Улстөр нийгэм
Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Дуэртэ Пачекотой уулзлаа
Бахрейны Хаант Улсын нийслэл Манама хотод Олон Улсын Парламентын Холбооны 146 дугаар Ассамблейн чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Монгол Улс, Олон Улсын Парламентын Холбоонд 1962 онд гишүүнээр элсэж, 1992 оноос байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаар Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, хөгжих эхлэл тавигдсан юм.
Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Дуартэ Пачеко болон Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон нартай уулзаж, Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын нягт хамтын харилцааг өргөжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлийн талаар санал солилцов.
Энэ удаагийн хурлаар “Энх тайвнаар зэрэгцэн оршиж, хүртээмжтэй нийгмийг бий болгох нь” үндсэн сэдвийн хүрээнд Ассамблейн нэгдсэн хэлэлцүүлэг хийгдэж, “Олон улсын хэмжээнд кибер халдлага болон кибер гэмт хэрэгтэй холбогдон гарч буй шинэ эрсдэлүүд”, “Ойжуулах ажлыг эрчимжүүлж, нүүрстөрөгчийн хийг багасгахад дэлхийн улс орнуудын парламентын оролцоо, хүчин зүтгэл” зэрэг хоёр тогтоолын төслийг хэлэлцэн баталж, Манамагийн тунхаглал баримт бичгийг гаргалаа.
Олон Улсын Парламентын холбооны удирдах зөвлөлийн хурлаар Олон Улсын Парламентын холбооны 147 дугаар Ассамблейн чуулга уулзалтыг Бүгд Найрамдах Ангол Улсад зохион байгуулахаар тогтлоо.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
-
Улстөр нийгэм2019/12/19
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Элчин сайд нарыг хүлээн авч уулзав
-
Үзэл бодол2021/12/23
ЗГ: Сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй
-
Улстөр нийгэм2020/06/30
УИХ-ын Тамгын газраас шинээр сонгогдсон гишүүдэд зориулсан мэдээлэл, сургалтыг з...
-
Улстөр нийгэм2025/02/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн Жаргалант суманд ажиллаж байна
