Улстөр нийгэм
Зайсан орчмын айл өрх, албан байгууллагуудын ундны усыг төвийн шугамд холбох ажил үргэлжилж байна
Хан-Уул дүүрэг, Зайсан орчмын суурьшлын бүсийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн тулгамдсан асуудал болох ундны усны төвлөрсөн шугамд холбох болон дулааны шугам сүлжээ, дэд станцын угсралтын ажил олон жил яригдсан ч гүйцэтгэл удаашралтай байсан юм.

Тодруулбал Зайсан орчмын хотхонуудын усан хангамжийг төвийн шугамд холбох ажил 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж эхэлсэн ч газар чөлөөлөлт болон нөхөн сэргээлтийн асуудлаас болоод удаашралтай байв. Тэгвэл уг ажлыг эрчимжүүлэх үүднээс өнөөдөр буюу долоодугаар сарын 30-ний өдөр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан болон Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр нар Зайсан орчимд ажиллалаа.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном:
-Уг ажил өнгөрсөн оны тавдугаар сард бэлтгэл ажил нь бүрэн хангагдаж, эхлэхэд бэлэн болоод байсан. Гэсэн хэдий ч нөхөн сэргээлтийн зардлыг тооцох зайлшгүй шаардлагын улмаас хоёр сар хойшилсон. Тухайлбал замын трасст таарч буй аж ахуйн нэгж болон, шугам сүлжээний техникийн тодруулга зэрэг асуудлуудаас үүдэн удаашралтай байсан ажил шийдэгдэж, одоо ажил хэвийн үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр:
-Зайсангийн 4516 айл өрх буюу 20 мянга гаруй иргэн, 135 аж ахуйн нэгж 38 гүний худгаас ахуйн хэрэглээнийхээ усыг авч байсан. Уг шугам сүлжээний ажлын ажиллах хүчний зардалд 2019 оноос хойш хоёр удаа өөрчлөлт оруулсан. Мөн энэ жил дахин төсөв тодотгох асуудлуудаас болж удааширсан. Нийслэлийн засаг даргын өгсөн үүргийн дагуу нэмэлт зардлуудыг нийслэлийн төсвөөс шийдэж уг ажил үргэлжилж байна.

Зайсан орчмын хотхонуудын усан хангамжийн төвлөрсөн системийг шийдэхэд нийт 3.5 км урттай шугам хоолойн ажил хийж байгаа. 2019 онд баталсан төсвийг 2024 оны тооцооллоор шинэчилж, трасс замд өртөж байгаа газруудын нөхөн сэргээлтийн зардлуудыг бүгдийг нь тусгаад хийж байна гэв. Түүнчлэн ажил гүйцэтгэгч “Бат комплект” ХХК-ийн захирал Х.Цэрэнбат “Трассын дагуух далд шугам сүлжээний хүндрэлүүдийг нийслэлээс шийдээд явж байна. Арваннэгдүгээр сард дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэж онцоллоо.



Улстөр нийгэм
Зүүн бүс: Экспортод чиглэсэн МАА-н үйлвэрлэлийг хөгжүүлэх бодлого баримталж байна
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогод зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс болгон хөгжүүлэх зорилтыг тусгасан.
Тус бүс нутаг өргөн уудам тал хээр, байгалийн нөөц боломждоо тулгуурлан мал аж ахуйн салбарыг эдийн засгийн өндөр үр ашигтай, экспортын чиг баримжаатайгаар хөгжүүлэх өргөн боломжтой.
Зүүн бүсийн аймгуудын байгаль, цаг уурын нөхцөл, бэлчээрийн хангамж, ургамал, газар зүйн онцлог зэрэг нь мал аж ахуй эрхлэхэд нэн таатай. Тухайн бүс нутаг нь бэлчээр, тэжээлийн нөөц хангамж сайтай тул бэлээрийн болон хагас эрчимжсэн мал аж ахуйг хослуулан эрхлэхэд тохиромжтой гэж үздэг. Ялангуяа махны чиглэлийн үхэр, хонийг түлхүү үржүүлэх, ноолуурын чанарыг нэмэгдүүлж, экспортод чиглэсэн мал аж ахуйн үйлвэрлэлийг хөгжүүлэх бодлого баримталж байна.
Монгол Улсын нийт мал сүргийн 14.4 хувь, үхэр сүргийн 15.6 хувь нь зүүн бүс буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад байна. Зүүн бүсэд мах, сүүний чиглэлээр өсгөн үржүүлж байгаа малын хэд хэдэн үүлдэр бий. Тухайлбал, мах-сүүний чиглэлийн хосолмол ашиг шимт “Дадалын ухаа” үүлдэр, махны чиглэлийн Дорнод Монголын улаан үүлдэрийн үхэр, үзэмчин, барга үүлдрийн хонийг дурдаж болно.
- МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН
-Экспортын орлогод эзлэх хувь 5.5 хувь
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 31.7 хувь байна.
- Монгол улс134.1 сая.га хөдөө аж ахуйн эдэлбэр газартай.
-Мал аж ахуйн үйлдвэрлэлийн оршин тогтнох үндэс нь бэлчээр бөгөөд тэжээлийн 90 гаруй хувийг бэлчээрээс хангаж байна.
-Бэлчээрийн талбай 106.1 сая.га
-Хонин толгойд шилжүүлсэн малын тоо 111 сая толгой
-100 га хадлан, бэлчээрийн талбайд хонин толгойд шилжүүлснээр 105 мал ногдож байна.
ЗҮҮН БҮСИЙН АЙМГУУДЫН МАЛЫН ТОО
- Хэнтий аймгийн малын тоо /мянган толгой/
Адуу 327.2
Тэмээ 3.2
Үхэр 396.0
Хонь 1,519.6
Ямаа 1,183.1
- Сүхбаатар аймгийн малын тоо /мянган толгой/
Адуу 335.4
Тэмээ 5.8
Үхэр 216.4
Хонь 943.7
Ямаа 807.5
- Дорнод аймгийн малын тоо /мянган толгой/
Адуу 462.1
Тэмээ 5.2
Үхэр 336.5
Хонь 1,228.9
Ямаа 662.0
- Зүүн бүсийн малчин өрх, малчдын тоо
Хэнтий 13020 малчид, 9100 өрхтэй
Сүхбаатар 15684 малчид, 9000 өрхтэй
Дорнод 9022 малчид, 6500 өрхтэй байна. гэж Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Улстөр нийгэм
2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар (2026.05.13) 2026 онд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг баталлаа.
Тус шийдвэрийг амьтны нөөцийн үнэлгээ, нөхөн өсөлтийн чадамж, агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөө, хамгаалалтын шаардлагад үндэслэн боловсруулж, аймаг орон нутгаас ирүүлсэн саналыг мэргэжлийн түвшинд нягтлан эцэслэсэн.
Тусгай зориулалтын ан агнуур нь агнуурын амьтны нөөцийг зохистой, тогтвортой ашиглахын зэрэгцээ байгаль хамгааллын санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засгийг дэмжих, байгальд суурилсан өндөр үнэ цэнтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой.
2025 онд тусгай зориулалтын ан агнуурын дуудлага худалдаа болон байгалийн нөөц ашигласны төлбөрөөс нийт 15.4 тэрбум төгрөг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрсөн байна.
Мөн спорт агнуурын чиглэлээр бариад буцаан тавих зарчимд суурилсан загас агнуурын зохицуулалтыг үргэлжлүүлснээр биологийн нөөцийг хамгаалахын зэрэгцээ танин мэдэхүйн болон байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Энэхүү шийдвэр нь амьтны нөөцийн хамгаалалт, тогтвортой ашиглалтын тэнцвэрийг хангах, орон нутгийн оролцоонд түшиглэсэн байгаль хамгааллын менежментийг бэхжүүлэх, байгалийн нөөцийн эдийн засгийн өгөөжийг хамгаалалттай уялдуулах чухал ач холбогдолтой юм. гэж Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яамнаас мэдээллээ.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа.
Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс, хувь хүний хөгжил, сайн сайхан амьдралын суурь болох боловсролын салбарын үе үеийн эрдэмтэн багш, ажилтнуудад талархал илэрхийлж, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үйлсэд нь амжилт хүсэн ерөөлөө.
Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, тэр дундаа боловсролын салбарт гаргасан санаачилга, үзүүлсэн дэмжлэг болон үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Орчин цагийн боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан МУБИС нь улс орны өрсөлдөх чадвар, хөгжил дэвшлийг бүтээгч шинэ үеийн багш, инновац хөгжүүлэгч, энтрепренер сэтгэгчдийг бэлтгэх зорилт тавьсан.
ХААИС дээд боловсролын эрэлттэй болон тэргүүлэх 120 гаруй мэргэжлийн 70 гаруй хувийг бэлтгэдэг бөгөөд төгсөгчид нь “Хүнсний хувьсгал”, ”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хувь нэмрээ оруулж байна.
Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг их сургуулиуд анхнаас нь дэмжин, зөвхөн оролцогч бус, бодлого, судалгаа, инновацын манлайлагч болон ажиллаж байна.

ХААИС гэхэд л “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудаа өргөжүүлж, ойжуулалтын шинэ технологи, тарьц үржүүлгүүдийг нутагшуулжээ.
Ерөнхийлөгч “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг шинжлэх ухаанд тулгуурлан үр дүнтэй хэрэгжүүлэх, бодлого боловсруулах, салбаруудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацыг дэмжих зорилгоор “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөл” ажиллуулж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 онд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр ярилцаж тохиролцсоны дагуу “Япон-Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдах орон нутгийн 1,000 оюутны эхний 100 нь амжилттай суралцаж байна.
ХААИС энэ хөтөлбөрийн хүрээнд мал аж ахуй, агрономи, ургамал хамгааллын чиглэлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэнэ. Нийт төгсөгчид гэрээний дагуу орон нутагтаа гурван жил ажиллаж, боловсролын салбарт болон “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрт хувь нэмрээ оруулах юм.

Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн санаачилга, ивээл дор боловсролын салбарынхан, түүний дотор шинжлэх ухааны ажилтнууд, нийт багш, түүхийн багш нар Их хурал, улсын зөвлөгөөнөө хийн, ололт амжилт, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэн, цаашдын бодлого, зорилтоо тодорхойлон ажиллаж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн зөвлөх багш, Шинжлэх ухааны доктор, профессор Цэгмэдийн Цэвээнд Гавьяат багш, ХААИС-ийн Инженерийн сургуулийн зөвлөх профессор, Зөвлөх инженер, Техникийн шинжлэх ухааны доктор Чагнаагийн Бямбадоржид Гавьяат механикжуулагч цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

-
Улстөр нийгэм2021/03/22
Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, В.А.Жанибеков нарыг “Нийслэлийн Хүндэт иргэн&...
-
Улстөр нийгэм2023/03/29
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод
-
Цаг үе2020/12/30
Өнөөдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
-
Цаг үе2025/02/11
Сумын эрүүл мэндийн төвүүдийн чадамж сайжирчээ
