Цаг үе
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын нутаг, Увсын өмнөд, Завхан, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Завханы хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, цасан шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2024 оны нэгдүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд болон зүүн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хасагт баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгороор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр 3-8 хэм, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна. Оройдоо баруун аймгуудын нутгаар хүйтний эрч чангарна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшиж, ялимгүй цас орно. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. 11-13 хэм хүйтэн байна.
2024 оны нэгдүгээр сарын 13-наас 2024 оны нэгдүгээр сарын 17-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 24-29 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. 15-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Цаг үе
Олон улсын эрдэмтэн, судлаачид тарваган тахлын эсрэг хэрэгжүүлэх гарц шийдлийг хэлэлцэж байна
Олон улсын “Yersinia” симпозиум 15 дахь удаагийн хурал Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болж байна. Хурлыг нээж, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эксаланте нар үг хэллээ.
Хоёр өдөр чуулах энэхүү хурлаар 11 улс орны эрдэм шинжилгээ, судалгааны 25 бүтээлийг хэлэлцэх юм.
Хурлын зорилго Монгол төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд буй тарваган тахлын эсрэг авч хэрэгжүүлэх жишиг туршлага, шинэ санаа солилцох, хамтын ажиллагаа эхлүүлэх, үр дүнтэй гарц шийдлүүдийг эрэлхийлэхэд оршиж байгаа юм.
Учир нь, сүүлийн жилүүдэд амьтнаас хүнд халдварлах зоонозын халдварт өвчин нэмэгдэж, зарим тохиолдол нь дэлхий дахиныг хамарсан цар тахлын хэмжээнд хүрэх болсон. Тодруулбал, ДЭМБ-аас өнгөрсөн онд шинэчлэн гаргасан “Шинэ болон цар тахал үүсгэх эрсдэл бүхий үүсгэгчийн жагсаалт”-д тарваган тахал өвчнөөс гадна вирус, нян, паразитаар үүсгэгддэг зоонозын гаралтай 20 гаруй халдварт өвчин оржээ. Иймд зоонозын гаралтай халдварт өвчнийг тандах, хянах, сэргийлэх, хариу арга хэмжээ авахад шинжлэх ухаанч, шинэ техник технологи иноваци шингэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Тиймээс Монгол Улс бодит хэрэгцээ шаардлагыг үнэлж, “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалыг өргөжүүлэх, салбарын оролцоог нэмэгдүүлэх, хамтарсан зөвлөл болон дунд хугацааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Тарваган тахал “Yersinia pestis” гэх нянгаар үүсгэгддэг, амьтнаас хүнд халдварладаг аюултай халдварт өвчин юм. Монгол Улсын хувьд, 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд энэ нь нийт нутаг дэвсгэрийн 28.3 хувийг эзэлж байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн сард Хөвсгөл аймагт тарваган тахал өвчний тохиолдол бүртгэгдэж, нэгдүгээр хавьтал болсон 100 гаруй иргэнийг тусгаарлахын зэрэгцээ тухайн аймаг, орон нутгийг хяналтад авч, хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээ аваад буй энэ цаг үед олон улсын эрдэмтэн судлаачид чуулж, гарц шийдэл эрэлхийлж буйгаараа энэхүү хурал онцлог бөгөөд ач холбогдолтой болж байна.
Гурван жил тутам зохион байгуулагддаг олон улсын “Yersinia” симпозиумыг анх 1972 онд Шведийн хант улсын Мальмё хотноо зохион байгуулж байжээ. “Yersinia” нянгийн олон янз байдал, бүтэц, физиологийн онцлог, хувьсал, эзэн амьтдын холбогдол, экологи, тархвар зүй, оношилгоо, хүнсний аюулгүй байдал, дархлаажуулалттай холбоотой асуудлыг голлон хэлэлцдэг тул энэ чиглэлийн олон улсын судлаачдын хамгийн том цугларалт болж байна гэж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.
Цаг үе
Өнөөдрөөс хуучин хязгаарлалтын дагуу тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно
Нийслэлийн Засаг даргын А/1176 дугаар захирамжийн дагуу наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны 20:00 цагийг дуустал тээврийн хэрэгсэл улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон.
Харин өнөөдөр буюу энэ сарын 17-ны өдрөөс эхлэн хуучин хязгаарлалтын дагуу тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно. Тодруулбал,
1, 6-аар төгссөн дугаартай машинууд даваа гараг
2, 7-оор төгссөн дугаартай бол мягмар гараг
3, 8-аар төгссөн дугаартай бол лхагва гараг
4, 9-өөр төгссөн дугаартай бол пүрэв гараг
5, 0-ээр төгссөн дугаартай бол баасан гарагт 08:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй.
Дугаарын хязгаарын бүс:
- 32-ын тойргоос 120 мянгатын уулзвар хүртэл,
- Саппорогийн уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх авто зам хамаарна.
Ташрамд, нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамжаар Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийсэн байдаг.
Жолооч та бүхэн захирамжийн хэрэгжилтийг чандлан мөрдөж, замын хөдөлгөөнд соёлтой, анхаарал болгоомжтой оролцоно уу.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Хоёр эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно
2024 оны 6 дугаар сард 32 болон 16 настай хоёр эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг шүүгээ болон чемоданд нууж далдлахыг завдсан ноцтой хэрэг гарсан.
Тус хэргийг шүүхээр хэлэлцэхээс өмнөх урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлогдоод байна.
Тэгвэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг ямар асуудлуудын хүрээнд явагддаг талаар танилцуулъя.
Жич: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана гэж Монгол Улсын Дээд Шүүхээс мэдээллээ.