Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Аргентины дэд ерөнхийлөгч авлигын хэрэгт буруутгагджээ

Огноо:

,

Аргентин Улсын шүүх тус улсыг донсолгосон авлигын хэргээр дэд ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнерт зургаан жилийн хорих ял оноолоо.

Өдгөө 69 настай Фернандес нь олон нийтийн ажил гүйцэтгэх гэрээг найзтайгаа байгуулах замаар улсын мөнгийг хууль бусаар шамшигдуулж, "хууран мэхэлсэн" хэрэгт буруутгагджээ. Гэвч тэрээр шоронд суух магадлал багатай юм.  Фернандес нь Засгийн газраас олгосон тодорхой хэмжээний эрх дархтай байдаг бөгөөд давж заалдах процессыг уртасгах төлөвтэй байна. Мөн түүний төрийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасах хэдий ч хэргийг дээд шатны шүүхээр хэлэлцэх хүртэл тэрээр дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг үргэлжлүүлэн хаших болно. Прокуророос түүнд 12 жилийн хорих ял төлөвлөж байсан.

Фернандес хэлэхдээ түүний буруутгагдаж байгаа уг хэрэг нь улс төрийн зорилготой гэж мэдэгджээ. Шүүхийн шийдвэр гарсны дараа тэрээр өөрийгөө "шүүхийн мафийн хохирогч" гэж тодорхойлсон хэмээн “Ассошиатэд пресс” агентлаг мэдээлэв. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө тэрээр прокуроруудыг худал хэлж, өөрийг нь гүтгэсэн гэж буруутгаж байсан юм.

Энэхүү хэрэг нь Бүгд Найрамдах Аргентин Улсын дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших явцад гэмт хэрэгт холбогдсон анхны тохиолдол болж байна. Прокурорууд Фернандесийг 2007-2015 онд Аргентины ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хууль бус түншлэлийг удирдаж байсан гэж мэдэгджээ. Тэд түүнийг өөрийн танил тал, найзуудаа ашиглан олон нийтийн гэрээ байгуулж мөнгө угаах, улсын хөрөнгийг шамшигдуулах схемийг зохиож, удирдсан гэж мэдэгджээ.

Барилгын компанийн эзэн, бизнесмен Лазаро Баезыг дээрх схемийн гол ашиг хүртэгч гэж буруутгаж байсан бөгөөд түүнд зургаан жилийн хорих ял оноосон. Тэрээр өнгөрсөн онд мөнгө угаасан хэргээр 12 жилийн хорих ял сонсоод байсан юм. Тус хэрэгт өөр 11 хүн холбогдсоноос тэдний долоог нь гэм буруутайд тооцож тус тус 3-6 жилийн хорих ял оноож, гурван хүнийг нь суллаж, нэг хүний хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Прокурорууд Фернандесийн нэр дэвшсэн газар болох Санта Круз мужид зарласан олон нийтийн ажлын тендерүүдэд зөрчил илрүүлсэн гэж мэдэгдэв. Тус мужид төлөвлөгдсөн барилгын төслүүд хэзээ ч бүрэн гүйцэт дуусаагүй юм. Прокурор Диего Лучиани дээрх хууль бус ажиллагааг "улс орны хүрээнд болсон хамгийн том авлигын үйл ажиллагаа байж магадгүй" гэж тодорхойлсон. Мөн тэрээр Фернандесийн зохиосон мөнгө угаах схем нь Аргентин Улсыг дор хаяж 1 тэрбум долларын (818 сая фунт стерлинг) алдагдалд оруулсан гэж мэдэгджээ.

Фернандес нь түүний эсрэг яригдаж буй бүх мэдээллийг эрс няцаасан. Энэхүү хэрэг нь Аргентин Улсын иргэдийн дунд ихээхэн тархсан бөгөөд Фернандесийг дэмжигчид болон үзэн ядагчид гэж хуваагдахад хүргээд байгаа юм. Фернандесийн дэмжигчид нь түүний Буэнос-Айрес дахь байрны гадаах гудамжинд гарч, дэмжиж байгаагаа илэрхийлж, шүүмжлэгчидтэй нүүр тулан тэмцсээр байна.

9-р сарын 1-нд болсон эдгээр цуглаануудын нэгийнх нь үеэр Фернандес нь халдлагад өртсөн. 35 настай  нэгэн эрэгтэй дэд ерөнхийлөгчийн толгой руу буу чиглүүлсэн боловч түүнийг онилох үед зэвсэг нь гацсан байна. Уг этгээдийг хүн амины хэрэг үйлдэхийг завдсан гэж буруутган шалгаж байна.

Хатагтай Фернандес нь шүүхээс буруутай гэж тогтоогдон шоронд хоригдох ял авсан хэдий ч шууд шоронд хоригдохгүй. Сонгогдсон сенаторын хувьд тэрээр тодорхой хэмжээний халдашгүй эрх эдэлдэг бөгөөд энэ нь түүнд Дээд шүүхэд давж заалдах хүртэл эрх чөлөөтэй байж, албан тушаалаа үргэлжлүүлэх боломжийг олгоод байна. Давж заалдах үйл явц олон жил үргэлжилж магадгүй тул 2023 оны сонгуульд тэрээр дахин сенатор, тэр байтугай ерөнхийлөгчийн сонгуульд ч нэр дэвших боломжтой юм.

Эх сурвалж:  https://www.bbc.com

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

ОБЕГ: Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна

Огноо:

,

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу гуравдугаар сарын 31-нд Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн нутгаар, дөрөвдүгээр сарын 1-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, 2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх төлөвтэй байна.

Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

Ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

ГССҮТ-ийн эмч нар бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах 200 дахь мэс заслыг амжилттай хийжээ

Огноо:

,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвуу, нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн эмч нар бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах 200 дахь удаагийн мэс заслаа амжилттай хийлээ.

Тухайлбал, 2023 оны гуравдугаар сарын 7-ны өдөр мах зорогч машинд бугуйны түвшингээр бүрэн тасарсан өвчтөний гарыг эргүүлэн залгах мэс засал хийсэн нь амжилттай болж, өдгөө шарх бүрэн эдгэрч үйл ажиллагаа нь сэргэж эхэлсэн байна.

Мэс заслын баг бүрэлдэхүүнд оператор эмчээр Анагаах ухааны доктор, профессор, зөвлөх эмч С.Баатаржав болон ассистент эмч Ц.Мөнх-Очир, Э.Мөнхбат, мэдээгүйжүүлгийн эмч Б.Гүн-Үйлс, хагалгааны сувилагч н.Болортуяа, н.Одонтунгалаг, мэдээгүйжүүлгийн сувилагч н.Ганцэцэг, асрагч н.Алтанчимэг, н.Нарангэрэл нар багтжээ.

Ташрамд дуулгахад, ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт жилд 150 мянга орчим хүн үйлчлүүлдэг бөгөөд 1.3 орчим хувь нь буюу 2000 орчим хүн мөчдийн /хуруу, сарвуу, гар, хөл г.м/ хагас болон бүрэн тасарсан гэмтэлтэй гэсэн оношийн дагуу анхдагч цэгцэлгээ, арьс нөхөх, орчны эдээр нөхөх, судсан сурвалжит эдээр нөхөх, чөлөөт эд шилжүүлэн суулгах, эргүүлэн залгах зэрэг мэс заслын эмчилгээ хийлгэдэг байна.

Тус төвд анх 1985 оноос эхлэн тасарсан хөл, гарыг эргүүлэн залгах мэс засал хийж, 2003 оноос хойш бүрэн тасарсан хурууг эргүүлэн залгах мэс заслыг тусламж үйлчилгээний практикт нэвтрүүлсэн аж. Түүнээс хойш хагас болон бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах мэс засал нийт 10.000 орчим хийгдсэн гэж ГССҮТ-өөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн анхаралд!

Огноо:

,

Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ нь Компанийн тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.4 мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 377 дугаар тогтоолоор баталсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-д тус тус заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрөөс өмнө хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах үүрэг хүлээдэг.

Энэ жилийн хувьд ТУЗ нь гуравдугаар сарын 21-ний өдрийн дотор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах тухай шийдвэрийг гаргаж Хороо болон Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй. Энэ дагуу өнөөдөр /2023.03.30/-ийн байдлаар нийт 177 ХК ээлжит хурал хуралдуулах тухай мэдэгдлээ Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлээд байна. 

Нөгөөтэйгүүр компанийн хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 3.3-т заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хуралдаа оролцож, компанийн үйл ажиллагаатай холбоотой саналаа өгч, үүргээ хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Харин холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулаагүй тохиолдолд хувьцаат компанийн ТУЗ нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д заасны дагуу эрх зүйн үр дагавар үүсдэг болохыг хувьцаат компаниудад  анхааруулж байна.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдэл ирүүлсэн компаниудын судалгаатай энд дарж танилцана уу.

Санхүүгийн зохицуулах хороо

Дэлгэрэнгүй унших

Санал болгох