Шударга мэдээ
Хөгжлийн банк “Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл” (PCAF)-д нэгдлээ
Монгол Улсын хөгжлийн банк нь Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо (ТоС холбоо)-ны гишүүн бөгөөд үйл ажиллагаандаа тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг баримтлан ажилладаг билээ. Энэ хүрээнд банкны дотоод үйл ажиллагаа болон санхүүжилтээс үүсэх хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг үнэлэн, тайлагнах нь тогтвортой санхүүжилтийн үйл ажиллагааг ахиулах нэг алхам болох юм.
Иймд Хөгжлийн банк нь дотоодын санхүүжилтийн үйл ажиллагаанаас үүсэх хүлэмжийн хийн ялгарлыг үнэлэн, тайлагнах зорилгоор "Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл" (PCAF) олон улсын хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр нэгдэж байна.
PCAF байгууллага нь "Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл" (PCAF) нь зээл, хөрөнгө оруулалттай холбоотой хүлэмжийн хийн ялгарлыг үнэлэн, ил тод болгох нэгдсэн арга барил, стандартыг боловсруулж хэрэгжүүлэх хүрээнд санхүүгийн байгууллагуудтай хамтран ажилладаг олон улсын байгууллага билээ.
Тус байгууллагыг 2015 онд Ай Эс Эн банкны удирдлага дор Голландын 14 санхүүгийн байгууллага үүсгэн байгуулснаас хойш арилжааны банкнууд, хөгжлийн банкнууд, хөрөнгө удирдлагын менежерүүд, даатгалын компаниуд зэрэг байгууллагууд хүлэмжийн хийн бүртгэлийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байна.
Уг хамтын ажиллагаанд одоогийн байдлаар 400 гаруй санхүүгийн байгууллага нэгдсэн бөгөөд үүнд “Barclays”, “Morgan Stanley”, “Citi”, “Bank of America”, “ABN” “AMRO” болон “Lloyds” зэрэг олон улсын тэргүүлэх банкнууд багтаж байна
Хөгжлийн банк нь PCAF-д элссэнээр тус байгууллагаас боловсруулсан стандартын дагуу банкны санхүүжилтийн үйл ажиллагаанаас үүсэх хүлэмжийн хийн ялгарлыг үнэлэн, тайлагнах боломжтой болно.
Мөн 2026 он гэхэд банкны санхүүжилтийн үйл ажиллагаанаас үүсэх хүлэмжийн хийн ялгарлыг үнэлэн, тайлагнах үүргийг хүлээж буй тул НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас баталсан "Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт”-д банкны хувь нэмрийг оруулах боломж бүрдэх юм.
Эх сурвалж: Монгол Улсын Хөгжлийн банк
Шударга мэдээ
Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ

Шударга мэдээ
Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгийг цуцалжээ
2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалжээ.
“МИАТ” ТӨХК-иас 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг “МИАТ” ТӨХК-иас мэдээллээ.
Шударга мэдээ
Хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижууллаа
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, мөн зөвшөөрөгдсөн байршлууд дахь гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэ ажлын хүрээнд Баянгол дүүргийн 6, 30 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хоёр байршилд нийтийн эзэмшлийн талбайд байрлаж байсан хуучин гараашуудыг бүрэн буулгаж, чөлөөлсөн газрыг нийтийн зориулалтаар тохижуулах бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэлээ. Түүнчлэн орон сууцны хорооллын дундах талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил үргэлжилж байна.
Бүтээн байгуулалтын хүрээнд гурван байршилд автомашины зогсоол, явган хүний зам, сурын талбай болон хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажлыг тус тус хийж, ашиглалтад оруулаад байна.

