Цаг үе
Есдүгээр сард хур тунадас төвийн аймгуудын нутгаар дунджаас ахиу байх төлөвтэй байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх есдүгээр сард агаарын дундаж температур нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас төвийн аймгуудын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Сарын эхээр нутгийн баруун хэсгээр, 2-3 нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-4 нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, агаарын температур сэрүүсч, тариалан бүхий нутгуудаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна.
Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан хур тунадас Завханы ихэнх, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Сарын эхээр нутгийн баруун хэсгээр, 2-3 нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, салхи ширүүсч, хүйтрэх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, зарим үед түр зуур 12-18 м/с хүрч ширүүснэ. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан байх төлөвтэй байна.
Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, харин Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орж, агаарын температур сэрүүсч, газар тариалан бүхий нутгуудаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх бол бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас 1-3°С-аар дулаан байх төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар хур тунадас орж, салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, зарим үед түр зуур 12-18 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх бол бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас 1-3°С-аар дулаан байх төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, зарим үед түр зуур 12-18 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунжийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна.
Цаг үе
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна
Энхтайваны өргөн чөлөө буюу Хархорин захыг шинэ суурьшлын бүс Яармагтай холбох Дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 70 гаруй хувьд хүрсэн. Төслийн хамгийн чухал ажлуудын нэг болох ган татлагыг тавдугаар сараас татаж, ажлын сүүлийн үе шат болох үндсэн 58 мм-ийн ган татлагыг холбож байна. Энэхүү ажлыг нийт хоёр удаа давтан гүйцэтгэх юм.
Үндсэн ган татлага буюу тросс нь 58 мм-ийн голчтой бөгөөд зургаан багц ган татлагын нийлмэл бүтэцтэй. Энэхүү зургаан багц тус бүрийг салгаж, сүлжих аргаар хооронд нь холбох ажиллагаа хийнэ. Өөрөөр хэлбэл зургаан цэгт холболтын сүлжих ажил гүйцэтгэж байгаа юм. Холболт, сүлжих нийлмэл ажлын нийт урт нь 80 метр байна.
“Дүүжин замын тээвэр” төслийг Францын Пома группийн инженер, мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран гүйцэтгэж байна. “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажилладаг.
Дүүжин замын тээврийн нэг шугам нь 1035 автомашин, 35 автобустай дүйх хэмжээний зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, нүүрсхүчлийн хийн ялгаруулалт үлэмж багатай. Улаанбаатар хотод нийтийн тээврийн шинэ төрөл бий болгож, үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэх стратегийн ач холбогдолтой төсөл болж байна.

Цаг үе
Хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 зам тээврийн осол бүртгэгджээ
Жолооч та бүхэн сургууль, цэцэрлэг, орон сууцны хороолол болон явган хүний гарцын ойролцоо хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулан, гарц руу ойртож буй болон гарцаар гарч байгаа явган зорчигчдод зам тавьж өгөөрэй.
Явган зорчигч болон унадаг дугуйтай иргэд зам хөндлөн гарахдаа хөдөлгөөний нөхцөл байдлыг сайтар нягталж, тээврийн хэрэгсэл бүрэн зогссоны дараа зорчих хэсгийг хөндлөн гарч хэвшинэ үү.
Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д "Жолооч явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, гарцаар гарч байгаа болон гарцаар гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө" гэж заасан байдаг.
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг, дадал олгож, гарцаар зөв гарч хэвшихэд нь анхаарч, хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
Явган хүний гарц бол аюулгүй байдлын бүс. Замын хөдөлгөөнд оролцогч бүр дүрмээ мөрдөж, харилцан хүндэтгэлтэй оролцсоноор осол, хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Цаг үе
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган болон дугуйн зам, автобусны буудал, сандал, хогийн сав, замын тэмдэг, хайс хашлага зэрэг хотын нийтийн эд хөрөнгийг хөөстэй угааж, ариутгал, халдваргүйтгэл хийж байна.
Энэ хүрээнд нийт 75 байршлын 900 мянган ам метр талбайд хөөстэй угаалга, ариутгал, халдваргүйтгэл хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар хотын төв болон гэр хорооллын иргэдийн хөдөлгөөн ихтэй 39 гудамж, талбайн 389 мянган ам метр талбайд хөөстэй угаалга хийж, ариутгаж халдваргүйжүүллээ.
Тус ажлыг тавдугаар сарын 28-наас эхлэн зохион байгуулж байна. Түүнчлэн замын хөдөлгөөнд саад учруулахгүй, түгжрэл үүсгэхгүй байх үүднээс 21:00 цагаас 07:00 цагийн хооронд гүйцэтгэж байна.
-
Цаг үе2025/02/26
Зарим сумын сургуульд техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ
-
Цаг үе2019/08/20
Дөрвөн вагон хөгцөрсөн цагаан будааг илрүүлжээ
-
Цаг үе2025/09/11
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
-
Улстөр нийгэм2024/09/13
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угс...
