Урлаг спорт
Дуу бүтээгчид, оюуны өмчийн бүтээлээр дамжуулан дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэнэ
Монгол улсын дуу хөгжим бүтээгчдийн оюуны өмчтэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах, зохиогчийн эрхийн тухай хуулийн хэрэгжилт болон оюуны өмчөө хэрхэн хэрэглээнд оруулах, үнэлэх, хянах нэгдсэн системийг бий болгоход чиглэсэн “Монголын Дуу Хөгжим Бүтээгчдийн Анхдугаар Чуулган” анх удаа зохион байгуулагдлаа.
Монголын рок попийн ахмад төлөөллүүд, шинэ залуу үеийн уран бүтээлчид, хөгжмийн зохиолчид болон студи, продакшны төлөөллүүд нэгдэж салбарын ирээдүйн чиг хандлага, хөгжлийн талаар ийнхүү чуулж, хэлэлцлээ.

Тус чуулганд Соёлын сайд Ч.Номин, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайд Н.Учрал нар дуу хөгжим бүтээгчидтэй дуу хөгжмийн салбарын өнгөрсөн ба одоо, бусад орны жишиг сайн туршлагууд, тулгамдаж буй асуудлууд, цаашдын хөгжлийн талаар хэлэлцлээ. Тус хэлэлцүүлгээр “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого”-ийн хүрээнд Монголын хөгжмийн салбарт нэгэн шинэчлэл хийж цаашлаад улсын эдийн засагт оюуны өмчийн бүтээлээр дамжуулан дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, ирээдүйд дэлхийн зах зээлд чанартай Монгол уран бүтээлчдийг экспортлох боломжуудыг эрэлхийлж шийдлүүдийг ярилцсан юм.

Дуу бүтээгчдийн хувьд салбарынхаа хойч хэтийн бодлогийг хамтдаа ярилцаж, хуралдаж байгаа нь анх удаа бөгөөд энэхүү арга хэмжээг Төрийн соёрхолт, дуучин Д.Болд санаачлан, Монголын дуу хөгжим бүтээгчдийн ассоциаци, "Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв" хамтран зохион байгуулсан бол хамтдаа эвлэлдэн нэгдэж, дуу хөгжим бүтээгчдийн оюуны өмчийг хамгаалах, тэдэнд бодит ашгийг хүртээх, ашиг, орлогийг шилэн байлгаж татварын асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгийг зохион байгуулагчид онцлон хэлж байлаа.
Мөн нэгдсэн сервер бий болгож үүн дээрээ тулгуурлан үйл ажиллагаагаа явуулах нь хэрэгтэй гэж байна.

Тус арга хэмжээнд Монголын дуу хөгжим бүтээгчдийн ассоциацийн Гүйцэтгэх захирал, Төрийн соёрхолт Д.Болд - “Дуу хөгжмийн салбарт үндсэн систем бүтээх ба оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах”

"Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв"-ийн Тэргүүн Б.Лхагвасүрэн - "Дуу хөгжмийн үнэлэмж"

Хөгжмийн зохиолч, продюсер Д.Өлзий-Орших “Дэлхий, социалист Монгол, капталист Монгол”

MОНАДД – ийн үүсгэн байгуулагч Ч.Тамир - “Дижитал эрин үед хөгжмөөс хэрхэн олох вэ? Өнөө ба ирээдүй” сэдвээр тус тус илтгэл тавигдсан бол, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал уран бүтээлийг цахимжуулах талаар нарийн мэдээлэл өгч, Соёлын сайд Ч.Номин Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хуулийн тухай болон салбарын бусад асуудлаар мэдээ мэдээлэл хүргэж, чуулганд ирсэн нийт оролцогчдын санал хүсэлтийг сонсож, тодорхой хариултуудыг өгсөн юм.

Соёлын салбарыг хөгжүүлэхэд тэр дундаа оюуны өмчийг хамгаалах хуультай болсоноор уран бүтээлчдийн шинийг эрэлхийлэх, дуу хөгжим урлаг шинэ шатандаа хөгжихөд түлхэц болох юм байна. 2021 оны судалгаагаар соёлын салбарт дотоодын нийт бүтээгдэхий дөнгөж 1.4 хувийг бүрдүүлж байсан.
Тэгвэл 2027 онд 4 хувь болгох зорилтыг тавиад байгаа юм байна. Мөн Дуу, хөгжим бүтээгчдийн анхдугаар чуулганыг тогтмол хийж, салбарынхоо дотоод асуудлыг хэлэлцдэг, хууль эрхзүйн орчиноо сайжруулахад чиглэсэн нэгдсэн бодлоготой байхыг чуулгад оролцсон нийт уран бүтээлчид дэмжсэн юм.
Урлаг спорт
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо
Тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар үзэж сонирхов.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан тоглолтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол, Германы соёлын харилцаа 1980-аад оны сүүлээс эрчимжиж, хамтын ажиллагааг бүх түвшинд өргөжсөөр ирснийг тэмдэглэлээ.
Тухайлбал, 1989 онд Мюнхений урлагийн ордонд гаргасан “Монголчууд” үзэсгэлэн, хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 1998 оноос хэрэгжиж буй “Хархорум” археологийн төсөл, Их Монгол Улсын 800 жилийн ойг тохиолдуулан Бонн хотноо гаргасан “Чингис хаан ба түүнийг залгамжлагчид” тусгай үзэсгэлэн, 2024 онд ХБНГУ-ын хотуудаар аялан тоглосон “Монголын сайхан орон” тоглолт зэрэг соёл, урлагийн олон талт арга хэмжээ, уран бүтээлчдийн хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсныг онцлон дурдав.
Тоглолтыг хоёр улсын төр, засгийн төлөөлөл, нийгэм, соёлын зүтгэлтнүүд болон Германд суугаа монголчууд, герман иргэд үзэж сонирхлоо.
Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид үндэсний соёл, урлагийн сор болсон бүтээлүүдийг толилуулж, үзэгч олны сонорыг мялаалаа.
Мөн монгол орны үзэсгэлэнт байгаль, уудам тал нутаг, нүүдэлчдийн ахуйг илэрхийлсэн гэрэл зургийн үзэсгэлэн болон морин хуур урлалын бүтээлийн дээжээс бүрдсэн үзэсгэлэнг тоглолтод хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд танилцуулж, монголын соёлын өвийг сурталчлан таниулав.
Урлаг спорт
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Улаанбаатар хот болон Япон Улсын хотуудын хооронд нийтийн тээвэр, байгаль орчин, хог хаягдлын менежмент, гамшгийн эрсдэлийн удирдлага, спортын чиглэлээр хамтран ажиллах санал солилцов.

Энэ удаагийн уулзалт хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг орон нутгийн түвшинд бэхжүүлэх, Улаанбаатар хот болон Япон Улсын орон нутгийн засаг захиргаа, байгууллага, иргэд хоорондын харилцааг шинэ агуулгаар баяжуулахад чухал ач холбогдолтой. Тодруулбал, Улаанбаатар хотод тийболлын спортыг хөгжүүлж, Япон Улсын багш, дасгалжуулагчийн арга барил, туршлагаас суралцах, тийболлын спортоор хичээллэж буй хүүхдүүдийг Япон Улсад сургах боломжтой талаар хэлэлцлээ.
Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ Улаанбаатар хоттой найрсаг харилцаагаа өргөжүүлж, спортын салбарын хүний нөөцийг чадавхжуулахад хамтран ажиллахаа илэрхийлэв.


Урлаг спорт
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Монголын дугуйчин, ОУХМ С.Жамбалжамц “Айчи–Нагояа 2026” Азийн зуны XX наадмын засмал замын дугуйн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан цуваа гараатай уралдаанаас хүрэл медаль хүртлээ. Энэ нь Монголын багийн тус наадмаас хүртсэн анхны медаль болж байна.
С.Жамбалжамц замаа 42 минут 58.06 секундэд туулжээ. Казахстаны Алексей Луценко 41:24.05 амжилтаар түрүүлж, Японы Имамура Шүнсүкэ 42:58.04 амжилтаар мөнгөн медаль хүртсэн байна. Монголын тамирчин мөнгөн медалиас ердөө 0.02 секундээр хоцорчээ.
Ийнхүү С.Жамбалжамц Азийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэв. Тэрбээр өмнөх Ханжоугийн Азийн наадамд мөн хүрэл медаль хүртэж байсан юм.
“Айчи–Нагояа 2026” Азийн наадмын засмал замын дугуйн эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан есдүгээр сарын 23-нд болно. Харин эмэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан есдүгээр сарын 22-нд зохион байгуулагдахаар албан ёсны хуваарьт тусгажээ.
-
Цаг үе2024/10/04
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн томилгоо, шийдвэр гаргалтад дүн ши...
-
Шударга мэдээ2021/08/19
Энэ сард Богдхан төмөр замын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ
-
Цаг үе2025/05/20
Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан 192 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
-
Цаг үе2019/12/09
Ватиканы хүндэт харуулууд...
