Улстөр нийгэм
ЗГ: Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих төсөл, арга хэмжээний талаар хэлэлцэв
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны долоодугаар сарын 31-нд болж, Засгийн газрын хуралдаанд Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих төсөл, арга хэмжээний талаар танилцууллаа.
Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах шинэ орчин нөхцөлийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд:
1. Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэлх чиглэлд төлөвлөгдөж байсан туннелийн байрлалыг өөрчилж Зайсан амнаас Өвөр Зайсангийн амны чиглэлд 5.6 км урт эсрэг хөдөлгөөнтэй 6 эгнээ авто зам бүхий туннелэн байгууламж барьж байгуулах,
2. “Өөдөө тэмүүлэх Монгол-Go Mongolia” ган татлагат гүүрэн байгууламжийг Туул гол, Туулын хурдны зам дээгүүр 6 эгнээтэй 2 урсгалтай, 900 метр хос цамхаг тулгууртай барьж Богд хан уулын туннелтэй холбох,
3. Төрийн захиргааны байгууллагуудын нэгдсэн цогцолборыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр Кувейтийн судалгааны төвийн ойролцоо 4400 га газарт барьж байгуулах,
4. Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажлыг дэмжих хүрээнд нийслэлийн их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” төсөлтэй уялдуулж Богдхан уулыг тойрсон Хөнгөн галт тэрэгний шугам (LRT) төслийг хэрэгжүүлэх (Нийтийн тээврийн хөнгөн галт тэрэгний шугам нь хос замтай, 20 хүртэлх хэвгийгээр өгсөж уруудах 1-р шатандаа Толгойт-Буянт-Ухаа-Өлзийт-Шинэ Зуунмод хот хүртэлх 46.4 км, 2-р шатандаа Шинэ Зуунмод-Зуунмод-Майдар-Налайх-Амгалан хүртэлх 60.5 км, нийт 106.9 км байхаар төлөвлөсөн),
5. Туулын хурдны зам болон Шинэ тойрог замын ажлыг тус тус эхлүүлэхээр төлөвлөж байна.
Засгийн газрын хуралдаанаас төсөл арга хэмжээний төлөвлөлт, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж ажиллахыг Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэнд, эдгээр төслийг эхлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг 2024 оны Улсын төсвийн тодотголд тусган шийдвэрлэж ажиллахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгав.
Мөн Төрийн захиргааны байгууллагуудын нэгдсэн цогцолбор барьж байгуулах газар, талбайд газар өмчилж, эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээдийн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авахад шаардагдах зардлын хэмжээ, чөлөөлөх хугацааг тохиролцох, Улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь нарт, Богдхан уулын туннел барих төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан Төсвийн хуулийн хамт өргөн мэдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа нарт, Улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг зохих журмын дагуу Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж, газар ашиглуулах гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар /А.Энхманлай/-т тус тус даалгалаа.
Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Засгийн газрын гишүүдэд нийслэлд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын явц, төсөл хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Улстөр нийгэм
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа
Гадаад харилцааны сайдын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др. С.Жайшанкар, сайд Б.Батцэцэг, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарын Монгол, Энэтхэгийн албаны хүмүүс энэ сарын 23-нд Энэтхэг Улсын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Дорноговь аймгийн Сайншанд хот дахь Газрын тосны үйлдвэрийн явцтай танилцлаа.

Төлөөлөгчдийг Сайншанд хотын удирдлага, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, компанийн инженер техникийн ажилтан, хамт олон найрсгаар угтан авав.
Захирал Д.Алтанцэцэг төслийн явц байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар танилцуулав. Тэрээр үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд ангиуд, ган хийцүүд үйлдвэрийн талбайд бууж, угсралтууд хийгдэж байгаа гэж ярив. Мөн үйлвэрийн гол байгууламж болох нэрэх цамхагийн хэсгүүд өнгөрсөн сарын сүүлчээр үйлдвэрийн талбайд бууж, одоо угсарч эхэлсэн байна. Сонирхуулахад цамхагийн өндөр нь 58,4 метр, диаметр нь 3,2 м, жин нь 245 тонн гэжээ. Мөн 520 гаруй км урт түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалт 90 шахам хувьтай яваа аж.

Гадаад хэргийн сайд С.Жайшанкар төслийн явцын талаар мэдээлэлтэй байсан ч өөрөө газар дээр нь ирж танилцсандаа сэтгэл хангалуун байна гээд Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн бодит илэрхийлэл болсон уг төслийг төлөвлөсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлэхэд Энэтхэгийн Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Улстөр нийгэм
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Швейцарийн Бургенстокт АНУ-ын талтай хэлэлцээ хийж байсан Ираны төлөөлөгчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Ираны эсрэг хийсэн заналхийлсэн мэдэгдлийг эсэргүүцэн хэлэлцээг түр зогсоожээ.
Трамп олон нийтийн сүлжээгээр дамжуулан Ираныг Ливан дахь “төлөөлөгчдийн” үйл ажиллагаагаа нэн даруй зогсоох ёстой гэж анхааруулсан байна. Тэрбээр эс тэгвээс АНУ Ираны эсрэг дахин, илүү хүчтэй цохилт өгч болзошгүй гэж мэдэгджээ.
Ираны хэвлэлүүдийн мэдээлснээр, тус улсын төлөөлөгчид АНУ-ын талд эсэргүүцлээ илэрхийлж, уулзалтын танхимыг орхисон байна. Улмаар 80 орчим минут үргэлжилж байсан хэлэлцээг түр завсарлуулж, Ираны тал дотоод зөвлөлдөх уулзалт хийжээ.
Ираны төлөөлөгчдийн тэргүүн, Парламентын дарга Мохаммед Багер Галибаф олон нийтийн сүлжээнд “Тэд үгээ анхааралтай сонгох хэрэгтэй. Манай зэвсэгт хүчин янз бүрийн хэлбэрээр хариу өгөхөд бэлэн байна” гэж бичсэн байна.
Одоогоор талуудын хэлэлцээ цааш үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Засгийн газрын урилгаар Далянь хотноо болох “Зуны Давос” чуулга уулзалтад оролцохоор /2026. 06.22/ мордлоо.
Энэ жилийн “Зуны Давос” чуулга уулзалт нь “Инновацыг өргөн хүрээнд нэвтрүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулагдаж, дэлхийн 30 гаруй орны төр, засгийн удирдлага, хувийн хэвшил, инновацын салбарт нэр хүндтэй судалгааны хүрээлэн зэрэг 1500 гаруй төлөөлөгч оролцоно.
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулга уулзалтын нэгдсэн болон салбар хуралдаануудад оролцоно.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Олжас Бектенов, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог нартай хоёр талын уулзалт хийхээс гадна чуулга уулзалтад оролцож буй олон улсын бизнесийн төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөж байна.
Швейцарын төрийн бус байгууллага болох Дэлхийн эдийн засгийн форумын санаачилгаар “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулга уулзалтыг 2007 оноос хойш БНХАУ-ын Далянь болон Тяньжин хотуудад ээлжлэн зохион байгуулж ирсэн.
Дэлхийн эдийн засаг, инновац, дэвшилтэт технологи, тогтвортой хөгжлийн асуудлаарх Азийн бүс нутгийн нэр хүндтэй олон улсын платформ болон хөгжиж байна.
