Улстөр нийгэм
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр “GoMongolia” арга хэмжээг зохион байгуулжээ
Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалт амжилттай үргэлжилж байна.
Монгол Улс 2024 онд “GoMongolia” уриан дор аялал жуулчлалыг идэвхжүүлэхээ албан ёсоор зарласан. Үүнтэй холбогдуулж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын томоохон зочид, оролцогчдыг хамруулсан арга хэмжээг 2024 оны нэгдүгээр сарын 18-нд Давос хотод зохион байгууллаа.

“Go mongolia” брэндийн ач холбогдол, өнгөрсөн онд зохион байгуулсан “Welcome to Mongolia”-ийн хүрсэн үр дүн, Монгол Улсын эдийн засгийн орчин сэргэж буй зэргийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр олон улсын төлөөлөгчдөд дэлгэрэнгүй танилцуулаад жил бүр Улаанбаатар хотноо болдог Монголын эдийн засгийн форумд 2024 онд хүрэлцэн ирэхийг урилаа.
2023 онд Монгол Улсын эдийн засагт олон эерэг үр дүнгүүд гарч, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдсэн. Аялал жуулчлалыг дэмжих цогц бодлогын хүрээнд агаарын тээврийн либералчлалыг амжилттай хэрэгжүүлж, 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломжтой болсон. Дотоод нислэгийн чиглэлүүдээ нэмэгдүүлж, үнийг нь хямдруулсан. Гадаад сурталчилгаанд анхаарснаар Монголын тухай контентуудыг дэлхийн 155 сая хүнд хүргэсэн. Энэ бүхний үр дүнд Монгол Улс 650 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбараас бүрдүүлж, Монголын талаарх эерэг ойлголт 40 орчим хувиар нэмэгдэн гадаад нэр хүнд өсөж, аялахад таатай улсын жагсаалтыг анх удаа өнгөлснийг Ерөнхий сайд онцоллоо.

Давос хотод зохион байгуулсан “GoMongolia” арга хэмжээнд Дэлхийн эдийн засгийн форумын Ази, Номхон далай бүсийн тэргүүн, Гүйцэтгэх хорооны гишүүн Жөү-Өүк Лий, Дэлхийн эдийн засгийн форумын Ази, номхон далайн асуудал хариусан дэд дарга Пиамит Бинг Чомпрасоб, Лондонгийн металлын биржийн гүйцэтгэх захирал Матью Чэмберлэйн, Транспэрэнси Интернэшнл байгууллагын ерөнхий захирал Франсуа Валериан, “Air Asia” компанийн үүсгэн байгуулагч Тони Фэрнандэс, “Rio Tinto” группын гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм, “Partnership for Central America”-ийн гүйцэтгэх захирал Жонатан Фантини Портер, CNN сувгийн сэтгүүлч Ричард Квэст зэрэг нэр хүндтэй олон зочин, бизнесмэн, хөрөнгө оруулагчид уригдан оролцлоо.

Улстөр нийгэм
Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ
Өнөөдөр 413 мянган ахмадын дансанд суурь тэтгэвэр 100-300 мянган төгрөг нэмэгдэн орж байна. Гурван давхаргат тэтгэврийн тогтолцооны эхлэл болох суурь тэтгэвэр нь нийгмийн даатгалын сангаас бус, улсын төсвөөс олгож байгаа нэмэлт орлого юм.
Ерөнхий сайд Н.Учрал Баянзүрх дүүргийн Ахмадын төвд /2026.11.01/ ажиллаж, ахмадуудтай уулзлаа. Цаашид тэтгэврийн рефром хэрхэн хэрэгжих болон 2027 оны төсвийн төсөл, Засгийн газрын бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл хүргэлээ.

Ерөнхий сайд “Өнөөдөр гурван давхаргат тэтгэврийн тогтолцооны суурь бодитоор тавигдаж буй түүхэн өдөр. Би тэтгэврийн шинэчлэлийг 2019 оноос ярьж явсан. Ерөнхий сайдаар томилогдоод эхний 100 хоногийн хугацаанд Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн. 2026 оны улсын төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөг хэмнэсэн. Зорилтот бүлгээ хамгаалах бодлого барьж байна. ТӨК-иудын цэвэр ашгаас 1.5 их наяд төгрөг төсөвт авч тэтгэвэр, цалин хөлс нэмэгдүүлэх, стратегийн хүнсний нөөц бүрдүүлэхэд зориулсан. 2027 онд ТӨК-иудын цэвэр ашгаас 3.5 их наядыг төсөвт төвлөрүүлж, иргэн, аж ахуйн нэгжээ 1.3 их наяд төгрөгийн татвараас чөлөөлнө.

Шинэ оноос тэтгэвэрт гарах хугацаанаасаа хойшилж ажилласан жил тутам тэтгэвэр дөрвөн хувиар нэмэгдэнэ. Олон хүүхэд төрүүлээд тэтгэвэрт эрт гарсан болон цэргийн тэтгэвэрт гарсан хүмүүс 55-60 наснаасаа суурь тэтгэврээ авна. Өмнө нь 141 мянган ахмадын цалинг 1.4 саяас бодож байсныг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 2.4 саяас бодно. Он гараад инфляцтай уялдуулан тэтгэвэр нэмэгдүүлнэ. Тэтгэврийн тогтолцоо зөв голдиролд орж байна” гэж ярилаа.
Баянзүрх дүүргийн 57 мянга гаруй иргэн тэтгэвэр авдаг. 43 мянга орчим нь өнөөдрөөс суурь тэтгэвэр авч байна. 769 мянган төгрөгийн тэтгэвэр нь нэг сая орчим төгрөгт хүрлээ. Ирэх жил ч нэмэгдүүлэхээр төсөвлөсөн нь олон жил хөдөлмөрлөсөн иргэдээ төр бодитой дэмжиж байгаагийн илрэл гэж ахмадууд хэллээ.

Тэтгэврийн шинэчлэлийн нэгдүгээр давхарга нь суурь тэтгэвэр. Харин хоёр ба гуравдугаарх нь ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүст үйлчилнэ. Тодруулбал, хоёрдугаар давхарга нь нийгмийн даатгалын тэтгэвэр. Хийсвэр нэрийн дансыг өөрчилж, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тодорхой хэсгийг хагас хуримтлалд үе шаттай шилжүүлэх ажил 2027 оны эхний өдрөөс хэрэгжинэ. Даатгуулагч хүсвэл тэтгэврийн даатгалд төлж байгаа шимтгэлийнхээ нэг хувийг бодит мөнгөн хуримтлал болгож хадгалж болно. Нийт хуримтлуулсан мөнгөн дүнгийн 50 хувьтай тэнцэх мөнгөн урамшууллыг төрөөс нэмж олгоно. Харин гуравдугаар давхарга нь хувийн нэмэлт тэтгэвэр. Ажил олгогч, даатгуулагч сайн дураар нэмэлтээр хувийн тэтгэврийн санд даатгуулж ирээдүйд нэмэлт тэтгэвэр авах нөхцөл бүрдэнэ. Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна.




Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна
Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 387 жил, нийтийн аж ахуйн салбарын 95 жилийн ойн хүрээнд Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар (ОСНААУГ) 79 жилийн ойгоо тэмдэглэлээ. Арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва оролцож, салбарын үе үеийн ахмад ажилтан, нийт албан хаагчдад баярын мэнд хүргэн, хөдөлмөр зүтгэлд нь талархал илэрхийлэв.
ОСНААУГ-ын 2400 гаруй ажилтан нийслэлийн зургаан дүүргийн 19 хэрэглэгчийн төвөөр дамжуулан 158 мянга гаруй өрх, 12 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилгээ үзүүлдэг. Мөн 53 мянга гаруй орон сууцны дулаан, халуун ус, бохир ус татан зайлуулах үйлчилгээг хариуцаж, 1476 км инженерийн шугам сүлжээний хэвийн ажиллагааг 24 цагийн турш ханган ажиллаж байна.

Ойн арга хэмжээний үеэр ОСНААУГ-ын дарга Э.Энхтөр байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, автоматжуулах, хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийтийн аж ахуйн салбарын ажилтан, алба хаагчдыг хотын өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа, иргэдийн ая тухтай амьдралыг хангадаг “Чимээгүй баатрууд” хэмээн онцоллоо.
Тэрбээр “Хотын хөгжил айл өрхийн дулаан гэр, цэвэр ус, найдвартай үйлчилгээнээс эхэлдэг. Улаанбаатар хотын хөгжил, иргэдийн ая тухтай амьдралын ард нийтийн аж ахуйн салбарын үе үеийн ажилтан, алба хаагчдын хөдөлмөр, хариуцлага, зүтгэл бий. Нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс та бүхэнд талархал илэрхийлье” гэв.
Мөн салбарын менежментийг сайжруулах, хуримтлагдсан өр төлбөрийг үе шаттай шийдвэрлэх, ажилтнуудын цалин хөлс, нийгмийн баталгааг дээшлүүлэх хүрээнд ОСНААУГ-ын татварын өрийг барагдуулах санхүүжилтийг нийслэлийн 2026 оны төсвийн тодотголын төсөлд тусгасныг онцоллоо.





Улстөр нийгэм
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын төрийн далбаа болон нийслэлийн туг мандуулах ёслолыг зохион байгууллаа. Энэхүү ёслол нь Монголын төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн бэлгэдлийг дээдлэн хүндэтгэхийн зэрэгцээ нийслэл хотын түүх, соёлын өв, уламжлалыг эрхэмлэн дээдлэх агуулгатай юм.
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж буй нь Монголын түүхэн өв, төр улсын уламжлалыг хүндэтгэж буйн илэрхийлэл бол төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах ёслол нь эх орон, нийслэл хотоороо бахархах үзэл, иргэдийн эв нэгдлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.








