Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Горьдлого

Огноо:

,

Үрчийсэн жижигхэн улаан нүүртэй, нүд ам нь хаана байгаа нь үл анзаарагдам нярай охиныг тэр удаан харав. Яагаад ч юм нүдээ нээж хараасай гэж өөрийн эрхгүй хүсэж байлаа. Өлгийг нь задлаж, өөрийнх нь эрхий хуруутай чацуу гарыг нь атгаж үзэв. Дөнгөж төрсөн нялх охин амаа ангалзуулан, толгойгоо хоёр тийшээ савчиж, хэл нь булталзан, төрөлхийн рефлексээрээ хөхөө хайн, толгойгоо савчина. “Сайн явж ирэв үү? Та” хэмээн зөөлөн дуугарах бүсгүй түүнийг шуналтайгаар харж нүдэнд нь үл итгэх байдал тодорсон ч, сэтгэлд нь горьдлого найдвар төрсөөр байгааг нууж чадахгүй байлаа. Арчаагүй жижигхэн, амь нь хаана байна гэмээр дорой тэр амьтан өөрийнх нь ээж гэж гэдэгт тэр итгэж чадахгүй, тэгсэн хэрнээ далдын нэг аргамжаагаар холбогдсон юм шиг холдож чадахгүй байгаагаа бүсгүй анзаарав.

Гурван жилийн өмнө тэр ээжээсээ хагацсан. Хамгийн хайртай хүнээ алдахад л хамгийн гашуун нулимасны амтыг хүн мэдэрдэг юм байна гэдгийг тэр үед л зүрх сэтгэлээрээ мэдэрсэн. Ээждээ тунирхаж, эрхлэж ядаж, зөндөө их уйлж байсан ч хагацлын нулимс, уй гуниг гэдэг хэтэрхий гашуун, бас хэтэрхий хатууг тэр өөрийн биеэр туулж гарсан. Бас гурван жилийн өмнө тэр санахын зовлонг өөрийн биеэр амссан. Хэзээ ч эргэж үл ирэх хүнийг үгүйлэн санаж, үнсүүлж зүүдлэн, бэтгэртлээ хүлээж, бодолдоо амьд байгаа гэж төсөөлөхийг хүссэн.

Харин өнөөдөр түүний амьдралыг гараараа босгосон ачтан, түүний биеийг цусаараа, ясаараа бүрдүүлсэн тэр хүн, хамгийн гол нь хэзээ ч зовлонгийн өмнө бууж өгч байгаагүй шаргуу, дайчин, зоргоороо омголон, эрх дураараа бардам, дайчин хэрнээ эмзэг зөөлхөн сэтгэлтэй тэр хүн жижигхэн өлгийд мээм хайн ангалзаж байна гэдэгт бүсгүй итгэх гэсэн боловч нэг л болсонгүй.

Гэвч “Ээж чинь эргэж төрнө. Хамгийн бага охин дүүд чинь эргэж ирнэ” гэсэн үг бүсгүйн сэтгэлийг чангааж, улаан нялзрай охиныг тэр удаан харав. Жижигхэн шантгар хамар, шөмбөгөр эрүүг нь харах тусам ээжтэй нь улам адилхан харагдахад тэр нүдээ анилаа. Хөхөө хайн сарвалзах бяцхан охины гар бүсгүйн хурууг барьж, өөр рүүгээ татах шиг болоход түүний сэтгэлд хурж байсан эргэлзээ ор мөргүй хийсэн арилж, бүсгүй нярай охиныг гар дээрээ өргөн хацар дээр нь зөөлхөн үнслээ.

“Тиймээ. Тэр эргээд ирж, намайг таньж байна. Эргэлзэж, тээнэгэлзэж байгааг минь мэдээд миний гараас барин өөр рүүгээ татаж байна” гэсэн бодол бүсгүйн тархинд харваж, тэр нярай охиныг хайрлаж, өрөвдсөндөө, бас түүнийг хүлээж байснаа мэдэрхэд нулимс нүдийг нь бүрхээд ирэв. Эрхийн чинээхэн нялх жаахан охиныг хараад "Ээж минь эргээд иржээ" хэмээн бодох тусам сэтгэлд нь шивэрч байсан гунигийн манан сарниж байгааг тэр мэдэрч байлаа.
Хөөрхий хүмүүний амьдрал цааш үргэлжилнэ. Үл тасрах гурван цагийн хэлхээнд хүмүүний горьдлого найдвар хэзээ ч үл тасарна. Намайг нулимстай үдэх охидууд минь, хэн нэгнийг баяр хөөр болон угтаж авна.

Хайр хэзээ ч үл тасарна.

“Хөх эгшиг” өгүүллэгийн номоос...

 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгана

Огноо:

,

БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-аар хил нэвтрэх гадаадын иргэдийн хүлээлгийн хугацааг багасгах шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.

БНСУ-ын Засгийн газар холбогдох байгууллагууд болон бизнес эрхлэгчид санал болгосны үндсэн дээр Инчоны ОУНОБ-д ажил хэргийн шугамаар ирж буй гадаадын иргэдэд зориулсан тусгай шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулах шийдвэрийг гаргасан юм. Засгийн газраас хэрэгжүүлэх энэхүү туршилтын төсөл нь 2025 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнгээс нь шалтгаалан Гимпо, Гимхэ зэрэг бусад олон улсын нисэх буудлуудад хэрэгжүүлэх юм.

Цаашид дунд болон урт хугацаандаа ердийн зорчигчдын хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор автомат шалган нэвтрүүлэх системийн хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж ГИХГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ

Огноо:

,

Бүгд Найрамдах Грек Улс (БНГУ)-ын Засгийн газар цагаачлалын бодлогодоо үлэмж өөрчлөлт оруулж, оршин суух зөвшөөрөлгүй иргэд болон өргөдөл нь буцаагдсан орогнол хүсэгчдэд хатуу арга хэмжээ авах шинэ хууль баталлаа.

Энэхүү шийдвэр нь  тус улсын хилийн ачааллыг бууруулах зорилготой юм. Уг хуульд зааснаар орогнол хүссэн өргөдөл нь татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор тухайн улсыг орхин явах шаардлагатай ба биелүүлээгүй тохиолдолд 2-5 жилийн хорих ял оноох, эсвэл эх оронд нь албадан буцаах арга хэмжээг авах юм. Шаардлагатай тохиолдолд электрон хяналтын бугуйвч зүүлгэх аж.

Түүнчлэн хууль бусаар хил нэвтэрсэн этгээдийг 18 сар саатуулах арга хэмжээ авдаг байсныг 24 сар болгон сунгаж, тухайн этгээдэд 10000 еврогийн торгууль ногдуулах юм.

Дахин нэг өөрчлөлт орсон нь тус улсад хууль бусаар 7 болон түүнээс дээш жил амьдарсан иргэдийн хууль ёсны оршин суух эрх авах эрхийг түдгэлзүүлсэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

Огноо:

,

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: 3-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүсэж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2025 оны аравдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад хэсгээр баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 1-6 хэм, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 6-11 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Эрс сэрүүсэж 9-11 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Эрс сэрүүсэж 9-11 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Эрс сэрүүсэж 7-9 хэм дулаан байна.


2025 оны аравдугаар сарын 04-нөөс 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 4-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд нутгийн зарим газраар, 7-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар эрс сэрүүсэж Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох