Улстөр нийгэм
Энэ сарын 22-ноос Замын-Үүд, Сайншанд чиглэлийн зорчигчийн галт тэрэг тус тусдаа аялж эхэлнэ
Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан иргэдийн хүсэлтээр 2023 оны нэгдүгээр сарын 22-ноос эхлэн одоо аялж буй Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн галт тэрэг хоёр салж, Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар болон Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар чиглэлд аялах болсныг мэдэгдье.
Тодруулбал, Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарьт дараах өөрчлөлт орно. Үүнд:
- Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 276/275 галт тэрэг Улаанбаатараас Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Бямба, Ням гарагт 16:50 цагт, Баасан гарагт 15:55 цагт хөдөлж, Замын-Үүд өртөөнд 07:20 цагт очно.
Харин Замын-Үүдээс өдөр бүр 18:05 цагт хөдөлж, Улаанбаатарт 09:20 цагт ирнэ.
- Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 286/285 галт тэрэгний хувьд Улаанбаатараас өдөр бүр 20:58 цагт хөдөлж, Сайншанд өртөөнд 07:30 цагт очно. Сайншандаас өдөр бүр 19:40 цагт хөдөлж, Улаанбаатар өртөөнд 07:07 цагт ирнэ.
- Дээрх цагийн хуваарийн өөрчлөлттэй холбоотойгоор Айраг-Бор-Өндөр-Айраг чиглэлийн зорчигчийн 609/610 галт тэрэгний хуваарьт дараах өөрчлөлт орж байна. Үүнд:
- Улаанбаатараас Пүрэв, Бямба гарагт 286 дугаар галт тэргээр явах бөгөөд Айраг өртөөнд салж, тус өртөөнөөс 610 дугаар галт тэргээр 06:15 цагт хөдлөн Бор-Өндөр өртөөнд 07:50 цагт хүрнэ. Ингэхдээ Айраг-Бор-Өндөр хоорондын замын 27, 38 дугаар км-т 2 минутын зогсолттой аялна.
- Бор-Өндөрөөс Баасан, Ням гарагт 609 дугаар галт тэрэг 20:15 цагт хөдөлж, Айраг өртөөнд 21:30 цагт очно. Айраг өртөөнөөс 285 дугаар галт тэргэнд холбогдон Улаанбаатарт Даваа, Бямба гарагт хүрнэ. Ингэхдээ Айраг-Бор-Өндөр хоорондын замын 27, 38 дугаар км-т мөн 2 минутын зогсолттой аялна.
Эх сурвалж: "УБТЗ"ХНН
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
