Цаг үе
Ойрын өдрүүдэд Улаанбаатар хот орчимд өдөртөө 0-4 хэм, шөнөдөө 4-9 хэм хүйтэн байх төлөвтэй байна
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд сүүлчийн өдрүүдэд их хэмжээний цас орсны улмаас Багахангай дүүргийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд ачааны болон суудлын 70 гаруй автомашины хөдөлгөөнийг саатуулсан.
Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруун турууны авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор цас орсонтой холбоотой аюулт үзэгдэл, ослын дуудлага ирээгүй зам даваа хаагдаагүй автомашины хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Алба хаагчдын бэлтгэл бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна.
Цасанд боогдсон дуудлагаар ажилласан байдал:
1. Налайх дүүргийн 6-р хороо Тэрэлжийн даваа, Шинэ гүүрний даваанд 80 орчим автомашиныг аюулгүй бүсэд гаргах ажлыг Онцгой байдлын хэлтсийн 34 алба хаагч, 8 автомашинтай үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
2. Төв аймгийн сэргэлэн сум Багахангайгаас Цэргийн ангийн ажилчдын кемп явах зам, БХД-ийн 1 дүгээр хороо үйлдвэрийн бүсийн Хөнгөн цагааны үйлдвэр явах зам дагуу 10 гаруй автомашин цасан суусан дуудлагаар дуудлагаар Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 16 алба хаагч, 5 нэгж техник, "Хот тохижилт"-оос 1 ковш, 1 цас түрэгч автомашин, "Илч орд" ОНӨАТҮГ-ын 1 ковштой аюулгүй бүсэд гаргахаар ажиллаж байна.
3. Багануур дүүрэгт төөрсөн 1 удаагийн дуудлагаар Онцгой байдлын хэлтсийн 18 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж байна. Мөн мэргэжлийн ангиас Багануур АЗЗА компанийн 2 шуурхай бүлэг Төв аймгийн Эрдэнэ суманд 10 хүний бүрэлдэхүүнтэй 2 техниктэй, Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж байна.
Цаг агаарын төлөв байдлын талаар:
Улаанбаатар хотод 17:00 цаг, Багахангай, Багануур, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 20:00 цагт үргэлжлэн орж байгаа цас намдах төлөвтэй байна.
Ойрын өдрүүдэд Улаанбаатар хот орчимд өдөртөө 0-4 хэм, шөнөдөө 4-9 хэм хүйтэн, Багахангай, Багануур, Налайх дүүрэгт өдөртөө 4-9 хэм, шөнөдөө 14-19 хэм хүйтэн байх төлөвтэй байна.
Цаг үе
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна
Улаанбаатар хотын дүүжин замын тээврийн системийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангах хүрээнд ачаалалтай болон онцгой нөхцөлд туршилтуудыг үе шаттай хийж байна.
Тодруулбал, өнөөдрөөс эхлэн 750 кг хүртэлх ачаа байршуулсан кабины туршилтыг хийж, энэ үеэр системийн моторын тоормос болон аюулгүйн тоормоснуудыг зориудаар ажиллуулж, хэвийн бус нөхцөлд хэрхэн ажиллахыг шалгаж буй. Үүний улмаас кабинууд хүчтэй савлах, гэнэт түр зогсох зэрэг хөдөлгөөн ажиглагдах бөгөөд энэ нь системийн аюулгүй ажиллагааг баталгаажуулах туршилтын нэг хэсэг юм.

“Пома групп”-ийн барилгын инженер Жуан Муниер “Манай компани дэлхийн 90 орчим улсад энэхүү төслийг хэрэгжүүлсэн туршлагатай. Монголынхоос ч хүйтэн өвөлтэй, зуны улиралд хэт халдаг зэрэг эрс тэс уур амьсгалтай орнуудад системийг амжилттай нэвтрүүлсэн. Эдгээр улсад суурилуулсан системүүд өнөөдрийг хүртэл аюулгүй, хэвийн ажиллаж байна. Улаанбаатар хотод хийж буй дүүжин замын тээврийн төсөл стандартын дагуу, үе шаттай хэрэгжиж, эхний туршилтууд үргэлжилж байна. Тус 750 кг ачаатай кабины туршилтуудыг бүрэн дуусгаснаар төслийн ажил дуусах шатандаа орно. Иймд иргэд та бүхэн санаа зовох зүйлгүйгээр дүүжин замын тээврээр үйлчлүүлэх боломжтой” гэв.
Мөн өвөл ган татлагад мөс тогтох эрсдэлийн талаар мэргэжилтнүүд тайлбарлалаа. Дүүжин тээврийн ган татлага нь системийн ажиллагааны явцад байнгын хөдөлгөөнтэй байдаг тул нэг цэгт удаан хугацаагаар тогтож хөлдөх, зузаан мөсөн бүрхүүл үүсэх нөхцөл харьцангуй бага аж. Түүнчлэн буудлын хэсэгт татлага дамраар эргэлдэх үед үүсэх үрэлтийн дулаан нь мөс тогтохоос сэргийлдэг байна.
Харин тээвэрлэлт явагдаж байх үед цахилгаан тасарсан тохиолдолд нөөц генератор автоматаар ажиллаж, кабинуудыг буудалд хүргэх боломжтой. Мөн бүх кабинд радио холбоо суурилуулсан бөгөөд шаардлагатай үед зорчигчдод шуурхай мэдээлэл, зааварчилгаа өгч, аюулгүй байдлыг хангах юм.

Ийнхүү дүүжин замын тээврийн системийг ашиглалтад оруулахын өмнө ачаалал, тоормос, цахилгаан хангамж болон онцгой нөхцөл дэх ажиллагааг нарийвчлан шалгаж, аюулгүй, найдвартай үйлчилгээнд бэлтгэж байна.
Цаг үе
Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ
Улаанбаатар хотын авто зогсоолын хүртээмж, ашиглалт, менежментийг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийн II хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд авто зогсоолд тавих ерөнхий шаардлага, журмын хэрэгжилт, эрх зүйн орчин, олон улсын жишиг, сайн туршлагын талаар танилцууллаа.

Ажлын хэсэг авто зогсоолын төлөвлөлт, зохион байгуулалт, тэмдэг тэмдэглэгээний стандартыг олон улсын жишиг, сайн туршлагад нийцүүлэн шинэчлэх, зогсоолын байршил, бүсчлэлд үндэслэн төлбөрийн ялгаатай тариф тогтоох, нийтийн эзэмшлийн авто зогсоолын төлбөр хураах журам болон холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв.
Мөн Дэлхийн банкны дэмжлэгтэй хэрэгжүүлэх “Ухаалаг авто зогсоол” төслийн бэлтгэл ажил, санхүүжилтийн явцын талаар мэдээлэл солилцож, төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хөндлөө.

Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн, холимог эзэмшлийн бүх авто зогсоолыг хамруулан дахин тоолж, нэгдсэн бүртгэл үүсгэх, зогсоолын ашиглалт, эзэмшилтэй холбоотой гэрээ, хэлцэл, тэдгээрийн хэрэгжилтийг шалгаж судлах шаардлагатайг онцлов.
Түүнчлэн авто зогсоолын төлбөрийн шинэ тарифын талаар иргэдийн санал, байр суурийг судалж, цаашдын зохицуулалтыг бодит нөхцөл байдал, олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсруулахыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг болголоо.






Цаг үе
Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Нийслэлийн Улаанбаатар театр үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатар хотын соёл, урлагийн түүхэн замнал ба Улаанбаатар театрын хөгжлийн бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2026 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Тус хурал нь нийслэл хотын соёл, урлагийн түүхэн хөгжил, хотын амьдралын хэв маягийн өөрчлөлтийг судлан хэлэлцэх, Улаанбаатар театрын цаашдын хөгжлийн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох зорилготой юм.

Хурлыг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Алтанхуяг чиглүүлэн явуулж, доктор (Ph.D) Пэрэнлэйн Нямлхагва “Өргөө хотоос Нийслэл хүрээ хүртэлх урлагийн хөгжлийн товчоолсон тойм”, доктор (Ph.D) Данзангийн Энхцэцэг “Миний Улаанбаатар баримтат киноны дуу хөгжмийн илэрхийлэл”, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Чойжамцын Буянхишиг, доктор (Ph.D) Дэлгэрхүүгийн Наранцацрал “Орчин үеийн хотын амьдралын хэв маяг ба соёлын өөрчлөлт”, СУИС-ийн багш, магистр Гүргэлсүрэнгийн Төвшинтөр “Улаанбаатар театрын хөгжлийн бодлого” зэрэг нийслэлийн урлагийн түүх, кино урлагийн хөгжим, орчин үеийн хотын соёлын өөрчлөлт болон театрын хөгжлийн бодлогын талаар илтгэл хэлэлцүүлэв.




Эрдэм шинжилгээний бага хурлаар хэлэлцсэн илтгэл, дэвшүүлсэн санал, гаргасан дүгнэлтүүд нь нийслэлийн соёл, урлагийн салбарын бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох, театрын уран бүтээлийн хөгжил, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.





-
Улстөр нийгэм2021/05/28
Хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв
-
Үзэл бодол2019/09/10
Имартынхан Нийслэлийн Онцгой Байдлын газарт хүчилтөрөгчийн төхөөрөмж, аврах дэвж...
-
Цаг үе2019/06/16
Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
-
Улстөр нийгэм2022/02/22
Нийслэлд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 46.1 хувь нь эмэгтэйчүүд байна
