Цаг үе
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2024 оны аравдугаар сарын 28-ны өдөр боллоо. Ээлжит шуурхай зөвлөгөөнөөр өмнөх зөвлөгөөний үүрэг, даалгаврын биелэлтийг товч хэлэлцлээ.
Зөвлөгөөний эхэнд нийтийн тээврийн үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд 16 байршилд холбоос зам хийх шаардлагатай.
Энэ дагуу авто замын ажлын зураг төслийг боловсруулж байгааг Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Р. Дагва, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү танилцууллаа.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө.
Тодруулбал, авто зам, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн хүрээнд ухсан нүх, эвдэрсэн авто зам, явган зам талбайг шуурхай нөхөн сэргээн засварлаж, ажлын чанарт хяналт шалгалт хийж, дүнг танилцуулах,
Нийслэлийн 2024 оны төсвийн орлогыг нэмэгдүүлж, орлогын эх үүсвэрийн бааз суурийг өргөжүүлэх ажлуудыг эрчимжүүлэх,
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон “Зогсоол” хөтөлбөр, Орон сууцны бодлогын хөтөлбөр боловсруулах ажлын явцыг танилцуулах,
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж байгаа болон цаашид авч, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулах,
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлээс шалтгаалсан нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг судалж, түгжрэлийг бууруулах дунд болон богино хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг танилцуулах,
“Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийн хэрэгжилтийг хангуулах, газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж, танилцуулах,
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай үйл ажиллагааг хангаж ажиллах,
Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах,
Нийслэлийн хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж, үйлчилгээний чанарт хяналт шалгалтыг зохион байгуулах зэрэг ажлыг үүрэг болгосон юм.
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 2025 онд зам тээврийн ослын улмаас 150 хүний амь нас хохирчээ
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.10 дугаар зүйлийн 4.1,4.2 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийн гаралт, шүүхээс оногдуулж буй ял, шийтгэлийн байдлыг 2025 оны байдлаар судаллаа.
2025 оны байдлаар нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас 150 хүний амь нас хохирч, үүнээс 18 нь насанд хүрээгүй, 132 нь 18-аас дээш насныхан байна. Ослын улмаас амиа алдсан хүний тоо өмнөх оны мөн үеэс 34 хэргээр буюу 30.3 хувиар өссөн байна.

Тээврийн прокурорын газраас зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт хяналт тавьж, шүүхэд шилжүүлсэн хэргээс анхан шатны шүүх 18 хэрэгт тэнсэх, 49 хэрэгт ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Одоогоор 75 хэрэг шалгах ажиллагаа хийгдэж байна.
Судалгааны дүнгээс үзэхэд “Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон” хэрэгт бүрэн дунд болон дээд боловсролтой, хөдөлмөр эрхэлдэг хүмүүс зонхилон холбогджээ.
Хүйтний улиралд замын нөхцөл байдал хүндэрч, халтиргаа, гулгаа ихтэй нөхцөл байдлыг харгалзан бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх, жолооч нар техникийн бүрэн бүтэн байдлыг ханган хурдаа тохируулж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.
Цаг үе
Тойрог замын төсөл нь түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад бодит шийдэл болно
Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилготой “Нэгдүгээр тойрог зам” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн материал хүлээн авч байна.
Уг төсөл хэрэгжсэнээр нийслэл хотод олон улсын стандартад нийцсэн, олон эгнээ бүхий автозамын сүлжээ шинээр баригдах юм.
Төслийн трасс нь Баянгол дүүргийн 1, Сонгинохайрхан дүүргийн 9, Чингэлтэй дүүргийн 5, Сүхбаатар дүүргийн 1, Баянзүрх дүүргийн 13 хороо буюу нийт 5 дүүргийн 29 хорооны нутаг дэвсгэрийг хамарна. Автозамын нийт уртын 90 гаруй хувь нь гэр хорооллын бүсээр төлөвлөгдсөн нь хотын захын суурьшлын бүсүүдийг хооронд нь холбож, төв рүү чиглэсэн хөдөлгөөний ачааллыг сааруулах ач холбогдолтой юм. Мөн автозамын трассын дагуу инженерийн дэд бүтцийн шугам, хоолойн төлөвлөлтийг цогцоор нь шийдвэрлэж, хот байгуулалтын зохион байгуулалт сайжрах нөхцөл бүрдэнэ.
Сүүлийн үеийн судалгаа, тооцооллоор замын түгжрэл, удаашрал нь дотоод шаталтат хөдөлгүүрээс ялгарах хорт бодисын хэмжээг огцом нэмэгдүүлж байгааг онцолжээ. Дотоод шаталтат хөдөлгүүрийн утаанд 200 орчим төрлийн химийн нэгдэл, хорт бодис агуулагддаг бөгөөд энэ нь автомашины элэгдэл, шатахуун зарцуулалт, тээврийн хэрэгслийн жин, замын эсэргүүцэл, хөдөлгөөний хурд, жолоочийн ур чадвар, засвар үйлчилгээний чанар зэрэг олон хүчин зүйлээс шууд хамааралтай байна. Ялангуяа эвдэрч муудсан зам, түгжрэл ихтэй нөхцөлд хөдөлгүүр илүү ачаалалтай ажиллаж, шатахуун зарцуулалт болон агаарын бохирдол нэмэгдэх сөрөг үр дагавартай.
Тодруулбал, дундаж хурд, ачаалалтай автомашин 1 кг бензин шатаахад дунджаар 300-310 грамм, 1 кг дизель түлш шатаахад 80-100 грамм хорт бодис агаарт ялгаруулдаг гэсэн судалгааны дүн бий. Иймээс замын хөдөлгөөний урсгалыг жигдрүүлж, түгжрэлийг бууруулах нь агаарын бохирдлыг багасгах бодит шийдэлд тооцогдож байна.
“Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр хотын төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн ачаалал буурч, хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэх, шатахуун зарцуулалт багасахын зэрэгцээ агаарын бохирдол, хорт хий ялгаралт мэдэгдэхүйц буурах нөхцөл бүрдэх юм.
Цаг үе
Түрээсэлсэн автомашинаа бусдад зарсан үйлдлийг илрүүлжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн хэрэгслээ түрээслэхээр өгсөн чинь орон нутагт аваачаад зарсан байна” гэх гомдол мэдээллийг ирүүлсэн.
Урьдчилсан байдлаар иргэн Б нь энэ оны 01 дүгээр сарын 08-ны өдөр түрээслэх зорилгоор авсан бусдын тээврийн хэрэгслийг Ховд аймаг руу унаж очин, бусдад худалдсан нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд иргэд та бүхэн өөрийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэхдээ энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
-
Улстөр нийгэм2021/01/20
УНТЭ ХӨСҮТ-тэй ижил түвшний PCR шинжилгээний лабораторитай боллоо
-
Цаг үе2022/06/28
ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит грантын шагналыг олгожээ
-
Улстөр нийгэм2023/11/02
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүл...
-
Шударга мэдээ2022/01/27
Цэцэрлэг, сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 14-нд эхлүүлнэ
