Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Б.Сүхбаатар: Гаалийн газрын албан хаагчдын ажлын хуваарь, томилгоог цахимжуулж эхэллээ

Огноо:

,

ГЕГ-ын даргын тушаалаар гаалийн албан хаагчдын ажиллах хуваарь, томилгоог нээлттэй, ил тод, шудрага болгох ажлын хүрээнд Замын-Үүд болон Улаанбаатар хот дахь Гаалийн газрын албан хаагчдын ажлын хуваарь, томилгоог энэ оны 4-р сарын 01-ээс эхлэн цахимжуулж эхэллээ.

Өмнө нь хуваарь, томилгоог 15 хоног болон нэг сар тутамд тухайн байгууллагын газар, нэгжийн удирдлагын шийдвэрээр гараар хийдэг байсан. Энэ нь гаалийн албан хаагчдын тэгш, нээлттэй ажиллах нөхцөлөөр хангахгүй байх, дарга удирдлагын ашиг сонирхлыг дагуулдаг гэх асуудал нэлээдгүй гардаг байсан юм.

Цахимжсанаар 15 хоног, сар тутам хийдэг улсын ахлах байцаагч, гаалийн улсын байцаагч , бичиг баримт бүрдүүлэлтийн байцаагч, зөрчлийн албаны байцаагч гээд бүх чиг үүргийн алба хаагчдын хуваарь хэн нэгэн дарга, удирдлагаас хамаарахгүй нээлттэй, ил тод болж байна.

Цахимжуулснаар албан хаагчдын хяналтын бүс, терминалд ажилласан давтамж, ажлын цаг ашиглалт болон тодорхой үзүүлэлтүүдээс хамааран програм автоматаар хуваарилдаг болж байгаа юм.

Цахимжуулах ажлыг ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх аюулгүй байдлын газар, Хяналт, бүрдүүлэлтийн газар, Мэдээллийн технологийн газар хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид гаалийн байгууллагын бүх харьяа газар, хороодын ажил үүргийн хуваарь, томилгоог цахимжуулна.

Эх сурвалж: ГЕГ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад оролцов

Огноо:

,

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Нью-Йорк хотноо есдүгээр сарын 26-ны өдөр болсон Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд оролцож, үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус нь зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх, цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын хүч чармайлтад оруулж буй чухал хувь нэмэр болж байгааг онцолж, цөмийн зэвсэггүй бүсийг байгуулах нь цөмийн зэвсгийг бүрэн устгах хамгийн үр дүнтэй арга зам болохыг цохон тэмдэглэв.

Энэ удаагийн өндөр түвшний уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы дарга Деннис Фрэнсис болон НҮБ-ын гишүүн улсын төлөөлөгчид оролцов.

Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг 2014 оноос жил бүрийн есдүгээр сарын 26-ны өдөр тэмдэглэдэг бөгөөд тус өдөр нь хүн төрөлхтөнд цөмийн зэвсгийн учруулж буй аюул занал, цөмийн зэвсгийг бүрэн устгах зайлшгүй шаардлагыг олон нийтэд таниулах зорилготойгоор тэмдэглэдэг өдөр юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллаж байна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд, Дундговь, Дархан-Уул аймагт ажиллахдаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүдийн нээлтэд оролцсон. Энэ өдөр Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг нээлээ. Монгол Улсын Засгийн газраас 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт ийм төв байгуулахаар зорьж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг төрд оруулж, иргэдээ дэмжиж ажиллахаа Ерөнхий сайд нээлтийн үеэр илэрхийллээ.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж буй эдгээр хөгжлийн төвүүдийг байгуулснаар орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийг сэргээн засах, эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулах, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, сургалт, сэтгэл зүйн болон сэтгэл заслын үйлчилгээ, протез, ортопед, туслах хэрэгсэл захиалах, засварлах, тохируулах зэрэг үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломж бүрдэж байна.

Ерөнхий сайд дараа нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдаж буй 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын ажлын явцтай танилцав. Станцын ажил энэ оны долоодугаар сард эхэлсэн, ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орох ажээ.



Энэ станц жил бүр дунджаар 20.14 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэн аймгийн иргэдийн хэрэгцээг хангахаас гадна төвийн бүсэд нийлүүлж, эрчим хүчний системийн алдагдлыг бууруулна. Төслийн хүрээнд 12.8 МВт-ын станц, 10/110 кВ-ын дэд станц, дөрвөн км урт бүхий 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих аж.

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д 2030 он гэхэд эрчим хүчний салбарын нийт хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангана туссан. Импортын эрчим хүчийг бууруулах, аймаг бүр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болох нь чухал. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд удахгүй ашиглалтад орох энэ төсөл үүнд чухлаар нөлөөлнө гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын Тамгын газрын удирдлагууд ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Огноо:

,

Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж, байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан үе үеийн ахмадуудаа өнөөдөр /2023.09.27/ хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ахмадын холбоонд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэврээ тогтоолгосон нийт 100 гаруй ахмад настан бүртгэлтэй байдаг. Тэдгээрээс төлөөлөл болж өнөөдрийн арга хэмжээнд 60 гаруй ахмад хүрэлцэн ирсэн байв.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ахмадуудад Улсын Их Хурлын даргын нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэндчилгээ дэвшүүлж, хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ.

Тэрбээр, жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг олон улсын ахмадын өдөр болгож, НҮБ-ын Ерөнхий ассамблей 1990 онд зарласан. Монгол Улсын Засгийн газар энэ өдрийг 1992 онд Монголын Ахмадын өдөр болгосон түүхтэй. Энэ өдрийг дэлхий нийтээрээ 33 дахь жилдээ, Монгол Улсын хэмжээнд 31 дэх жилдээ тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдуулан байнгын ажиллагаатай парламент, түүний Тамгын газрын баганыг тулж, тооныг нь өргөлцсөн Монгол Улсын парламентат ёсыг төлөвшүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууддаа Улсын Их Хурлын Тамгын газар хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна хэмээлээ.

Түүнчлэн та бүхний хийсэн, бүтээсэн, удирдсан, манлайлсан чин сэтгэл, хөдөлмөрөөр ямагт бахархаж байдаг гээд, Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагаа хэвийн, чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж байгааг дурдав. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын Тамгын газрын үндсэн чиг үүргээс гадна найм дахь удаагийн Парламентын Тамгын газрын онцлогийн талаар танилцууллаа. Тухайлбал 2019, 2023 оны Монгол Улсын Үндсэн хуульд орсон өөрчлөлтүүдтэй холбоотойгоор 76 гишүүнтэй байсан парламент 126 гишүүнтэй болох гэж байгаа тул Улсын Их Хурлын Тамгын газар шинэ парламентын бэлтгэл хангах ажлыг эхлүүлсэн талаар мэдээлж, санал солилцов.

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар126 гишүүнтэй парламентын бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд ахмадуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулж, ахмадуудын хуримтлуулсан туршлага, мэдлэг чадвар, санал бодлыг тусгаж ажиллахыг үүрэг чиглэл болгосныг тэрбээр онцлон тэмдэглэсэн. Мөн Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг шинэ шатанд гаргах, парламентын нээлттэй, ил тод байдлыг хангах, иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг төлөвшүүлэх зэрэг зорилтын хүрээнд хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудаа Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан танилцуулаад, нийт ахмадууддаа эрүүл энх, амьдралын гэгээн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Уулзалтад оролцсон ахмадуудыг төлөөлж Улсын Их Хурлын Тамгын газрын Ахмадын хорооны дарга Ш.Ринчин үг хэлэв.

Тэрбээр ахмадуудын нийгмийн халамж, хамгааллын чиглэлд анхаарлаа хандуулж ажилладаг Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагуудад талархал илэрхийлээд, цаашид анхаарах болон хамтарч ажиллах ажлуудын талаар санал бодлоо хуваалцлаа. Улсын Их Хурлын Тамгын газрын Ахмадын холбоо нь 100 гаруй гишүүнтэй. Эдгээрээс 60 хувь нь 70-аас дээш насныхан, 10 гаруй хувь нь 80-аас дээш насныхан бөгөөд 60 хүртэлх насны хоёр ахмад настан бүртгэлтэй байдаг хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох