Шударга мэдээ
Шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдааны байршлуудыг нэмэгдүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 Оны наймдугаар сарын 22-ны өдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өглөө.
- Хотын гол дөрвөн өргөн чөлөө буюу Энхтайван, Чингис, Ард Аюуш, Чингэлтэйн өргөн чөлөөний хоёр эгнээ замыг гурав болгон нэмэгдүүлэх ажлыг судлах, ажил хэрэг болгох,
- Сүхбаатар дүүргийн нэг, Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны үерийн усанд өртсөн гудамж, зам, ногоон байгууламжийг жишиг байдлаар тохижуулах,
- Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчдыг гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
- “Сургуулийн автобус”-ны аюулгүй ажиллагаа, техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, бэлтгэл ажлыг сайтар хангах.
- Сургууль, цэцэрлэгийн барилга угсралт, цахилгаан, дулаан, инженерийн шугам, сүлжээний засварын ажлуудыг эрчимжүүлж, дуусгах, ажлын чанар гүйцэтгэл, үр дүнг газар дээр нь очиж шалгах ажлыг зохион байгуулах.
- Шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах үзэсгэлэн худалдааны байршлуудаа нэмэгдүүлж, орчны аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайтар хангаж, хяналт тавьж ажиллах.
- Олон нийтийн хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавих. Үүнд
- Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчилж дуусгах,
- Замын хайс, хашлагыг сэргээн засварлаж дуусгах,
- Гэр хорооллын гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн асалтыг сайжруулах.
- Гудамж, талбайн хог цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийг эрчимжүүлэх.
- Барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, барилгын ажлын талбай, түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах.
- Төрийн албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчлэх, байгууллагынхаа ажилтан, албан хаагчдын ажлын бүтээмжийг сайжруулж, төрийн албаны тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, заавар, стандартыг мөрдөж ажиллах зэрэг үүрэг өгөв.
Шударга мэдээ
Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх нэгдүгээр хэсгийн 2.4 км авто замын хөдөлгөөнийг нээлээ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Уг ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Шадивлангийн зуслан чиглэлийн авто замаас Дамбадаржаа хүртэлх 5.3 км авто замыг гурав хэсэгчлэн хөдөлгөөнийг хааж, шинэчилж буй. Ийнхүү нэгдүгээр хэсгийн 2.4 км авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ.
Тус замын засвар шинэчлэлтийн талаар НЗХГ-ын Засвар, арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар “Иргэдийг зусланд гарахаас өмнө буюу зургаадугаар сарын 1-нээс өмнө зорчих хэсгийн хучилтыг гурав хувааж хийхээр төлөвлөсөн. Тодруулбал, дараагийн хэсэг буюу 58 дугаар сургууль хүртэл 1.5 км, тус сургуулиас Дамбадаржаа хүртэлх 1.4 км авто замын хучилтыг ирэх сарын 1-нээс өмнө хийж, хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөж байна” гэв.
Мөн авто замын зорчих хэсгийг 8 метр өргөн, хоёр талын явган замыг 2 метр өргөнтэй барьж, зургаадугаар сарын 14-ний дотор дуусгахаар төлөвлөж байгааг онцолж байлаа.
Шударга мэдээ
"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авав
Нийслэлийн Өмч хувьчлах комисс өнгөрсөн сарын 15-ны өдөр хуралдаж, НЗД-ын дэргэдэх "Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв"-ийг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон.
Энэ хүрээнд тус төвийн "Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, өнгөрсөн сарын 30-нд нийслэл өмчлөлдөө буцаан авав.
“ХУД-ийн 22 дугаар хороо буюу Зайсанд байрлах тус төвийн сувилал нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд эзэмшлийн 3.9 га газартай. Тус сувилал нь "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн харьяа найман объектын нэг бөгөөд 2014 оноос хойш иргэн Ж.Хатанбаатар нь хууль бусаар ашиглаж байсан юм.
Шударга мэдээ
Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагт аюулгүй байдлаа шалгаж, урьдчилан сэргийлэгч байхыг уриалав
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Хаврын салхи шуурга ихтэй үед иргэн бүр ой, хээрийн болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлж, өнжмөл өвсөө шатаахгүй байх, үнс нурмаа ил задгай асгахгүй байх, сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт гэр, албан байгууллага, орчны аюулгүй байдлаа шалгаж гал түймрээс урьдчилан сэргийлж хэвшихийг уриалж, зарим арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлийг өгсөн юм.
”Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, аж ахуй нэгж, байгууллага, хуулийн этгээд, иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх,
ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт туссан “Аюулгүй амьдрах ухаан” хичээлийн хүрээнд хүүхдүүдэд гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдлэг, чадвар олгох,
Ой, хээрийн болон объектын гал түймрийн хохирлын хэмжээг нарийвчлан гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ төсөл хөтөлбөртөө уялдуулах,
Онцгой байдлын байгууллагын бэлтгэл, бэлэн байдлыг тасралтгүй ханган сайжруулах,
Эрсдэлийн зураглал, мэдээллийн санг бүрэн бүрдүүлж, өдөр тутмын үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглаж хэвшүүлэх тогтолцоог бүрдүүлэх,
Алба хаагчдын хувцас хэрэгслийн хангалт, холбоо, мэдээллийн системийг сайжруулах ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлуудад онцгой анхаарч,шаардлагатай бусад арга хэмжээг цаг алдалгүй авч бүс, орон нутаг, салбар нэгжийн бүх түвшинд гүйцэтгэлийг хангуулан ажиллахыг анхаарууллаа.
Он гарснаас хойш улсын хэмжээнд 12 аймгийн 58 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 87 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 47.071 га, хээрийн 701.011 га талбай, нийт 748.082 га талбай, 5 байшин, 49 гэр, 4 автомашин, 7 мотоцикл, 99 малын хашаа, 12 өвөлжөө, 5934 бог, 395 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна.
Бүртгэгдсэн түймрийн ихэнх нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж байгааг онцгой байдлын байгууллагаас цаг ямагт анхааруулсаар байна. Гэтэл хэн нэгний хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаас болж түймэр гарчь олон га талбай шатаж, ан амьтан өртөж, хүмүүс эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсоор байгаа юм гэж ОБЕГ-аас мэдээллээ.