжээ. Тус газар нь 40 албан хаагчтай.

2022-2023 оны хичээлийн жил эхлэх үеэс тус байгууллагын залуучуудын болон эцэг эхийн зөвлөлөөс ажлын цагт уян хатан зохицуулалт хийх санал гаргасан байна. Энэ дагуу есдүгээр сарын 15-ны өдрөөс тус байгууллага ажлын уян хатан цагт шилжээд байгаа юм.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван:

-Байгууллагын залуучуудын болон эцэг эхийн зөвлөлөөс гаргасан саналыг удирдлагын багийнхан хүлээн авч, ярилцаад ажлын цагийг уян хатан болгох, ингэхдээ найман цагийн ажлыг ягштал баримтлах шийдвэрийг гаргасан. Одоогийн байдлаар манай байгууллагын ажиллагсдын 15 хувь нь ажлын цагтаа өөрчлөлт оруулсан. Өглөөний ачаалал, түгжрэлийн үеэс ажлын цагаа зөрүүлэх, мөн бага насны хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт хүргэх зэрэг шалтгаанаар ажлын цагт нь өөрчлөлт оруулах тушаал гаргаад байна. Хотын ид түгжрэлийн цагаас зөрүүлэх байдлаар өглөө 08:30, 09:00 цагт ажилдаа ирж, 17:30, 18:00 цагт тарах саналыг ажиллагсад гаргасан. Тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын баталсан Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн ажиллах үлгэрчилсэн зааврыг эрх зүйн үндэслэл болгосон. Энэхүү тушаал шийдвэр гарснаас хойш эерэг үр дүн ажиглагдаж байна. Тухайлбал, бүх албан хаагч нэгэн зэрэг түгжрэлд орохгүйн дээр хүүхдийн хичээл сургуулийн цагт уялдуулсан нь зөв гэж ажиглагдсан.

-Ажлын цагт өөрчлөлт оруулснаар ажлын бүтээмжид хэрхэн нөлөөлж байна вэ?

-Тухайн албан хаагч ажил эхлэх, тарах цагаа сонгож, ар гэр, үр хүүхдэдээ цаг заваа зориулах боломжтой болж байгаа нь ажиллагсдын сэтгэл ханамж, ажлын бүтээмжид сайн нөлөө үзүүлж байгаа гэлээ.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Пүрэвсүрэн:

-Миний хувьд ажлын цагийг уян хатан байдлаар зохицуулж байгаад баяртай байна. Хөдөлмөрийн тухай хуулийн ажил олгогч ажилтныхаа ажил амьдралын тэнцвэрийг хангах тухай заалт болоод Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зааварт хүүхдээ хичээл сургуульд нь хүргэж өгөх бололцоогоор хангах тухай заасан байдаг. Энэ дагуу манай байгууллага зохицуулалт хийсэн. Ажлын цагийг Хөдөлмөрийн хуулийн дагуу зохицуулж байгаа. Ажлын цагт зохицуулалт хийгээгүй үед хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхийн тулд ажлаасаа хоцрох, эсвэл хүүхдээ хүргэж амжихгүй өөр хүнээр хүргүүлэх зэргээр хүндрэлтэй байсан. Харин өглөө 09:00  цагаас ажилдаа ирдэг болсноор хүүхдээ сэтгэл тайван хүргэж өгч байгаа. Мөн замын түгжрэл ч харьцангуй багассан байдаг. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болоод бусад төрийн албан хаагчид нэгэн зэрэг 08:00 цагаас ажилдаа ирж, очих гэж түгжрэлд ордог бол ажлын уян хатан цагт шилжсэнээр замын түгжрэл тодорхой хэмжээгээр буурах боломжтой. Ажилтан, албан хаагчдадаа боломж олгож буй удирдлагууддаа талархаж байна. Өглөөдөө хүүхдээ хүргэж өгөхдөө ажлаасаа хоцорч, хамт олноосоо санаа зовох, эсвэл хүүхдээ хүргээгүйдээ түгшихгүй, сэтгэл тайван ажлаа хийснээр ажлын бүтээмж ч нэмэгдэж байгаа гэсэн юм.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 “Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ” гэсэн заалтын дагуу ажиллагсдынхаа ажилдаа ирэх, тарах цагт зохицуулалт хийсэн байна. Үр дүн эерэг байгааг тус байгууллагын удирдлагууд болон ажиллагсад хэлж байлаа.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

С.Бямбацогт: Цемент үйлдвэрлэгч үндэсний компаниуддаа баярлалаа

Огноо:

,

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын явцын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч байгаа бүтээн байгуулалт. Сайдын үүрэгт ажлаа авснаас хойш 20 гаруй хоногийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 26 км орчим хатуу хучилттай авто зам нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл 204 км замаас 167 км нь хатуу хучилттай болсон. Аравдугаар сарын 20-ныг хүртэл шахуу ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байна. Хоёр урсгалтай дөрвөн эгнээ замын нэг урсгалыг ирэх сард багтаан нээхээр төлөвлөн ажиллаж байгаа учир гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компаниуд хоёр ээлжээр ажиллаж байгаа. Хөтөлийн цементийн үйлдвэр наймдугаар сарын 15-наас зогссонтой холбоотойгоор цементийн ханган нийлүүлэлтэд нэг үе хүндрэл үүссэн ч дотоодын цемент үйлдвэрлэгчдэд хандан хүсэлт тавьж хамтран ажиллаж байгаа. Тухайлбал, “Мак цемент” ХХК, “Монцемент билдинг материалс” ХХК, “Налгар түшиг” ХХК нь Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажлын бүтээн байгуулалтыг тасалдуулахгүй байхад онцгой анхаарч хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье” гэлээ.

Мөн Улаанбаатар төмөр зам ХНН дотоодын цементийн үйлдвэрүүдээс өдөр бүр хүссэн хэмжээгээр нь вагон тавьж өгч, таталтыг цаг алдалгүй хийж, нийт хэрэглэгчдэд хүргэх тал дээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгааг дурдлаа.

Өдөрт 1000 орчим тонн цемент авахад нэг урсгал, хоёр эгнээ замыг ашиглалтад оруулж, иргэд, жолооч тээвэрчид шороон замаар зорчихгүй байх нөхцөл бүрдэх боломжтойг онцолсон юм.

Ташрамд дурдахад дотоодын цементийн үйлдвэрүүд өдөрт 6000 тн цемент үйлдвэрлэж буй бөгөөд Дарханы замын бүтээн байгуулалтад түүний зургааны нэгтэй тэнцэх хэмжээний цемент шаардагдаж байгаа юм.  

Эх сурвалж: ЗТХЯ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм4 цаг 40 минут

Төрийн банк хувьцааны захиалгын тоогоо нэмнэ

Улстөр нийгэм14 цаг 40 минут

Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа

Шударга мэдээ14 цаг 43 минут

Иргэд D.PARLIAMENT.MN цахим хуудсаар дамжуулан Ерөнхий сайдаас асуул...

Улстөр нийгэм14 цаг 50 минут

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль шинэ...

Улстөр нийгэм14 цаг 53 минут

УИХ-ын 2022 оны намрын чуулган өнөөдөр эхэлнэ

Шударга мэдээ14 цаг 58 минут

Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж, үүрэг чиглэл...

Чөлөөт цаг15 цаг 1 минут

“Богдхан уулаа цэвэрлэе” аянд таван мянга гаруй оюутан, ...

Урлаг спорт15 цаг 5 минут

Морин хуурын чуулгад Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулла...

Чөлөөт цаг15 цаг 8 минут

Монголын сэтгүүл зүйн ахмадуудын анхдугаар чуулган болно

Чөлөөт цаг15 цаг 12 минут

Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбосон авто замыг түр хаан...

Санал болгох