Улстөр нийгэм
БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макроны төрийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад 2023 оны 05 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроныг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.
Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Төрийн тэргүүн нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа Ерөнхийлөгч Эммануэл Макрон Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв.
Хоёр улсын Ерөнхийлөгч угтах ёслолд хүрэлцэн ирсэн монголын болон францын талын төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгч нартай мэндчилэв.
Төрийн тэргүүн нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Эммануэл Макрон Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын зурав.
Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд 1965 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс анх 1946 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагад гишүүнээр элсэх өргөдөл гаргахад Франц Улс дэмжиж байсан түүхтэй юм.
Улстөр нийгэм
Сайд А.Бямбацогт элчин сайд Алексей Николаевич Евсивковтай уулзаж, санал солилцлоо
Улстөр нийгэм
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын хаант улсад айлчилна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2023 оны 5 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд-ын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд Сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд болон албаны бусад хүмүүстэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцоно.

Улстөр нийгэм
БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Чингис хаан” музейд зочлов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Чингис хаан” музейд зочлов.
Монгол, Францын харилцаа эртнээс эхлэлтэй бөгөөд Францын хаан IX Луи хааны элч Гиём дэ Рубрук Монголын эзэнт гүрнийг дэлхийд таниулсан түүхтэй.
Францын Үндэсний номын санд эх хувь нь хадгалагдаж буй Марко Пологийн тэмдэглэл гар бичмэл, Каталоны атлас ном зэргийн хуулбар “Чингис хаан” музейн сан хөмрөгт байдаг юм.
2023 оны 10 дугаар сард Франц Улсын Нант хотын Үндэсний түүхийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчлөв” үзэсгэлэнг нийтэд толилуулахаар төлөвлөсөн.
Энэ үзэсгэлэнг хоёр улсын төрийн тэргүүн ивээлдээ авч дэмжихээс гадна Монгол Улс болон бусад улсад дэлгэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцоод байна.
Талууд ирэх жилүүдэд соёл болон археологийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлж, түүний дотор кино урлагийн салбарт хамтарсан уран бүтээл туурвих, энэ хүрээнд шаардлагатай эрх зүйн баримт бичгүүдийг байгуулах болсон юм.
Сэтгэгдэл