Цаг үе
Замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл зургаар баталгаажуулж, холбоосоор илгээнэ
Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад нийт 2600 гаруй хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийг ашиглалтад оруулсан.
Ийнхүү өнгөрсөн хоёрдугаар сарын 5-наас иргэд, жолооч нар руу 130092 тусгай дугаараас зөрчил гаргасан талаарх сануулах зурвасыг илгээж эхэлсэн. Энэ нь ямар нэгэн торгуулийн мэдэгдэл бус замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх сануулга юм. Өнөөдрийн байдлаар иргэд, жолооч нар руу давхардсан тоогоор 348 мянган сануулах зурвасыг явуулсан байна.
Өмнө нь иргэдэд зөрчил гаргасан нь хиймэл оюун ухаанд бүртгэгдсэн талаарх зурвасыг илгээдэг байсан. Харин өнөөдрөөс буюу зургаадугаар сарын 2-ноос эхлэн иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний ямар дүрмийг, хаана, хэрхэн зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоос /линк/-оор илгээдэг боллоо.

Хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системтийн тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрмийн дараах зөрчлийг илрүүлэх боломжтой. Тодруулбал,
- Хурд хэмжих
- Гэрэл дохионы зөрчил илрүүлэх
- Чиглэлийн тээврийн эгнээний дүрэм зөрчсөн тохиолдлыг илрүүлэх
- Автобусны буудал дээр зогссон зөрчлийг илрүүлэх
- Эгнээ байр буруу эзэлсэн зөрчлийг илрүүлэх
- Агшин зуурын хурд хэтрүүлэх /Энэ нь жолоочийн яг одоо ямар хурдтай явж байгаа талаарх мэдээллийг өгдөг/
- Дундаж хурд хэтрүүлэх /Энэ нь тухайн аялал ямар хурдтай байсан талаарх том зураглал бүхий мэдээллийг өгдөг/
- Зогсох шугам давах, үргэлжилсэн цагаан зураас давах, урсгал сөрсөн зөрчлийг илрүүлэх
- Түр болон удаан хугацаагаар тээврийн хэрэгслийг байршуулсан зөрчлийг илрүүлэх
- Явган хүний зам болон ногоон байгууламж дээр тээврийн хэрэгслийг удаан хугацаагаар байршуулсан зэрэг зөрчлийг илрүүлж буй.

Харин өнөөдрийн байдлаар эдгээр зөрчлөөс эхний ээлжид гурван зөрчлийг илрүүлж, иргэд рүү сануулах зурвасыг илгээж байгаа юм. Тодруулбал,
- Зогсох шугам давж зогссон зөрчлийг илрүүлэх
- Эгнээ байр буруу эзэлсэн зөрчлийг илрүүлэх
- Зогсох шугам давах, үргэлжилсэн цагаан зураас давах, урсгал сөрсөн зөрчлийг илрүүлэн, мэдээллийг зурвасаар илгээж байна.

Түүнчлэн программ дээр ачаалал үүсэж байгаатай холбогдуулан сануулах зурвас хоцорч илгээгдэх тохиолдол ихээр гарч буй. Өөрөөр хэлбэл өмнөх өдөр гаргасан зөрчлийн талаарх мэдээлэл бүхий сануулах зурвас цаг хугацааны хувьд зөрчил гаргаснаас хойших хугацаанд иргэдэд хүрч байгаа гэдгийг "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Баярцэцэг онцолж байлаа.

Цаг үе
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаг үе
Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.
Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.
Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.
Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.
Цаг үе
Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
-
Цаг үе2023/12/20
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч хэвээр хадгалагдана
-
Шударга мэдээ2024/01/09
Хориглосон бүсээс мал гаргах ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгов
-
Улстөр нийгэм2024/01/26
Дал гаруй цэргийн алба хаагч өвөлжилт хүндэрсэн 6 аймагт ажиллаж байна
-
Цаг үе2023/11/22
Хөндлөнгийн үнэлгээний баг Дундговь аймагт ажиллалаа

