Шударга мэдээ
Эрсдэл бүхий аймаг, сумдын 19 сая малыг дархлаажуулна
Дэлхий дахинд 2030 он гэхэд бог малын мялзан өвчнийг бүрэн устгах зорилтыг НҮБ-ын ХХААБ, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас тавьж, улс орнууд энэ өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлээд байна.
Монгол Улс “Бог малын мялзан өвчинтэй тэмцэх устгах стратеги”-ийг 2023-2025 онд өвчний эрсдэл бүхий бүс нутгийн мэдрэмтгий мал сүргийг 2 жил дархлаажуулж, 3 дахь жилээс төл малыг дархлаажуулах ажлыг хэрэгжүүлж, бог малын мялзан өвчнийг хяналтад авах, цаашид устгах арга хэмжээг оношилгоо, тандалт, тусгаарлалт, халдваргүйтгэл зэрэг мал эмнэлгийн бусад арга хэмжээтэй хослуулан шат дараалан хэрэгжүүлж байна.
Бог малын мялзан өвчний тохиолдол 2023 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн байдлаар 9 аймгийн 24 сумын 30 голомтонд бүртгэгдэж хорио цээрийн арга хэмжээ хэрэгжиж байна.
Энэ онд эрсдэл бүхий аймаг, сумдын 19 сая малыг дархлаажуулах аяны хүрээнд төв болон зүүн, говийн бүсийн 9 аймаг, нийслэлийн богийн төл, ямааг хамруулах ажил зохион байгуулж байна.
Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд Мал эмнэлгийн байгууллагаас гадна бусад оролцогч талууд болох орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллагууд, малчид, ард иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Шударга мэдээ
Хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижууллаа
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, мөн зөвшөөрөгдсөн байршлууд дахь гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэ ажлын хүрээнд Баянгол дүүргийн 6, 30 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хоёр байршилд нийтийн эзэмшлийн талбайд байрлаж байсан хуучин гараашуудыг бүрэн буулгаж, чөлөөлсөн газрыг нийтийн зориулалтаар тохижуулах бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэлээ. Түүнчлэн орон сууцны хорооллын дундах талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил үргэлжилж байна.
Бүтээн байгуулалтын хүрээнд гурван байршилд автомашины зогсоол, явган хүний зам, сурын талбай болон хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажлыг тус тус хийж, ашиглалтад оруулаад байна.

Шударга мэдээ
1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд “Хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг баталсан.
Тус тогтоолтой холбогдуулан иргэд нас барсан гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны мэдээлэл, өвлөн авах боломжтой хувьцааны тоо хэмжээ, түүнд ногдох ногдол ашгийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагаас тодруулах, өв хүлээн авах ажиллагаанд шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх нөхцөлийг хангах чиглэлээр Улсын бүртгэлийн байгууллагаас шаардлагатай арга хэмжээг авч ажиллалаа.
Энэ хүрээнд ХУР системд 3 шинэ сервис хөгжүүлэн нэвтрүүлж, Монголын Нотариатчдын танхимд ашиглалтад хүлээлгэн өглөө.
Шинээр нэвтрүүлсэн сервисүүд нь өв залгамжлалтай холбоотой мэдээлэл солилцоог шуурхай болгох, байгууллагуудын уялдаа холбоог хангах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд чиглэж байна гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.
Шударга мэдээ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 27-нд болж дараах шийдвэрийг гаргалаа. “Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлэх хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийг “Чингис хаан Үндэсний баялгийн сан корпораци” болгон өөрчлөн зохион байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.
Энэ хүрээнд тус нэгдлийг уул уурхайн салбарын хяналт, удирдлагын уламжлалт бүтэцтэй байгууллагаас төрийн өмчийн хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалт, баялгийн сангийн менежмент, IPO болон хувьчлал хариуцсан олон улсын жишигт нийцсэн санхүүгийн мэргэжлийн институт болгон үе шаттайгаар шинэчилнэ.
Ингэснээр төрийн өмчит уул уурхайн компаниудын хөрөнгийн удирдлага сайжирч, байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд илүү хүртээмжтэй, урт хугацааны өгөөжтэй байдлаар хүргэх нөхцөл бүрдэнэ.
Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд үйл ажиллагааны чиг үүрэг нь давхардсан, үр ашиг багатай 10 хүртэл компанийг нэгтгэх, татан буулгах, харин олборлолт эрхэлдэг, ашигтай ажилладаг, олон улсын гэрээ, стратегийн ач холбогдол бүхий компаниудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд Н.Учрал “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагад өглөө.
Урьдчилсан тооцоогоор энэхүү шинэчлэлийн үр дүнд:
•260 орчим орон тоог оновчтой болгож,
•захиргааны зардлыг 10 хувь,
•түрээсийн зардлыг 30 хувь бууруулж,
•нийт 67.3 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт гаргахаар тооцоолж байна.
Засгийн газрын хуралдаанаас дээрх шинэчлэлтэй холбоотой шийдвэр, тогтоолуудыг ирэх сарын 15-ны дотор эцэслэн боловсруулж, баталгаажуулах үүрэг чиглэл өглөө.
Түүнчлэн “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагын зүгээс төрийн өмчит уул уурхайн компаниуд өндөр үнэтэй шилэн оффисуудад өндөр түрээс төлөх бус, төрийн ашиглалт багатай үл хөдлөх хөрөнгө, оффисын нөөцийг илүү үр ашигтай, хэмнэлттэй ашиглах зарчмыг хатуу баримталж ажиллаж байгаагаа илэрхийллээ.
