Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно.
2020 оны 01 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 16-21 хэм, Эхийн голын Баянбүрд, Хангайн нурууны өвөр бэл болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 13-15 хэм хүйтэн байна.
2020 оны 1 дүгээр сарын 16-наас 01 дүгээр сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
16-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газaр, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 18-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 16,18-нд Алтайн салбар уулсаар, 19-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
Цаг үе
Энхтайваны гүүрний явган хүний зорчих хэсгийн замыг засахыг үүрэг болголоо
НИТХ-ын дарга А.Баяр түгжрэлийг бууруулах ажлын хэсгийг ахалж байна. Тэрбээр ирэх жил шинээр барих 10 гаруй авто замын трасстай танилцах үеэрээ Энхтайваны гүүрний явган хүний зорчих хэсгийн зам цоорсон, хагарсан, арматур төмөр цухуйж гарсан зэрэг эвдрэлтэй байгааг засварлахыг үүрэг болголоо.
Тус гүүрийг 1958 онд Хятадын засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан бөгөөд хотын төвийг Хан-Уул дүүрэгтэй холбох гол зам юм. НИТХ-ын дарга А.Баяр “Скүүтэр, мопед, дугуйтай хүмүүсээс гадна явган зорчигч алхдаг гүүрний хоёр талын хэсгийг яаралтай засварлахгүй бол иргэдэд тухгүйгээс гадна бэртэж гэмтэх аюултай нөхцөл үүсжээ” гэдгийг онцоллоо. НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярт тус гүүрний явган хүний зам засвар, арчлалтад анхаарлаа хандуулж, яаралтай зас. Засварлахдаа замын чанарт анхаараарай гэлээ.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
Цаг үе
Франц улстай онцгой байдлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайд хатагтай Коринн Пэрераг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр улсын хамтын ажиллагааг бүх чиглэлээр гүнзгийрүүлэх, тэр дундаа онцгой байдлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцов.
Франц Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш, Европ дахь итгэлт түншийн нэг юм. Хоёр улс олон салбарт амжилттай хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид энэхүү хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах эрмэлзэлтэй байгаагаа талууд илэрхийлэв.
Уулзалтын эхэнд 2025 онд Монгол Улсын Засгийн газар болон Францын “Орано Майнинг” компанийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг онцлон дурдлаа. Энэхүү гэрээ нь 27 жилийн турш яригдсан томоохон төслийг бодитой ахицтайгаар урагшлуулах чухал алхам болсон гэдгийг талууд тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газар сүүлийн 20 жилийн хугацаанд Онцгой байдлын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, техник хэрэгсэл, хүний нөөцийн чадавхыг шат дараатай сайжруулж ирсэн. Энэ хүрээнд Францын хөнгөлөлттэй зээлээр “Агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хоёрдугаар шатыг амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд агаараас аврах, эрэн хайх ажиллагаанд ашиглах нисдэг тэрэг, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах, бүс бүрд шинэ аврах нэгжүүд байгуулах, инженер, техникч нарыг Франц улсад сургаж, мэргэшүүлэх зэрэг зорилтуудыг хэрэгжүүлж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд байгалийн аюулт үзэгдлийн давтамж нэмэгдсэн нь үндэсний сөрөн тэсвэрлэх, хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагыг бий болгож байна. Иймд бидний зүгээс цаашид төслийн гуравдугаар шатыг эхлүүлж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Тодруулбал, одоогийн 4 хүн тээвэрлэх хүчин чадалтай нисдэг тэргүүдийг 20–30 хүний багтаамжтай, их хэмжээний ус тээвэрлэх боломжтой, орчин үеийн онгоцуудаар солих, ой хээрийн түймэртэй тэмцэхэд зориулсан зориулалтын техник хэрэгслээр хангах, зөвхөн Улаанбаатар хотод бус, бүс бүрд агаараас аврах, эрэн хайх ажиллагааны нэгжүүдийг байгуулах шаардлагатайг онцоллоо.
Энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй энэ онцгой жилд талууд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн, олон салбарт шинэ түвшинд гаргахаар зорьж буйгаа илэрхийллээ.
Цаг үе
Апостиль гэрчилгээг цахимаар олгож эхэлнэ
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-аас англи хэлээр гардаг дараах 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод 2025 оны 9 дүгээр сарын 4-нөөс эхлэн “Е-Mongolia” системээр дамжуулан цахим апостиль гэрчилгээг олгож эхэлнэ. Үүнд:
- Төрсний бүртгэлийн лавлагаа;
- Иргэний үнэмлэхийн лавлагаа;
- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа;
- Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт;
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт;
- Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт;
- Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас;
- Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас;
- Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас;
- Жолоочийн лавлагаа, мэдээлэл;
- Дархлаажуулалтын мэдээлэл.
Дээрх 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод цахим апостиль гэрчилгээг олгож эхэлснээр нотариатчаар гэрчлүүлэх болон баталгаат орчуулга хийлгэх шаардлагагүй болж байгаа бөгөөд цаашид цахим апостиль гэрчилгээ олгох лавлагаа, тодорхойлолтын тоог үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Цахим олгогдсон апостиль гэрчилгээ болон түүний хавсралт лавлагаа, тодорхойлолтыг “https://e-mongolia.mn/check” холбоос болон гэрчилгээн дээрх QR кодыг уншуулан үнэн зөв эсэхийг шалгах боломжтой гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.
-
Цаг үе2022/04/13
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
-
Цаг үе2023/11/22
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав
-
Улстөр нийгэм2021/06/22
Байнгын хорооны дарга Б.Баттөмөр Элчин сайд И.К.Азизов нар хамтын ажиллагааны та...
-
Цаг үе2022/11/04
Хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж ажлаа эхлүүллээ