Шударга мэдээ
"Дөл-2022” тэмцээнд нийслэлийнхэн амжилттай оролцлоо
Цэрэг-спортын “Дөл-2022” улсын аварга шалгаруулах цогцолбор тэмцээнд амжилттай оролцсон багш, дасгалжуулагч, сурагчдад нийслэлийн удирдлагууд өчигдөр шагнал гардуулж, хүндэтгэл үзүүллээ.
Уг үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, НЗДТГ-ын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт тэргүүтэй албаныхан оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит “Дөл-2022” тэмцээнд нийслэлийн ерөнхий боловсролын 96 сургуулийн 1400 гаруй сурагч оролцож, авхаалж самбаагаа сорьсон юм. Хүүхэд залуусыг ёс суртахуунтай, хувийн зохион байгуулалттай, зорилго тэмүүлэлтэй, эх оронч үзэлтэй иргэн болон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой уг тэмцээнийг улсын хэмжээнд гурван үе шаттай зохион байгуулсан. Эхний хоёр шат буюу дүүргүүдийн Засаг дарга нарын нэрэмжит цогцолбор тэмцээн өнгөрсөн дөрөвдүгээр сард болж, дүүрэг бүрээс шалгарсан багууд улсад өрсөлдсөн билээ. Энэ хугацаанд НЗДТГ-ын Цэргийн штабаас томилсон бүрэлдэхүүн баталсан хуваарийн дагуу нийслэлийн есөн дүүргээс шалгарсан баг тамирчдад заавар зөвлөмж өгч ажилласан юм.

“Дөл” тэмцээнийг анх 1984 онд “Шонхор” нэрээр зохион байгуулж эхэлсэн. Энэ жил улсын аварга шалгаруулах тэмцээнд 29 багийн 400 гаруй тамирчин өрсөлдсөнөөс
- Тэргүүн байрт Э.Өсөхбаяр тасгийн захирагч, Б.Дэлгэрмаа дасгалжуулагчтай, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Цасны барс” тасаг
- Дэд байрт С.Энхбаяр тасгийн захирагч, Б.Батцог дасгалжуулагчтай, нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Хар сүлд” тасаг
- Гутгаар байрт А.Ганбаяр тасгийн захирагч, Ч.Гаваа дасгалжуулагчтай, Өвөрхангай аймгийн “Ав хайрхан” тасаг
- Тусгай байрт З.Төгөлдөр тасгийн захирагч, Т.Ганболд дасгалжуулагчтай, нийслэлийн Багануур дүүргийн “Соёмбо” тасаг
- Мөн тусгай байрт Ж.Төгсжаргал тасгийн захирагч, А.Мөнхсувд дасгалжуулагчтай нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Алтан-Од” тасаг тус тус шалгарсан байна.

Багийн ажиллагаа, эв нэгдлийн илэрхийлэл болсон уг тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдаас дараах хүмүүс өнөөдөр шагнал гардлаа.
Нийслэлийн Засаг даргын Жуух бичгээр
- Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Навудчик-оператор, ахлагч А.Өнөмөнх
- Сонгинохайрхан дүүрэг дэх Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Тоотын захирагч, ахлах ахлагч Д.Далайцэрэн
- Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Химийн ахлагч, Сургагч ахлагч С.Очгэрэл
- Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Төлөвлөлтийн офицер, ахлах дэслэгч Н.Мөнгөнхөлөг
- Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тоотын дарга, ахлах ахлагч Д.Адьяа
- Хилийн 0151 дүгээр ангийн Штабын дарга, дэд хурандаа Б.Одсүрэн
- Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Т.Ганболд
Нийслэлийн Боловсролын газрын “Шилдэг ажилтан” тэмдгээр
- Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 38 дугаар сургуулийн биеийн тамирын багш Г.Түвшинжаргал
- Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн биеийн тамирын багш Б.Батцогт
- Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 60 дугаар сургуулийн биеийн тамирын багш Х.Ганболд
Нийслэлийн Боловсролын газрын “Багшийн алдар” тэмдгээр
- Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 124 дүгээр сургуулийн биеийн тамирын багш Х.Хулан
- Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн биеийн тамирын багш А.Мөнхсувд
- Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Я.Үүрцайх
- Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109 дүгээр сургуулийн Биеийн тамирын багш Ч.Есөнтөмөр
Нийслэлийн Боловсролын газрын “Багшийн алдар” тэмдгээр
- Багахангай дүүргийн ерөнхий боловсролын “Хангай” цогцолбор сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш Р.Болортуяа.
“Манлай сурагч” алтан медалиар
- Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 38 дугаар сургуулийн 12/2 ангийн сурагч М.Анударь
- Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 30 дугаар сургуулийн 12б ангийн сурагч З.Баясгалан
- Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 124 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Э.Ууганзаяа
- Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Б.Саруул
- Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Энхбаяр
- Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн 11б ангийн сурагч Т.Хурцгэрэл
- Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109 дүгээр сургуулийн 12/1 ангийн сурагч Б.Ихбаяр
- Багахангай дүүргийн ерөнхий боловсролын “Хангай” цогцолбор сургуулийн 11б ангийн сурагч Ц.Содбаяр тус тус шагнагдсан юм.


Шударга мэдээ
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсжээ
Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (М2) 2026 оны зургаадугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 26.6 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3 хувь), төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3 хувь), валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4 хувь) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Мөн 2026 оны зургаадугаар сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөг болсон байна. Үүнээс чанаргүй зээл 2.5 их наяд төгрөг, анхаарал хандуулах зээл 1.2 их наяд төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн зургаадугаар сарын валютын сарын дундаж ханшаар 1 ам.доллар 3576.65 төгрөг, 1 евро 4117.99 төгрөг, 1 юань 527.86 төгрөг, 1 рубль 48.40 төгрөг байсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны зургаадугаар сарын урьдчилсан гүйцэтгэл болохыг Үндэсний статистикийн хороо онцолжээ.

Шударга мэдээ
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Шударга мэдээ
Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгдлээ
Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний Ч:67 “Морин-Нисэх”, Х:7 “Туул тосгоны шинэ эцэс-Хангарьд ордон” чиглэлийн замналд “Шатахуун хангалтын алба” урд, хойд зогсоолыг шинээр нэмэв.


Мөн Х:15 “Жаргалант партизан-5 шар”, Х:21 “5 шар-Ногоон толгойн эцэс” чиглэлийн замналд “361 гарам” урд, хойд зогсоолыг шинээр нэмж, дээрх хоёр чиглэлээс гадна Х:14 “Баруун түрүүн-5 шар” чиглэлийн замналд “Баруун түрүүн засвар 3” урд, хойд зогсоол шинээр нэмэгдлээ.



Х:4 “10 шар байр-Шилжрээ” чиглэлийн замналд “Тэрэлж баруун салаа”, “Болор”, “Өгөөмөр”, “Монде тур”, “Шугуй” баруун, зүүн “UB 2”, “Ганц мод”, “Мэлхий хад” хойд, урд зогсоолуудыг нэмж, чиглэлийн нэршлийг Х:4 “Налайх(119-р цэцэрлэг)-Тэрэлж(шилжрээ)” болгон өөрчлөв.

Дээрх замналын өөрчлөлтийг долоодугаар сарын 1-ны өдрөөс мөрдөж эхэлнэ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.
-
Шударга мэдээ2020/07/24
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2022 оны 7 дугаар сард ашиглалтад о...
-
Шударга мэдээ2020/03/18
ОХУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
-
Цаг үе2021/03/22
Монгол Улсын нийт хүн амын 3.9 хувь нь Казах угсаатан байна
-
Цаг үе2020/01/08
Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
