Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

У.Хүрэлсүх: Хархорум хот Монгол Улсын хөгжлийн шинэ төв болох боломжтой

Огноо:

,

Эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэж байна.


Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа манай улсын ард иргэд ээ. Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ. Эрхэм хүндэт зочид оо.

Та бүхэнд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 111 жилийн ой, өлзий дэмбэрэл бүрдсэн энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Эдүгээгээс 800 жилийн тэртээ, Эзэн Чингис хаан их ор суусан 15 дугаар он, Цагаан луу жил буюу нийтийн тооллын 1220 онд Их хаан Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг монгол түмний ариун гал голомт, Орхон голын уудам хөндийд байгуулах зарлиг буулгаж байсан түүхтэй.

Орхон голын хөндий нь нүүдэлчдийн анхны төрт улс болох Хүннү гүрний Луут хот, Уйгурын Хар балгас, Тахай балгас хэмээх нийслэл хотууд сүндэрлэж байсан манай улсын түүх, соёл, төрт ёсны голомт нутаг байсан юм.

Хархорум хотыг цогцлоон хөгжүүлэх Их хааны үйл хэргийг Өгэдэй хаан нэр төртэй үргэлжлүүлж, Гүюг, Мөнх хааны үед хотын суу алдар дэлхий даяар түгэн мандсан түүхтэй билээ.

Эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид Евроазийн өргөн уудам нутагт өрнө дорнын олон үндэстэн хоорондын дайн тулаан, зөрчил тэмцэлдээнийг зогсоож, дэлхий ертөнцөд “Монголын их амар амгалан”-г тогтоон, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлж, оюун санаа, шашин шүтлэг, худалдаа арилжаа, соёл, урлаг, шинжлэх ухаан хийгээд тухайн үеийн хүний нийгэм хөгжин дэвжих таатай нөхцөлийг бүрдүүлж чадсан.

Их Монгол Улс тухайн цаг үед дэлхийн улс төр, эдийн засгийн төв байсныг гэрчлэх түүх, соёлын өв бол эртний нийслэл Хархорум хот юм.

Хархорум хотод олон газрын эрдэмтэн мэргэд, уран бүтээлчид, гар урчууд, худалдаачид, орон орны хаад язгууртны элч төлөөлөгчид аж төрж, морилон саатдаг дэлхийн соёл иргэншлүүдийг холбосон гүүр, Евразийн худалдаа арилжааны төв байсан юм.

Хархорум хотод хийсэн археологийн судалгаанаас харахад, Эзэнт гүрэн нь хот сууринтай, нарийн зохион байгуулалт бүхий засаг захиргааны нэгжтэй, соёл, боловсрол өндөр төвшинд хөгжсөн, шашин, соёлын олон янз байдлын ардчилсан зарчим тогтож байсан нь илэрхий байна.

Мөн өрнө, дорныг холбосон Хархорум хотод Ислам, Христос, Буддын зэрэг олон шашинтан нэг дор зэрэгцэн амьдарч, худалдаа наймаа хийж, өөр хоорондоо ойлголцон, дайн байлдаан, зөрчил тэмцэлгүй амар амгалан аж төрөх боломжтойг нотлон харуулсан, хүн төрөлхтний түүхэн дэх “Энх тайвны бэлгэ тэмдэг” байсан гэж хэлж болохуйц хот байлаа.

Хархорум хотын талаар Ромын пап IV Иннокентийн элч Плано Карпини, Персийн түүхч Ата-Малик Жувейни, Францын хаан IX Людовикийн төлөөлөгч Гийом де Рубрук, Италийн худалдаачин Марко Поло, Ираны түүхч Рашид ад-Дин зэрэг дэлхийн нэртэй түүхч эрдэмтэд, элч төлөөлөгчдийн ном бүтээл, аяллын тэмдэглэл, түүнчлэн “Монголын нууц товчоон”, “Юань Улсын судар”, “Мин Улсын судар” зэрэг чухал түүхэн сурвалж, “Хархорумын гэрэлт хөшөө” зэрэгт тодоор тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Тухайлбал, Гийом де Рубрук “Хархорум хотыг орд харш, засаг захиргааны байшин барилгуудтай, олон улс орны Амбан сайдын төлөөлөгчийн газартай, худалдаа наймааны захууд, гар урлал, үйлдвэрийн газруудтай космополитан буюу олон соёлын дэлхийн хот” хэмээн тодорхойлж байжээ.

Мөн Сирийн түүхч Аль-Умари 1340 онд Хархорум хотыг дүрслэн бичихдээ “… гайхамшигтай сайхан хот, Эзэн хааны цэргийн дийлэнх нь байрладаг томоохон хуаран, үнэт гоёмсог, сүлжмэл эдлэл, тансаг эд агуурсын төв” гэжээ.

Дээрх түүхэн сурвалжийн мэдээ сэлтэд үндэслэн Германы нэрт археологич, профессор Ханс-Георг Хюттель “Хархорум хот Монголын Их эзэнт гүрний нийслэл хот болохын хувьд Эзэнт гүрний харьяанд байсан олон үндэстэн угсаатны соёл, шашин шүтлэгийн янз бүрийн урсгалыг өөртөө агуулж байсан халуун цэг, дундад зууны үеийн Төв Азийн ертөнц дэх дахин давтагдашгүй онцлог бүхий төвлөрөл байсан юм.

Аливаа шинэлэг таньж мэдэхгүй юм бүхэнд туйлын нээлттэй, хүлээцтэй ханддаг Монголын хаадын хичээл зүтгэлээр Хархорум хот нь XIII-XIV зууны үеийн олон соёлын нэгдэл болж байсан” гэж бичсэн байдаг.

Олон зуун түүхэн сурвалж, археологийн судалгааны баримт нотолгоонд үндэслэн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороо 2004 онд Орхоны хөндийн түүх, соёлын дурсгалуудыг хүн төрөлхтний түгээмэл үнэ цэнт соёлын өв мөн болохыг хүлээн зөвшөөрч, “Соёлын дурсгалт газар” ангиллаар Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авсан билээ.

Их эзэн Чингис хаан болон түүнийг залгамжилсан их хаадынхаа үйл хэргийг бид судлан шинжилж, хадгалан хамгаалж, улс орондоо төдийгүй дэлхий ертөнцөд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх нь Эзэн хаанаараа овоглосон Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа бидний эрхэм үүрэг мөн.

Тиймээс өвөг дээдсийн байгуулсан төрт ёс, түүх, соёлын үнэт зүйлийг шингээсэн, тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцсэн, нүүдлийн болон суурин соёл, уламжлалыг орчин үеийн чиг хандлагатай хослуулсан, түүх, соёл, аялал жуулчлалын жишиг, эко хот байдлаар Хархорум хотоо сэргээн байгуулах нь түүхэн ач холбогдолтой үйл хэрэг хэмээн үзэж байна.

Монгол Улс “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогодоо түүхийн өв соёлыг судлах, сурталчлах, хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх болон бүсчилсэн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор “2021-2030 онд Орхоны хөндийд шинэ хотын байршлыг тодорхойлж, Техник, эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ” гэж заасан.

Ялангуяа, төвлөрлөөс үүдэлтэй нийгэм, эдийн засаг, хүний эрүүл мэнд, байгаль экологийн хүндрэлтэй асуудлууд өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн, нийгмийн суурь үйлчилгээг хангасан, суурьшлын шинэ бүсүүдийг байгуулах нь нэн чухал байна.

Дэлхийн жишигт нийцсэн түүх, соёл, аялал жуулчлалын жишиг болсон эко хот бүтээн байгуулах нь манай орны хөгжилд нэн шаардлагатай бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг авах, гадаад улс орнуудын хөрөнгө оруулалтыг татах нэгэн шинэ чиглэл гэж үзэж байна.

Хархорум хот ирээдүйн Монгол Улсын хөгжил цэцэглэлтийг илтгэсэн, оюун санаа, шинжлэх ухаан, соёл, боловсрол, аялал жуулчлал, нийгэм, эдийн засгийн XXI зууны хөгжлийн шинэ төв болох боломжтой юм.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулан Монголын эртний төрт улсуудын ариун гал голомт болсон дэлхийн үнэт өв – Орхоны хөндийн түүх, соёлын дурсгалт газар нутагтаа Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гарган, Засгийн газарт чиглэл болгож байна.

Засгийн газар шинэ хот байгуулах асуудлыг нэн яаралтай судалж, хууль тогтоомжийн хүрээнд төслүүдийг Монгол Улсын Их Хуралд өргөн барих, эрх зүйн орчныг бүрдүүлэх, хотын хөгжлийн төлөвлөлт, Техник, эдийн засгийн үндэслэлийг шинжлэх ухаанчаар, орчин үеийн чиг хандлагатай нийцүүлэн цаг хугацаанд нь боловсруулах шаардлагатай байна.

Хархорум хотыг сэргээн байгуулах нь асар том бүтээн байгуулалт бөгөөд ихээхэн цаг хугацаа, төсөв хөрөнгө, нөр их хөдөлмөр, зүтгэл шаардагдах нь ойлгомжтой.

Гэвч монголчууд бид төр, засаг, ард түмнээрээ нэгдэн нийлж, нэгэн зорилгын төлөө тууштай зүтгэх аваас монгол хүний ур ухаан, хүч чадал, өвөг дээдэс, Их Монгол Улсынхаа ариун гал голомт болсон Хархорум хотыг сэргээн байгуулж чадна гэдэгт итгэл төгс байна.

Хархорум хотыг сэргээн байгуулах их үйл хэрэгт монгол хүн бүрийн хичээл зүтгэл, төр, хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, эв нэгдэл хамгийн чухал.

Түүхэн хотыг сэргээн байгуулах ажилд санал, санаачилга, идэвх зүтгэл гарган ажиллаж ирсэн үе үеийн Ерөнхийлөгч, төр, нийгмийн зүтгэлтнүүддээ гүн талархал илэрхийлье.

Хархорум хотын бүтээн байгуулалт монгол түмний эв нэгдэл, сүр хүчний бэлгэдэл, сайн цагийн угтал болон дахин сүндэрлэж, өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээнд өнө мөнхөд батжин оршиж, Монгол төрийн гал голомт үеийн үед мандан бадрах болтугай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Үзэл бодол

Л.Оюун-Эрдэнэ: Өвөрхангай мах, малын түүхий эд боловсруулах кластер аймаг болно

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ “Ноос ирээдүй” болон “Арьс ирээдүй” ХХК, “Өв эко мийт” орон нутгийн өмчит үйлдвэртэй танилцлаа. Өвөрхангай аймагт төрөлжин хөгжих хамгийн боломжит салбар нь мах, малын түүхий эд боловсруулах үйлдвэр. Энэ асуудлаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргана. Эхний ээлжинд тус аймагт олон улсын чанарын лабораторийг байгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөдөө, орон нутагт томилолтоор ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзалт хийж буй. Уулзалтын үеэр малын түүхий эдийн үнэ унасан, түүхий эд боловсруулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргахад төр бодлогоор анхаарах шаардлагатай гэсэн саналыг малчид хэлж буй.

“Шинэ сэргэлт”-ийн “Таван цагираг” хөтөлбөрбол 21 аймгаа бүсчлэн хөгжүүлж, “Мянганы зам”-ын дараагийн үе шат буюу аймгуудыг хооронд нь, боомтуудыг автозамаар холбож, дулаан, цахилгаанаар бүрэн хангах зорилт юм гэдгийг уулзалтын үеэр Ерөнхий сайд танилцуулж байгаа юм.

Өвөрхангай аймагт дээрх гурван үйлдвэртэй танилцах үеэрээ Ерөнхий сайдЛ.Оюун-Эрдэнэ “Таван бүс нутагт мах, малын түүхий эд боловсруулах үйлдвэрийн кластерыг Засгийн газар бодлогоор дэмжиж төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтрах бодлогоо зарлаад ажиллаж байна. Өвөрхангай аймаг Архангай, Булган, Баянхонгор, Төв, Дундговь, Өмнөговь  аймагтай хиллэн, баруун аймгуудын дамжин өнгөрөх гүүр болон оршиж буй томоохон суурин.

Тус аймгийн төв Арвайхээрийг Дундговь, Замын-Үүдтэй,  мөн Өмнөговь аймагтай, Шивээхүрэн, Гашуунсухайт боомттой хатуу хучилттай автозамаар холбох төлөвлөгөөтэй. Өвөрхангай мах, малын түүхий эд боловсруулах кластер аймаг болох бүрэн боломжтой. Малын вакцинжуулалтад анхаарах, гарал үүслийг нь цахимжуулж бүртгэх, эрүүл бүсийг бий болгох, гадаад улс орнуудаас тавьж буй стандартыг өндөр түвшинд мөрдөх шаардлагатай. Тиймээс Өвөрхангай аймагт олон улсын чанарын лабораторийг байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Эхний ээлжинд таван бүсэд, таван цагариг дотроо малын түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулчихвал малчдын амьдралд бодит орлого болж очно гэсэн хувилбар дээр Засгийн газар судалгаа хийж явна” гэж ярилаа.


 

"Ноос ирээдүй” ХХК 2013 онд Өвөрхангай аймгийн төвд салбараа байгуулжээ. Жилд 3000-4000 тн ноос, ноолуур боловсруулдаг, 150 гаруй ажилчинтай гэж үйлдвэрийн удирдлага танилцууллаа.
Үйлдвэр ноос угаах, самнах, эсгий туурга болон оёдлын цехтэй, самнасан ноос, эсгий, аяны болон энгийн хөнжил, олбог, гадуур хүрэм үйлдвэрлэж зах зээлд гаргадаг. Бүтээгдэхүүний чанарыг шалгах, хянах бүх төрлийн тоног төхөөрөмж суурилуулсан бөгөөд бүтээгдэхүүнд стандарт, хэмжил зүйн үндэсний тохирлын гэрчилгээ авчээ.

Түүхий эдээ орон нутгийн болон баруун аймгуудын малчдаас худалдан авч агуулахад хадгалж, үйлдвэрийн дамжлага руу оруулж байна. Ялгах, самнах, угаах, эсгий туурганы цехтэй. Угаах цехээс гарсан лаг шаврыг ашиглан барилгын материал, үйлдвэрлэн дотооддоо ашиглаж байна.

“Ноос ирээдүй” ХХК нь 2021 онд “Арьс ирээдүй” ХХК-ийг байгуулсан. Жилд нэг сая арьс, ширэнд анхан шатны болон гүн боловсруулалт хийх хүчин чадалтай үйлдвэр.  Үйлдвэрийн дэргэд хоногт 400-500 тн ус цэвэрлэх байгууламж барьж 100 орчим ажлын байр бий болгожээ. Тус үйлдвэр нь орон нутгийн иргэдээс болон зэргэлдээх аймгуудаас бог, бодын арьс, ширийг Улаанбаатарын ханшаар худалдан авдаг байна.   

"Өв эко мийт” үйлдвэр 2009 онд ашиглалтад орсон, Архангай, Өвөрхангай, Завхан, Булган, Дундговь, Говь-Алтай, Ховд зэрэг аймгаас мал, мах бэлтгэдэг, хоногт 1000-1200 бог, 250-300 бод мал төхөөрөх хүчин чадалтай, 90 ажилчинтай. Бүтээгдэхүүнээдотоодын зах зээл болон Хятад, Иран зэрэг улсад экспортод гаргадаг, энэ онд Иран улсад 100-150 мянган хонины мах нийлүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж буй ажээ.


 
 

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Д.Сумъяабазар: Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулахад бүх талаар дэмжиж ажиллана

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, үйлчилгээг иргэдийн хэрэгцээ, шаардлага, стандартад нийцүүлэх талаар санал солилцож, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ. Уулзалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг төр, хувийн хэвшлийн 20 орчим байгууллагын удирдлага хийгээд холбогдох албаныхан оролцсон юм.

Энэ үеэр Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Б.Жавхлантбаатар “Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр парк шинэчлэл хийж буй. Тодруулбал, 2020 оноос хойш цахилгаан 79 автобус, “Евро 5” дизель хөдөлгүүрт их багтаамжийн 284 автобус, хоёр давхар, цахилгаан эх үүсвэрээр ажилладаг 10 автобус, хүүхдийн 75 автобус, дунд багтаамжийн хоёр автобус, нийт 450 автобусаар парк шинэчлэл хийгээд байгаа юм. Харин 2023-2024 онд их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600, цахилгаан хөдөлгүүртэй 160, дунд багтаамжийн 50 автобус, нийт 810 тээврийн хэрэгслээр парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд 2023 оны есдүгээр сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл нийт 704 автобус оруулж ирэхээр төлөвлөж байна” гэлээ.

Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг өвлийн цагийн хуваарьт шилжүүлэн, есдүгээр сарын 15-наас шөнийн тээврийн үйлчилгээг найман чиглэлд явуулж эхэлжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Нийтийн тээврийн үйлчилгээ хүртээмжтэй, стандарт хангасан байх ёстой. Энэ зорилгын төлөө бид ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүд ч мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, санхүүгийн сахилга баттай байх хэрэгтэй. Судалгаагаар манай баримталж ирсэн бодлого иргэдийг нийтийн тээврээр зорчихгүй байхад чиглэсэн байна. 2007 онд нийслэлийн иргэдийн 67 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлж байсан бол энэ тоо 2022 онд 34 хувь болж буурсан.

Улаанбаатар хотод нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, метро нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ хүрээнд Ажлын хэсэг байгуулж, холбогдох судалгаа, ажлуудыг хийж байна. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр автобуснуудын иж бүрэн парк шинэчлэл хийж байгаа. Мөн маршрут, төлөвлөлтийг шинэчлэх шаардлагатай. Нийт 1220 гаруй автобусаар парк шинэчлэл хийж буй. Өмнө нь ийм хэмжээний парк шинэчлэл хийж байгаагүй. Түүнчлэн хотын хөгжлийг боомилж буй хуулиудыг өөрчлөхөөр Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулж байна.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид зөвхөн үр дагавартай зууралдаж ирсэн. Одоо Нийслэлийн Засаг даргын дэргэд Бодлогын судалгаа, шинжилгээний төв байгуулагдаж, эрдэм шинжилгээний байгууллага, судалгааны төвүүд, их, дээд сургуулийн эрдэм шинжилгээний 30 гаруй хүрээлэнтэй хамтран шалтгаанд суурилсан бодлого гаргахаар ажиллаж байна гэлээ.

Нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд хүний нөөцийн хомсдол хамгийн их тулгамддаг асуудал гэдгийг хэлж байв. Мөн компаниуд хувиараа автобусны нөхөн хангалтыг хийдэг боловч автобусыг үйлчилгээнд гаргадаггүй. Иймээс бодлого, менежмент, зохион байгуулалтаа сайжруулах санал гаргаж байлаа. Түүнчлэн парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирж буй автобуснуудын хуваарилалтыг хүртээмжтэй хийж, нөхөн төлөх боломжийг тодорхой, уян хатан болгох, нэмээд түлшний чанарыг сайжруулахгүй бол автобуснууд 2-3 жилийн дараа шаардлага хангахгүй болох эрсдэлтэйг хэлж байв. Тэрчлэн жолооч нарын цайны цаг 10 минут байдгийг 20 минут болгож уртасгах, ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдэх хэрэгтэйг онцоллоо.

Хотын дарга нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулахад аж ахуйн нэгжүүдийг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван гарцтай болно

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Алтанбулаг боомтын өргөтгөл шинэчлэл, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тус боомтыг өргөтгөж шинэчилж байна. Энэ хүрээнд зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн таван барилга, иж бүрэн инженерийн шугам сүлжээ, 6.000 м2 ногоон байгууламж, тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1.7 км урттай авто зам, 7.000 м2 авто зогсоол, 30.000 м2 зам талбай баригдана. Төслийг хоёр үе шаттай гүйцэтгэж байгаа бөгөөд одоогийн байдлаар авто зам болон зогсоолын ажил дуусах шатандаа явж байна. Ажлыг “Эйч кэ би интернэшнл холдинг” ХХК хийж гүйцэтгэжээ.

Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын нэгдүгээр хэсэг болох ачаа тээврийн терминал аравдугаар сарын 1-нд бүрэн ашиглалтад орно. Ингэснээр өнөөдрийг хүртэл түр байраар явж байсан боомтын үйл ажиллагаа шинэ байрандаа орох нөхцөл бүрдэнэ. Зорчигч тээврийн терминалын хэсгийг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар шамдаж байна гэж Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга танилцууллаа. Боомтын шинэчлэлийг бүрэн хийснээр Алтанбулаг боомтоор өдөрт нэвтрэх зорчигчийн тоо гурав, ачааны болон суудлын тээврийн хэрэгслийн тоо тус бүр дөрөв дахин нэмэгдэнэ гэж тооцож байна.


 
“Шинэ сэргэлтийн бодлогын хамгийн чухал зорилт бол боомтын сэргэлт. Өнгөрсөн хугацаанд манай улсад Замын-Үүд чиглэлийн ганцхан төмөр замаар ачаа эргэлт явж ирсэн. Засгийн газар ирэх хоёр жилд экспортын таван гарцтай болох зорилт тавьсан. Шивээхүрэн, Бичигтийн ажил дуусчихна. Зүүнбаян, Гашуунсухайт холбогдно. Замын-Үүдээ өргөтгөж байгаа. Дараагийн том зорилт бол гурван улсын коридор. Шивээхүрэнг Арцсуурьтай, Бичигтийг Эрээнцавтай, Замын-Үүдийг Алтанбулагтай холбоно.  Замын-Үүд Алтанбулагийн вагон депо дээр хүчин чадлыг нь нэмэх төсөл хэрэгжиж байгаа. Аравдугаар сард дуусна. Алтанбулаг, Замын-Үүдийг холбох зорилт тавьсан. Эдгээр шинэчлэлийг дагаад ачаа тээврийн эргэлт зөвхөн Монгол Оросын хооронд биш ОХУ, БНХАУ-ын хооронд экспортын гарц нээгдэж, Монгол транзит улс болох бодлого хэрэгжих боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, Алтанбулаг-Замын -Үүдийг хурдны зам, төмөр замаар, хос  царигаар холбох чиглэлийг БНХАУ-д айлчлах үеэрээ тавьсан. Удахгүй ОХУ-дхийх айлчлалын үеэрээ энэ асуудлыг тавина. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж эхэлснээр ДНБ-ий 43 их наяд орчмын эргэлтийг 75 их наядад авчирлаа. Замын-Үүд Алтанбулагийн чөлөөт бүс болон ачаа тээврийн терминалууд бусад олон улсынхэмжээнд эргэлтэд орж эхэлбэл ДНБ 100 их наяд хүрэх боломжтойг Ерөнхий сайд онцоллоо. Хувийн хэвшлийнхний олон жил хүлээсэн хөнгөлөлттэй тарифын асуудлыг Засгийн газар шийднэ. Ингэж чадвал малын түүхий эд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох  боломж бүрдэж, хөдөө аж ахуйн салбарт үсрэнгүй хөгжлийн гарц болно гэдгийг Ерөнхий сайд мэдэгдлээ.

 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа. Алтанбулагийн чөлөөт бүсэд импортоор орж ирж буй архи, согтууруулах ундааны худалдан авалттай холбоотойгоор зарим хязгаарлалт хийсэн бөгөөд үүнээс үүдэн хохирол амсаж буй талаар аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл Ерөнхий сайдад ярив. Холбогдох албаныхан архи согтууруулах ундааг татваргүй бүсээс иргэд арилжааны зориулалтаар авах тохиолдол газар авсан тул зохицуулалт хийсэн хэмээн мэдээллээ. Ерөнхий сайд ГЕГ, ЭЗХЯ, Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн Ажлын алба зэрэг холбогдох байгууллагуудын төлөөллийг багтаасан Ажлын хэсэг байгуулж, асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох