Шударга мэдээ
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд үлдсэн газрыг тусгай хэрэгцээнд авна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг 100 хувь нийслэлийн эзэмшилд аван, гүйцэтгэх захирлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргаланг томилсон. Цаашид “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг олон нийтийн компани болгоно гэдгийг нийслэлийн удирдлагууд хэлж буй. Энэ талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нар мэдээлэл өгөв.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг:
-“Төв цэнгэлдэх хүрээлэн”-ийн асуудлыг өнгөрсөн оны 9 дүгээр сараас эхлэн судалж, энэ оны 2 дугаар сараас бичиг баримт, тооцоо, судалгааг үндэслэн албан хэлцлийг хийн, хуулийн дагуу 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-ийн газартай холбоотой асуудлыг шалгуулахаар АТГ-д хандсан байгаа. Цаашид “Төв цэнгэлдэх хүрээлэн”-ийн ойр орчимд үлдсэн газрыг тусгай хэрэгцээнд авна” гэлээ.

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан:
-Хамгийн эхний ажил бол Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах ажил. Үүнийг сайн зохион байгуулалттай хийхээр төлөвлөж байна. Үүний дараа “Төв цэнгэлдэх хүрээлэн”-г орчин үеийн, олон улсын стандартад нийцсэн Арена хэлбэрийн хүрээлэн болгох судалгааг эхлүүлнэ. Судалгааг олон нийтэд танилцуулна. Энэ салбарт олон жил ажилласан туршлагадаа үндэслэн “Төв цэнгэлдэх хүрээлэн” татаас авдаг бус улсын төсөвт татвар төвлөрүүлэх боломжтой гэж харж байна гэв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Шударга мэдээ
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав
Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн хөрөнгө нь хууль ёсны орлогоор бий болсон эсэх, эх үүсвэр нь үндэслэлтэй эсэхийг тус газраас нарийвчлан хянан шалгаж байна.
Шалгалтад төрийн захиргааны албан хаагчдаас гадна төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтнууд, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнууд хамрагдсан бөгөөд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналтын хүрээнд шалгалтыг явуулж байна.
2026 оны эхний 10 сарын байдлаар нийт 140 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаснаас 79 албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, хөрөнгийг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн байх бөгөөд үүнээс 51 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт заасны дагуу зохих хариуцлагыг тооцуулсан байна. Тухайлбал, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн газрын дарга Н.Д, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын удирдах албан тушаалтан С.С нарын 9 албан тушаалтыг мөн хуулийн 13.8.4-т заасны дагуу нийтийн албанаас халах хариуцлага тооцуулан шийдвэрлэсэн байна.
Шударга мэдээ
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Ургац хураалтын дүн болон стратегийн нөөц бүрдүүлэлтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөнүйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцуулав. Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад батлагдсан 120.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр стратегийн нөөц бүрдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг сайд Ц.Идэрбатад даалгалаа.
Улсын хэмжээнд ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.
2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажлын явц 88.1 хувьтай байна. 327.1 мянган га талбайгаас 569.5 мянган тонн үр тариа, үүнээс 288.1 мянган га талбайгаас 507.1 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га талбайгаас 174.8 мянган тонн төмс, 12.8 мянган га талбайгаас 206.4 мянган тонн хүнсний ногоо, 80.3 мянган га талбайгаас 230.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 62.5 мянган га талбайгаас 39.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Улаанбуудайн хуваарилалтыг авч үзвэл “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэхэд 109.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 185.0 мянган тонн, малын тэжээлд 78.1 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6.2 мянган тонн, тариалан бүхий аж ахуйн нэгжүүд дараа жилийн тариалалтад зориулсан үрийн нөөцөд 47.7 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0-20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн. 25 аж ахуйн нэгжээс нийт 12.8 мянган тонн нөөцийн мах бэлтгэх хүсэлт ирээд байна.
Мөн нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээх, борлуулах үйл ажиллагааг нэгдсэн цахим системээр бүртгэлжүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгчдийн мах худалдан авах цэгийн байршлын мэдээллийг dashboard.gov.mn системийн “Махны нөөц” хэсэг болон “E-Barimt” аппликейшнээр дамжуулан хүргэж эхлээд байна.
Шударга мэдээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан иргэн, 16 насанд хүрсэн одой иргэн, тэжээгч нь нас барсан хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэгт олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн сарын хэмжээг 600 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг 370 мянган төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг 524 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.
Тогтоолыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.
-
Улстөр нийгэм2024/01/13
Төрийн банк: “Миний Монгол-2024” үзэсгэлэн худалдаа зохион байгуулаг...
-
Улстөр нийгэм2024/11/25
“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцу...
-
Улстөр нийгэм2023/09/19
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын удирдагч асан Раул Кастро Руста...
-
Цаг үе2021/10/26
Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
