Улстөр нийгэм
Өвөл, хаврын бэлчээрийн даац нийт нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй байна
Цаг уур орчны шинжилгээний газраас Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ болон бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолон гаргасан байна.
Зуншлагын байдал өнгөрсөн наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд сайн, 20 гаруй хувьд дунд зэрэг, цөөн сумдын нутгаар муу гэж үнэлэгдсэн.
Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
47% - Бэлчээрийн нөөцтэй
20% - Бэлчээр хүрэлцээтэй
21% - Даац 1-3 дахин хэтэрсэн
4% - Даац 3-5 дахин хэтэрсэн
8% - Даац олон дахин хэтэрсэн байна.
Өөрөөр хэлбэл, өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 30 гаруй хувьд хэтэрч гарлаа.
Аймгийн дүнгээр авч үзвэл, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгуудын зарим сум, багийн нутгаар даац хэтэрч гарсан. Бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан сумдад Баян-Өлгийн Сагсай, Увсын Завхан, Ховдын Мөст, Мянгад, Буянт, Говь-Алтайн Алтай, Баянхонгорын Галуут, Баянговь, Баянлиг, Хөвсгөлийн Төмөрбулаг, Цагаан-Уул, Өвөрхангайн Нарийнтээл, Уянга, Гучин-Ус сумд хамрагдаж байна. Харин Баян-Өлгийн Ногооннуур, Цэнгэл, Баяннуур, Алтай, Увсын Зүүнхангай, Түргэн, Ховдын Чандмань, Манхан, Дөргөн, Говь-Алтайн Тайшир, Төгрөг, Цээл, Халиун, Есөнбулаг, Дэлгэр, Бигэр, Завханы Баянтэс, Баянхонгорын Баацагаан, Бөмбөгөр, Архангайн Цэцэрлэг, Ихтамир, Цэнхэр, Булган, Хөвсгөлийн Бүрэнтогтох, Галт, Тосонцэнгэл сумдын нутгаар 3-5 дахин хэтэрч (улбар шар) гарлаа. Мөн нутгийн 21 хувьд даац 1-3 дахин хэтэрч (шар) гарсан.
Бэлчээрийн даац нь тухайн газар нутгийн бэлчээрт бэлчээж болох эсвэл бэлчээрийн нөөцөөс хэтэрсэн малын тоог илтгэх бөгөөд энэ жилийн хувьд зуншлага харьцангуй сайн байсан бүс нутгаар бэлчээр хүрэлцээтэй, нөөцтэй байна.
Хүйтний улиралд цас их орох, өнгөн хэсэг нягтарч хатуурах, цагаан болон мөсөн зудын нөхцөл үүсэх тул бэлчээр хомсдоход хүрдэг. Иймд ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан аймаг, сумдын нутагт өвс хадлан, нэмэгдэл тэжээл олж нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлж, өвөлжилт хаваржилтанд бэлтгэх шаардлагатай байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Улстөр нийгэм
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Шинэ цагийн малчин” аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтаар баталлаа. Хөдөлмөрийн бүтээмж, малын ашиг шимийг нэмэгдүүлж, малчдын орлого, амьдралын чанарыг сайжруулах бодлого баримтлан тус аяныг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.
Нэгдүгээр шатанд буюу 2026-2027 онд өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулахад чиглэсэн тэжээлийн дэмжлэг үзүүлэх, малын тэжээлийн зохистой хэрэглээний талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, сайн туршлагыг дэлгэрүүлэх, эрсдэлийн үед шуурхай мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор интернэтийн сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Хоёрдугаар шатанд мал аж ахуйн салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, малчдын орлогыг тогтвортой өсгөх, нийгмийн үйлчилгээний хүртээмж, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Улстөр нийгэм
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.11.11/ болж, иргэдийн хувийн хэрэгцээний авто зогсоол, гараашийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх асуудлаар УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ.
100 гаруй мянган иргэний дэмжсэн “Гараашны татвар цуцлуулах” төслийг УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгахаар боллоо. УИХ-ын гишүүн А.Ганбаатар уг төслийг энэ оны тавдугаар сараас боловсруулж, есдүгээр сарын 11-нд D-Parliament цахим хуудсаар олон нийтийн санал авч, Засгийн газарт хүргүүлээд байсан юм.
Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх О.Батхүү E-Zasag.mn системээр “Гараашны татвар цуцлуулах” санаачилга гаргаж 20 хоногт 100 гаруй мянган иргэн дэмжсэн юм.
Шинэчлэгдсэн төслөөр Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэдийн өмчилж буй хувийн хэрэгцээний гарааш, авто зогсоолын нэгийг үл хөдлөхийн татвараас бүрэн чөлөөлөхөөр тусгаж байна.
Цаг агаарын онцлог, эрс тэс уур амьсгалтай манай улсад гарааш нь тансаг хэрэглээ биш, өрхийн ахуйн хэрэгцээ тул татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
-
Улстөр нийгэм2021/01/21
Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандаж мэдэгдэл хийж байна
-
Улстөр нийгэм2024/08/27
Орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 13 га талбайн барилга угсралтын ажлын тенд...
-
Шударга мэдээ2026/01/19
Нөөцийн махыг энэ сарын 20-ноос хүнсний 410 дэлгүүрээр худалдаална
-
Цаг үе2026/03/17
Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна
