Цаг үе
Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн болон ХНХ-ын сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2, 20.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Т.Аюурсайханд Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлсэн билээ.
Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар Т.Аюурсайханд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс болон хэргийн оролцогч нарт нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой хүнтэй уулзахыг хориглох болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Т.Аюурсайхан өнөөдөр /2023.02.07/ УИХ-ын гишүүн болон Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт хүргүүлсэн байна.
Энэ талаар тэрбээр, "УИХ-ын гишүүнээс болон Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт гаргалаа.
УИХ-ын нэр бүхий гишүүний зүгээс намайг “нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдуулж мэдээлэл хийснээс үүдэн миний нэр хүндийг унагахад чиглэсэн шат дараатай, зохион байгуулалттай үйл ажиллагааг нийгмийн сүлжээгээр явуулах болсноор багагүй хугацаа өнгөрлөө. Олон нийтийн дунд ч томоохон эргэлзээ, хардлага бий боллоо. Над руу чиглэсэн энэхүү дайралтыг хэн нэгнийг хуулийн хариуцлагаас мултлах, зайлсхийлгэх зорилготой бусдын зохион байгуулалттай явуулга, үйл ажиллагаа гэж үзэхээс өөр аргагүй байна. Миний бие уг асуудлаар цаг тухайд нь зохих няцаалт, мэдэгдлүүдийг хийж ирсний зэрэгцээ хууль хяналтын байгууллагаар нэг мөр шалгуулж эцэслэхээ удаа дараа илэрхийлж, энэ чиглэлээр зохих алхмуудыг авч хэрэгжүүлж ирлээ.
Миний бие УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаас татгалзаж байж албан тушаалын аливаа нөлөөлөл, саад тотгоргүйгээр зохих ёсоор шалгуулж, хууль, шүүхийн өмнө үнэн мөнөө тогтоолгох хүсэлтэй байна.
Энэ асуудал нь надаар зогсохгүй Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа тул үүнээс сэргийлэх үүднээс Засгийн газрын гишүүн, сайдын албан тушаалаас ч сайн дурын үндсэн дээр чөлөөлөгдөх нь зүйтэй гэж үзлээ.
Засгийн газрын гишүүн миний бие хууль хяналтын байгууллагад шалгагдахын хажуугаар сайдын албыг эрхлэх нь ёс зүйн хувьд зохимжгүй учраас Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа.
УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллахдаа миний бие улс эх орон, ард түмнийхээ эрх ашгийн талд ямагт байж, улс төрийн тодорхой бүлэглэл, нөлөө бүхий хүмүүсийн эрх ашгийг хөндөж, тэмцэж, зүтгэж, хамтран зүтгэгч эрхэм нөхдийнхөө хамтаар олон бодит үр дүн гаргаж ажилласан билээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хийж, хэрэгжүүлэхээр өмнөө тавьсан зорилтоо энэ хүрээд орхиж байгаа хэдий ч, дөрвөн ч Засгийн газар дамнан яригдсан Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг яамныхаа хамт олны дэмжлэгтэйгээр Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх шийдвэр гаргуулсандаа баяртай байна. Энэхүү хуулийн төслүүд батлагдвал нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэд, хөдөлмөрчид болон тэтгэвэр авагч ахмадуудын олон жилийн хүлээлт, хүсэлт, зүй ёсны шаардлагад нийцсэн хууль эрх зүйн орчин бүрдэнэ гэдэгт итгэж байна.
Надад өндөр итгэл хүлээлгэж, УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгож, намайг дэмжиж, эрч хүч, урам зориг өгсөөр ирсэн иргэд сонгогчиддоо чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье." хэмээн өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдэгджээ.
Цаг үе
ЗГ: “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны тоог нэмж, 1500 болгов
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 29-нд болж, “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны тоог нэмж, 1500 болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ их, дээд сургуулийн багш, оюутан залуусын төлөөлөлтэй уулзалт хийсэн. Уулзалтын үеэр гарсан санал, хүсэлтийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж зарим шийдвэрийг гаргалаа.
Цэргийн сургуулиас бусад “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдах их, дээд сургууль, коллежийн оюутны тоог 2023 онд 1500 болгож, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгалаа.
Мөн оюутнуудыг зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд 2023 онд хамруулах, төрийн өмчийн их, дээд сургууль болон нийслэлийн номын сангуудыг оюутны шалгалтын үеэр 24 цагаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов.
Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн сургалтын байгууллагын сурагч, оюутанд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн картыг И-Монголиа систем ашиглан олгох, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих тоог нэмэгдүүлнэ. Мөн И-Монголиа систем И-студент цонхтой болсон, оюутнуудад төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг энэ цонхоор авах боломжтой боллоо.
Цаг үе
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 30-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байх боловч, 31-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, дөрөвдүгээр сарын 1-нд ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2023 оны гуравдугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 8-13 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн бэлчир, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 15-17 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 14-16 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 13-15 хэм дулаан байна.
2023 оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 04-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
31-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 04 дүгээр сарын 1-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 31-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар, дөрөвдүгээр сарын 1-2-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар, 3-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, дөрөвдүгээр сарын 1-нээс ихэнх нутгаар эрс хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5-10 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
-
Улстөр нийгэм2021/02/22
"Хөгжлийн цаг”
-
Цаг үе2021/07/06
БГД: Эмийн багцыг иргэдэд хүргэх ажлын хэсэг байгууллаа
-
Улстөр нийгэм2020/08/24
Люксенбургээс олгосон 1.1 тэрбум төгрөгийг эх, хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээг...
-
Улстөр нийгэм2020/08/25
УИХ-ын гишүүд Эмээлт зах, Тавантолгой түлш ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Сэтгэгдэл