Улстөр нийгэм
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн-д “Чингис хаан” одон хүртээнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг БНСУ-ын иргэн, НҮБ-ын наймдахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-д хүртээхээр боллоо. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нар мэдээлэл өглөө.
Бан Ги Мүн нь АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфордын дараа “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртэж байгаа хоёр дахь гадаад хүн болж байна.
“Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журам”-д “Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтөний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэн”-ийг шагнаж болохоор заасан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр” буюу 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн ордонд гардуулна.
Бан Ги Мүн-ий Монгол Улс, БНСУ-ын харилцаанд оруулсан хувь нэмэр
Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжих үндэс суурийг тавьж, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан юм.
Тэрбээр 2004-2006 онд БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайдаар ажиллаж байхдаа БНСУ-ын Ерөнхийлөгч Ну Мү Хёны 2006 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалыг хэрэгжүүлсэн.
Айлчлалын дүнд:
- 1999 онд тунхагласан Монгол Улс, БНСУ-ын “бие биеэ нөхсөн хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурласан харилцааг “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл” болгон шат ахиулан хөгжүүлэхээр тохирсон,
- Хоёр улсын хамтын ажиллагааг мэдээлэл, харилцаа холбоо, эрчим хүч, барилга, зам, тээврийн салбарт өргөжүүлж, яам, байгууллага хоорондын харилцаа холбоо бэхэжсэн,
- Хоёр улсын Засгийн газар хооронд “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр” байгуулсан нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж, хоёр улсад оршин суугаа монгол, солонгос иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн солилцоог эрчимжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.
Бан Ги Мүн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2009 оны 07 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд анх удаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн.
Энэ айлчлал Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, НҮБ бол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн баталгаа болохыг дэлхий дахинд нотлон харуулж, улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсон юм.
Мөн ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засагт амжилттай шилжсэн манай улсын туршлага болон Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлж байсан төр, засгийн үйл ажиллагаа, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оруулсан хувь нэмрийг олон улсад таниулсан түүхтэй.
Хүнсний хангамжийг сайжруулах, санхүүгийн хямралыг даван туулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх зэрэг чиглэлээр Монгол, НҮБ-ын хамтын ажиллагааг улам эрчимжүүлсэн юм.
Бан Ги Мүн “Монгол Улс нь ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засагт амжилттай шилжсэн, Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулан хэрэгжүүлж буй үлгэр жишээ цөөхөн орны нэг” гэж үнэлсэн.
Энэ нь манай улсын төр, засгаас явуулж буй бодлого, үйл ажиллагааг сайшаасан, олон улсын түвшинд таниулах ач холбогдолтой байлаа.
Манай улс Мянганы хөгжлийн зорилтуудын дийлэнхийг амжилттай хэрэгжүүлсэн. Найман зорилгоос гадна Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх тухай 9 дүгээр зорилгыг нэмж батлан хэрэгжүүлээд байна.
Бан Ги Мүн айлчлалынхаа үеэр:
- “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуй” сэдвээр лекц уншсан нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг багасгах, шинэ нөхцөл байдалд дасан зохицох чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд томоохон түлхэц болсон,
- Зэвсэгт хүчний энхийг дэмжих сургалтын төвд зочилж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулж буй Монгол Улс, хүлээсэн үүргээ нэр төртэй, сахилга баттай гүйцэтгэж буй цэнхэр дуулгатнуудад НҮБ бүх талын дэмжлэг үзүүлэхээ нотолсон,
- Улаанбаатар хот дахь “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-ийг нээж, Монгол Улс далайд гарцгүй орнуудад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх талаар олон улсын хамтын нийгэмлэгт манлайлах үүрэгтэй оролцох үндэс суурийг тавьсан. Дамжин өнгөрөх тээврийн үр ашигтай тогтолцоо бий болгох, зардлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, амьжиргааны түвшинг дээшлүүлэх чиглэлээр энэ төвийг НҮБ бүх талаар дэмжиж, туслахаа мэдэгдсэн.
Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тохиолдуулан илгээсэн мэндчилгээндээ, “Монгол Улс ямагт НҮБ-ын идэвхтэй гишүүн байсаар ирсэн. Олон улсын 140 гэрээ, конвецид нэгдэн орж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг идэвхтэй ажиллаж байна. Нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарлаж, жил бүр зэвсэг хураах долоон хоногийг тэмдэглэн өнгөрүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлын төлөө оруулж байгаа хувь нэмрийг өндөр үнэлж байна. Монгол Улс ардчилсан нийгэмд энх тайван замаар дэвшин орсонд бид бахархдаг” гэж онцолж байлаа.
Бан Ги Мүн-ий санаачилсан болон тэргүүлдэг төрийн бус байгууллагууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, сэргээгдэх эрчим хүч зэрэг чиглэлээр манай улсад хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, хамтран ажиллаж байна.
Тухайлбал “Ногоон хөгжлийн сан” 470 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж үзүүлж, “Global green growth” институт нь 100 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламжаар хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.
“Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан нь АНУ-ын Стэнфорд их сургуультай хамтран Улаанбаатар хотноо 2003, 2004 онд “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г зохион байгуулж, Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахын төлөөх Монгол Улсын хүч чармайлтыг идэвхтэй дэмжиж ирсэн юм.
Мөн “Азийн төлөөх Боао форум”-ын тэргүүний хувиар 2019 онд Улаанбаатар хотноо болсон Боао форумын бага хуралд оролцсон бөгөөд “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан “Солонгос, Монголын ирээдүйн стратеги” форумыг 2023 онд Сөүл хотноо, 2024 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахад дэмжиж оролцжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн /2007-2016/
Нэгдсэн Үндэстний Байгууллагын найм дахь, Ази, Номхон далайн орнуудаас сонгогдсон хоёрдахь Ерөнхий нарийн бичгийн дарга.
Бан Ги Мүний анхны томоохон санаачилгуудын нэг нь 2007 оны Уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний уулзалт юм. Түүний дипломат хичээл зүтгэл, хүчин чармайлтын үр дүнд уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхийн улс орнуудын анхаарлын төвд орсон.
Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төр, засгийн тэргүүнүүдийг улс төрийн зориг гаргахыг уриалж, ирээдүй хойч үе, олон тэрбум хүний амьдрал, хүсэл тэмүүлэл тэдний гарт байгааг сануулж байсан удаатай.
Энэ нь биеллээ олж, 2020 оноос хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, агаар дахь нүүрсхүчлийн хийг бууруулах замаар дэлхийн цаг агаарын дулаарлыг зогсоох зорилготой “Парисын хэлэлцээр” батлагдсан юм.
190 гаруй орон, түүний дотор Монгол Улс хүлээн зөвшөөрч, 2016 оны 04 дүгээр сарын 22-нд гарын үсэг зурсан энэ хэлэлцээр дэлхийн хамтын нийгэмлэгийн эв санааны нэгдлийг харуулсан, том урам, зориг өгсөн үйл явдал болж байлаа.
Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд анхаарсан
- Мянганы хөгжлийн зорилтуудын асуудлаарх дээд хэмжээний уулзалт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан хугацааныхаа сүүлийн жил хүртэл зохион байгуулсан. Энэ хүч чармайлтын дүнд Мянганы хөгжлийн зорилтуудын ихэнхийг хэрэгжүүлэхэд томоохон ахиц дэвшил гаргаж чадсан,
- Дэлхийн хамгийн ядуу, хамгийн эмзэг бүлгийн хүмүүст дуу хоолойгоо хүргэж, НҮБ-ыг бэхжүүлэхийн тулд гүүр нь байхыг эрмэлзэж ирсэн,
- Африк тив болон эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийн дэлхийн шинэ стратегид 60 тэрбум гаруй ам.долларын хандив босгож чадсан. 2008 оны хүнс, эрчим хүч, эдийн засгийн хямралын оргил үед хөгжиж буй орнуудад нэг их наяд ам.долларын санхүүжилт олгохыг Их-20-д уриалж, олон улсын хариу арга хэмжээг удирдан чиглүүлэх, эмзэг бүлэг, ядуу хүмүүсийг хамгаалахын төлөө хүчин зүтгэсэн,
НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг бэхжүүлсэн
- Өвөрмөц дипломат арга барил, гүйцэтгэсэн үүргээрээ даян дэлхийн амар амгалан байдал, эв нэгдлийг илэрхийлсэн,
- НҮБ-ын 120,000 цэнхэр дуулгатны нөлөөллийг сайжруулахад чиглэсэн санаачилга, үйл ажиллагааг дэмжих зэрэг багц арга хэмжээ хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн,
- Зэвсэг хураах асуудлаарх төлөвлөгөө, Зэвсэг хураах бага хурлыг гацаанаас гаргах хүчин чармайлт, Фүкүшима атомын цахилгаан станцад болсон эмгэнэлт явдлын дараах цөмийн аюулгүй байдалд дахин анхаарал хандуулах замаар зэвсэг хураах асуудлыг шинэчлэхийг эрмэлзсэн.
НҮБ-д шинэчлэл хийсэн
- НҮБ-ын Ёс зүйн албыг бэхжүүлж, байгууллагаа ил тод, үр дүнтэй, үр өгөөжтэй болгоход чиглэсэн арга хэмжээ, тэр дундаа санхүүгийн ил тод байдлын шаардлагуудыг нэмэх, бизнесийн үйл ажиллагаа, үйлчилгээний нөхцөлийг уялдуулах зэрэг дэс дараатай арга хэмжээ авсан,
- Эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдлын төлөө олон ажил, санаачилга дэвшүүлж ажилласан. Ялангуяа НҮБ-ын хүрээнд удирдах албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоог 40 гаруй хувиар нэмэгдүүлж, байгууллагын түүхэнд хамгийн өндөр түвшинд хүргэжээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг:
- 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат
- 2006 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав
- 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн
- 2010 онд төр, нийгмийн зүтгэлтэн, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Р.Гончигдорж
- 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди
- 2012 онд УИХ-ын дарга асан, гавьяат эдийн засагч Д.Дэмбэрэл
- 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном
- 2014 онд нэрт эрдэмтэн, физикч, академич Х.Намсрай
- 2015 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо
- 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар
- 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр
- 2019 онд The Hu хамтлаг
- 2021 онд сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа
- 2021 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин
- 2022 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Д.Доржготов, АНУ-ын эрдэмтэн, доктор, профессор Жак Уэтерфорд
- 2023 онд Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээжээ.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа
Холбооны Гадаад хэргийн яамны “Вилла Борсиг” цогцолборт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүрэлцэн ирэхэд Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр угтан мэндчилэв.
Хоёр улсын төрийн тэргүүн нар дурсгалын зураг татуулж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурлаа.
Угтах ёслолын үеэр Хүндэт харуулын цэргүүд жагсаж, харуулын захирагч айлтгал өргөв.
Монгол Улс, ХБНГУ-ын төрийн дуулал үлээвэр найрал хөгжимд эгшиглэсний дараа Ерөнхийлөгч нар Хүндэт харуулын цэргүүдийн өмнүүр алхаж, харуулын тугийн өмнө хүндэтгэл үзүүлэв.
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс үүрэгт ажилдаа орсон.
Холбооны Ерөнхийлөгчийг Бундестагийн нийт гишүүд болон муж улсуудын парламентуудаас сонгогдсон Бундестагийн гишүүдийн тоотой тэнцүү тооны төлөөлөгчөөс бүрдэх Холбооны хурлаар 5 жилийн хугацаагаар сонгодог.
Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 2008 онд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоож, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улсаас ХБНГУ-д төрийн тэргүүний түвшинд 1995, 2000, 2012, 2015 онд тус тус айлчлал хийсэн. ХБНГУ-аас Монгол Улсад төрийн тэргүүний түвшинд 1998, 2008, 2015, 2024 онд тус тус айлчилжээ.
Улстөр нийгэм
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


Улстөр нийгэм
“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын үеэр иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав
“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт /2026.10.18/ Ховд аймагт болов. Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад орсноор Евразийн зах зээлд бараа бүтээгдэхүүн экспортлох үүд нээгдэнэ.
Экспортыг дэмжих логистикийн төвийг Ховд аймагт байгуулна. Эрдэнэбүрэнгийн УЦС баруун бүсийн эрчим хүчний тусгаар тогтнолыг хангах том төсөл гэдгийг хүн бүр ойлгож, дэмжих нь чухал гэлээ. Мөн "Ховд эко цемент" үйлдвэрийн бүтээн байгуулалтаар бахархаж буйгаа Ерөнхий сайд хэлээд Засгийн газар хөдөлмөрлөж, хийж бүтээж буй иргэн бүрээ дэмжинэ гэв.

Засгийн газар 2026 оны улсын төсвийн тодотголыг өргөн мэдүүлж, төрийн зардлаас 1.4 их наяд төгрөг танаж батлуулсныг танилцуулав. Хэмнэсэн зардлыг иргэдийн цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх, өрхийн бодит орлогыг хамгаалахад зориулна гэдгийг онцлов. Тухайлбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 01-нээс ахмадууд 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр авна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр 26 хувиар нэмэгдэж 600 мянган төгрөг, асран хамгаалагчдын тэтгэмжийг мөн 12 хувиар нэмсэн. Эмч, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг жигд 50 хувиар нэмнэ. Багш, боловсролын салбарын ажилтны цалинг бүтэн жилээр нь олгоход дутагдаж байсан 674.5 тэрбум төгрөгийг батлуулсан. Мах, гурил, хүнсний ногооны нөөц бүрдүүлнэ. Цахилгааны үнэ нэмэхгүй. Шатахууны импортын татварыг тэглэсэн шийдвэрийг үргэлжлүүлнэ гэлээ.

Мөн 2027 оны төсвийн төслийн онцлох есөн шийдвэрийг танилцуулав. Монгол Улс анх удаа Оюу толгойгоос хүртэх ногдол ашиг гурван их наяд төгрөгийн өгөөжийг ард түмэндээ хүргэнэ. 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулж, өвлүүлэх, бэлэглэх, арилжих нөхцөл бүрдүүлнэ. Татварын реформ хэрэгжүүлж, иргэд, аж ахуйн нэгжийг 1.3 их наяд төгрөгийн татвараас чөлөөлнө. Тэтгэврийн реформоо үргэлжүүлж дундаж тэтгэврийг 1.3 сая төгрөгт хүргэнэ. Ахмадуудыг эмийн үнийн дарамтаас чөлөөлнө, иргэдийн эмэнд төлөх 79 тэрбум төгрөгийг халаасанд нь үлдээнэ. 16 мянган өрхийг орон сууцтай болгоно. Төрийн албан хаагчдын цалинг 10-20 хувь нэмнэ. Эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулж “Ногоон сургууль”-ийн тоог нэмнэ зэрэг иргэн, бизнес эрхлэгчдээ дэмжих төсвийн төслөө дэлгэрэнгүй тайлбарлалаа.

Мөн Засгийн газрын хэрэгжүүлж буй Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо танилцуулсан. Төсвийн орлогод эзлэх татварын орлогын хэмжээг үе шаттайгаар бууруулж иргэд, аж ахуй нэгжийг дэмжинэ. Засгийн газар төрийн өмчит компаниудыг татан буулгаж байна. ТӨК-иудын реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Баялгийн сангаас иргэн бүр тэгш өгөөж хүртэх боломжийг нээнэ. Баялгаа олборлох бус боловсруулж, нэмүү өртөг бий болгох хүрээнд Ган, Зэс боловсруулах цогцолбор, Нүүрс-пиролизын үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн паркийн төслийг эхлүүлсэн. Эдгээр төслийн үр дүнд 2030 он гэхэд 41 мянган шинэ ажлын байр бий болно. Үйлдвэрүүдэд ажиллах хүний нөөцийн суралцах зардлыг Боловсролын зээлийн сангаас шийдвэрлэнэ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулж, түлш, шатахууны хэрэглээнийхээ 50 хувийг хангана. 2030 он гэхэд 3199 МВт хүчин чадалтай болж эрчим хүчний бие даасан байдлыг бүрдүүлнэ. Хүнсний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнэ тогтворжуулах бодлого баримтална. 50 мянган яндан буулгаж, 100 мянган айлыг орон сууцанд хамруулна. Авлигатай ил тод тэмцэнэ. 2030 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ. Одоо 27 хувьтай байгаа ядуурлын түвшинг 15 хувь хүртэл бууруулна гэлээ.

Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмж, тэтгэврийн шударга тогтолцооны суурийг тавьж, эмийн үнийн дарамтыг багасгаж буйд Ховд аймгийн иргэд талархал илэрхийлэв.
Улсын хэмжээнд 1600 гаруй цаг уурч байдаг. Нарийн мэргэжлийн энэ хүмүүсийн цалин хөлс, нийгмийн асуудал орхигдсон байсныг Засгийн газар шийдвэрлэж, анхаарч буйд тэд баяртай байгаагаа хэллээ.
Мөн Халзанбүрэгтэй төслийн хүрээнд орон нутгийнхны санал хүсэлтийг бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсэв.




-
Улстөр нийгэм2020/11/10
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
-
Үзэл бодол2020/09/24
УИХ-ын дарга Г.Занданшатар “Монголын нууц товчоон”-ыг хэвлэх, түгээх...
-
Улстөр нийгэм2020/06/27
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдтэй уулзлаа...
-
Урлаг спорт2022/03/21
Тайз, дэлгэцийн шилдэг уран бүтээлч, бүтээл шалгаруулах “Мөнгөн мод”...
