Цаг үе
“Сэтгэхүйн тойрог” хууль зүйн сэтгүүлчдийн клуб үйл ажиллагаагаа эхэллээ
Энэхүү клуб хууль зүйн мэдээллийг нийгэмд илүү хүртээмжтэй болгох, олон нийтийн эрх ашгийг хамгаалах, шударга ёсыг бэхжүүлэх зорилготой.
Хуульчид, сэтгүүлчид хамтран ажиллах нь зөвхөн мэдээллийн чанарыг сайжруулах бус, олон нийтийн амьдралд чухал өөрчлөлт авчрах боломжийг олгодог. Олон улсын туршлагаас үзэхэд хуульчид, сэтгүүлчид хамтран ажиллах нь зөвхөн мэдээллийн чанарыг сайжруулаад зогсохгүй, шударга ёсыг бэхжүүлэхэд томоохон нөлөө үзүүлдэг байна. АНУ-ын "The Marshall Project", "ProPublica", Их Британийн "The Bureau of Investigative Journalism", Францын "Mediapart", Германы "Correctiv" зэрэг байгууллага болон хуульчид, сэтгүүлчид хамтран ажиллаж, олон нийтийн эрх ашгийг хамгаалах томоохон нөлөөлөл үзүүлжээ.
Мөн Олон улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум (ICIJ) нь хуульчид, судлаачид, сэтгүүлчдийн хамтын ажиллагааны хүчийг харуулсан томоохон жишээ юм. Тэд олон улсын хэмжээнд авлига, хүний эрхийн зөрчил, хууль бус санхүүгийн урсгал зэрэг асуудлыг ил болгож, бодит өөрчлөлтийг авчирсан. Манай улсад ч ийм жишгийг хэрэгжүүлэх цаг болсон гэдгийг “Сэтгэхүйн тойрог” клубийн хуульчид, сэтгүүлчид хэлж байна.
Хуульчид сэтгүүлчдэд хуулийн талаарх зөвлөгөө өгөх замаар тэдний хууль зүйн мэдлэгийг сайжруулдаг бөгөөд хууль зүйн эрсдэлээс хамгаалж, шударга ёсыг бэхжүүлэхэд тусалдаг. Мөн сэтгүүлчдэд эх сурвалж хамгаалах, олон нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлд тусгай хууль зүйн стратеги боловсруулахад хуулийн хэрэгслүүдийг санал болгодог. Тус клуб зөвхөн мэдээлэл түгээх бус, хуульчид сэтгүүлчдэд зөвлөмж өгч, хамтран олон нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлд үүрэг гүйцэтгэх юм. Түүнчлэн мэдээллийг илүү үр дүнтэй түгээж, зохион байгуулалттай шинэчлэл хийх боломжтой. Хуульчид сэтгүүлчдэд хуулийн зөвлөмж өгөх замаар илүү хариуцлагатай, баталгаатай мэдээлэл өгч, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрахад хувь нэмэр оруулах юм. Мөн хууль зүйн сэтгүүл зүйг шинэ шатанд гаргаж, олон нийтэд итгэлтэй, бодит мэдээлэл хүргэхээр төлөвлөжээ.



Цаг үе
Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр эхэлнэ
2026 оны Элсэлтийн шалгалт өнөөдөр буюу зургаадугаар сарын 25-нд Түүхийн хичээлээр эхэлнэ. 2026 оны "Элсэлтийн шалгалт"-д нийт 49,014 шалгуулагч бүртгүүлсэн байна. Бүртгүүлсэн нийт шалгуулагчдын 87 хувь энэ оны төгсөгчид бол 13 хувь нь өмнөх оны төгсөгчид байна. Мөн бүртгүүлэгчдийн 55 хувийг эмэгтэй , 45 хувийг эрэгтэй шалгуулагч эзэлж байна.
Нийт шалгуулагчдын 53.2 хувь нь нийслэл хотод, 46.8 хувь нь орон нутагт бүртгүүлсэн байна.Шалгуулагчид Математик, Англи хэл, Нийгэм судлал гэсэн хичээлүүдийг хамгийн их сонгон шалгуулахаар бүртгүүлсэн байна.
2026 оны Элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид шалгалтын байранд ирэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна.
Бүртгэлийн хуудас /Таны бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Бүртгэлийн хуудас” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авна/
Суудлын хуваарь / Шалгуулагч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Суудлын хуваарь” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авна/
Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
Шалгуулагчид шалгалтын хуваарьт заасан цагаас нэг цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ба анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй болохыг анхаарна уу.

Цаг үе
Мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Прокурорын байгууллага 2026 оны эхний 6 сарын байдлаар мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон 171 хүнд холбогдох 117 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Нийслэл прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 6 дугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд 3 хүнд холбогдох 2 хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлж, шүүхээс 3 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2-10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.
Хэргийг тоймлон хүргэвэл
- Г.Э (42 настай, эрэгтэй), Э.А (40 настай, эрэгтэй) нар нь бүлэглэн НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын I жагсаалтад багтсан, делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 2025 оны 6 сард АНУ-аас захиалж, шуудан илгээмжээр улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 -т (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Г.Э, Э.А нарыг бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Г.Э-д 7 жилийн хорих ял, Э.А-д 10 жилийн хорих ял оногдуулсан.
- А.П (24 настай, эрэгтэй) нь 2025 оны 9 дүгээр сараас телеграмм аппликейшн ашиглаж бусадтай харилцан НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцийн I жагсаалтанд багтсан, мөн 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенц”-ийн I жагсаалтад багтсан, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисуудыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, өөрийн гэртээ болон биедээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс А.П-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисуудыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2026 оны зургаадугаарр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 27-32 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 19-21 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 20-22 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 18-20 хэм дулаан байна.
2026 оны зургаадугаарр сарын 26-наас
2026 оны зургаадугаарр сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 26-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27, 28-нд нутгийн хойд хагаст, 29-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-3 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
