Улстөр нийгэм
Хууль сахиулах салбарын “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” нээлтээ хийлээ
“Монгол Улсад хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх нь” төслийн хүрээнд хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчдад чиглэсэн “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” нээлтээ хийлээ.
Хөтөлбөр нь есдүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулагдах ба цагдаагийн байгууллагын 80, Дотоод хэргийн их сургуулийн 20 эмэгтэй алба хаагч хамрагдаж байна.
Төслийг АНУ-ын Төрийн департментийн Мансууруулах бодис, хууль сахиулах асуудал эрхэлсэн олон улсын товчооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байна.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ашхабад хотын олон улсын нисэх онгоцны буудлаас Туркменистан Улсын Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Атдаев тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордууллаа.
Айлчлалын хүрээнд Монгол Улс, Туркменистан Улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, айлчлалын дүнгээр хамтарсан мэдэгдэл гаргалаа.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Гурбангули Бердымухамедов зэрэг албаны хүмүүстэй уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистаны нэрт яруу найрагч, сэтгэгч М.Фрагигийн мэндэлсний 300 жилийн ойд зориулсан “Цаг үе, соёл иргэншлийн хэлхээ холбоо – Энх тайван, хөгжлийн үндэс суурь” сэдэвт олон улсын форумд хүндэт зочноор оролцож, нээлтийн үйл ажиллагаанд үг хэллээ.
Айлчлалын хүрээнд “Монгол-Туркменистаны соёлын хамтарсан тоглолт”-ыг хоёр улсын Төрийн тэргүүн нарын ивээл дор зохион байгуулж, Монгол Улсын Морин хуурын найрал хөгжим анх удаа Ашхабад хотноо эгшиглэлээ.
Мөн “Монгол-Туркменистаны бизнес форум”-ыг амжилттай зохион байгуулж, хоёр орны бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хоорондын хэлхээ холбоог тогтоосон нь цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.
1992 онд Монгол Улс болон Туркменистан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи хугацаанд анх удаа хэрэгжсэн энэхүү дээд түвшний айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавьсан чухал ач холбогдолтой айлчлал болж өндөрлөлөө.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цаг үе, соёл иргэншлийн хэлхээ холбоо-Энх тайван, хөгжлийн үндэс суурь” олон улсын форумд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд “Цаг үе, соёл иргэншлийн хэлхээ холбоо-Энх тайван, хөгжлийн үндэс суурь” олон улсын форумд хүндэт зочноор оролцож, нээлтийн үйл ажиллагаанд үг хэллээ.
Энэхүү арга хэмжээг Туркменистаны төр, Засгийн газраас тус улсын нэрт яруу найрагч, сэтгэгч Махтумгулы Фраги-гийн мэндэлсний 300 жилийн ойд зориулан зохион байгуулсан бөгөөд тус форумд Армени, Иран, Казахстан, Киргиз, Пакистан, Орос, Тажикистан, Узбекистан зэрэг улсын төрийн тэргүүн нар болон Азербайжан, Ирак, Турк улсаас өндөр түвшинд төлөөлөгчид мөн оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч форумын хүрээнд зарим улс орнуудын төрийн тэргүүн нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Нэрт яруу найрагч Махтумгулы Фраги-гийн уран бүтээлүүд нь Туркменийн ард түмний эв нэгдэл, найрамдлын үзэл санаан дээр суурилсан бөгөөд өнөөг хүртэл залуу үеийнхний эх оронч үзэл, ёс суртахууны хүмүүжлийг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй талаар судлаачид тэмдэглэсэн байна.
2023 онд ЮНЕСКО-гоос Туркменийн яруу найрагч, сэтгэгч Махтумгулы Фраги-гийн мэндэлсний 300 жилийн ойг тэмдэглэх тогтоол гаргаж, түүнийг “Дэлхийн дурсамж”-ийн бүртгэлд оруулсан байна.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоно
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо 2024 оны аравдугаар сарын 15-16-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор өнөөдөр мордлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пакистан Улсад ажиллах үеэр Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын тэргүүн нарын гурван талт уулзалтад оролцож, Пакистан Улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нартай тус тус хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна.