Улстөр нийгэм
Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Тус хуулийн төсөлд нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст үнэ төлбөргүй үзүүлэх хууль зүйн туслалцааны төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, өмгөөлөгчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг энэ чиглэлд уялдуулан зохицуулах замаар Хууль зүйн туслалцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, үүнтэй холбогдуулан Өмгөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг боловсруулсан байна. Түүнчлэн, баривчлах шийтгэлийг оногдуулахгүй байх этгээдийн хүрээ хязгаарыг иргэдийн зүй ёсны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өргөжүүлэх, хуулийн тусгай ангид заасан зөрчил үйлдсэн этгээдэд оногдуулах баривчлах шийтгэлийг цөөрүүлэх, Улсын Их Хурлаас баталсан зарим хуультай холбогдуулан зөрчилд тооцох үйлдлүүдийг шинээр тусгах зэрэг зохицуулалт бүхий Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг багтаажээ. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шуурхай байдлыг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болон шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтнуудад бий болдог хүндрэл, чирэгдлийг багасгах, цахим үйл ажиллагааг нэвтрүүлэх зэргийг зохицуулах бүхий Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж буйг тодотголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Он гарснаас хойш нийслэл хотод шар өвсний 11 удаагийн шар өвсний түймэр бүртгэгджээ
Энэ онд Нийслэлийн хэмжээнд нийт 11 удаагийн шар өвсний түймэр, ойн санд 2 удаагийн түймэр бүртгэгджээ. Хуурайшилтын үе эхэлж байгаатай холбогдуулан байгаль хамгаалагчдын түймрийн үед ашиглах багаж хэрэгслийг бэлэн байдал, зуслангийн бүсэд оршин сууж буй болон дамжин өнгөрч байгаа иргэдийг мэдээллээр хангах зорилгоор түймрийн эрсдэл үүсэх нөхцөлийг бууруулах, сурталчлан таниулах тараах материалыг бэлтгэн хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.
- Түймрийн аюултай үед ойд аялал зугаалгаар явахаас татгалзах
- Хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
- Тамхи татах, асаагуур ашиглахаас аль болох татгалзах
- Түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
- Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох
- Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх
Ой хээрийн түймэр гарсан тохиолдолд Нийслэлийн Байгаль орчны газар болон орон нутгийн байгаль хамгаалагчид, Нийслэлийн Онцгой байдлын газарт яаралтай мэдээлж иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.
Улстөр нийгэм
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн цэвэрлэгээний ажлын хүрээнд Геодези, усны барилга байгууламжийн газраас Сонгинохайрхан дүүргийн 5, 27 дугаар хороонд байрлах Намгийн сувгийг цэвэрлэж, суваг дээгүүрх гарц гаргалгааны доогуурх мөс, лагийг гар молдок ашиглан цэвэрлэлээ.
Геодези, усны барилга байгууламжийн газар нийслэлийн хэмжээнд 165.7 км үерийн хамгаалалтын барилга байгууламжийн байнгын ашиглалтыг хариуцан ажилладаг. 2026 оны байдлаар 32 байршлын 34.8 км үерийн хамгаалалтын барилга байгууламжаас нийт 42.7 мянган шоо метр лаг хагшаас цэвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Мөн тус газраас иргэдийг үерийн далан, сувагт ахуйн хог хаягдал хаяхгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриаллаа.


Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн хотхоны хүндэт харуул угтаж авлаа.
Ерөнхийлөгч дүүргийн иргэдэд төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн байдал, санаачилсан хууль, түүний дотор чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болсон УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийн талаар танилцууллаа.
Тэрбээр улс орон, бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх, чадамжийг сайжруулах нь төрийн анхаарлын төвд байсаар ирснийг тэмдэглэлээ.
“Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт”, “Илгээлт-2100” гээд хоорондоо нягт уялдаатай хөтөлбөрүүд улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг хэллээ.
Үүнд Налайх дүүргийн удирдлага, төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүчин чармайлт, хичээл зүтгэл томоохон хувь нэмэр оруулж байгааг онцолж, талархал илэрхийллээ.
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж байгааг дурдлаа.
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөж 4,000 тн буюу 330 сая ам.долларт хүрч, гутлын үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 550 мянган хос гутлаар нэмэгдсэнийг хэллээ.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 21 улсын их, дээд сургуульд 1,055 оюутан суралцаж байгаагийн 10 гаруй нь Налайх дүүргийнх юм.
Эдгээр хүүхдүүд дэлхийн боловсрол эзэмшиж, орон нутаг, улс эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болно гэдэгт итгэл төгс байгаагаа Ерөнхийлөгч илэрхийллээ.
Налайх дүүрэгт бүтээн байгуулалт ид өрнөж байна. Тухайлбал төсвийн 56 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 79 Мегаваттын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, хувийн хэвшлийнхэн 50 Мегаваттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний станц барих гэж байна.
7,850 га талбайд байгуулсан “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүс нь Улаанбаатар-Чойр-Замын-Үүд чиглэлийн тээврийн коридорыг түшиглэн логистик, хөнгөн үйлдвэрлэл, нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийн томоохон зангилаа болох юм.
Налайхын үйлдвэр технологийн паркад 10 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 8 үйлдвэр, барилга ашиглалтад орж, иргэдийг ажлын байраар хангаж байна.
Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүд орон нутгийн хөгжил, иргэдийн боловсрол, эрүүл мэнд, ашиг орлого, аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал сайжрах, ажлын байр бий болох, байгаль орчноо хамгаалах зэрэгт томоохон хувь нэмэр оруулж байгааг дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр хэллээ.
Налайх дүүрэг цаашид аж үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбараа хөгжүүлж, иргэдэд ээлтэй жишиг хот болохыг зорьж байна.
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаагаа уулзалтад ирсэн иргэд хэлж байлаа. Мөн Ерөнхий сайд байхдаа Улиастайн гүүрээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг бүрэн шинэчилсэнд талархал илэрхийллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дүүргийн удирдлага, иргэдэд амжилт хүсэн, ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө хүн бүр хичээн зүтгэхийг уриаллаа.
Тэрбээр ажил үйлсээрээ бусдыгаа манлайлж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Засаг даргын Тамгын газрын Боловсролын хэлтсийн дарга асан, Үндэсний Техникийн их сургуулийн Эрчим хүч, тээврийн сургуулийн багш, техникийн ухааны доктор, дэд профессор Содномпилийн Гэлэгжамцад Гавьяат багш, “Нэмүүнтөгс” сувиллын үүсгэн байгуулагч, захирал, тэргүүлэх зэргийн их эмч Лхагважавын Өлзийбуянд Хүний гавьяат эмч цол хүртээлээ.
Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Төв аймагт ажиллана.



-
Улстөр нийгэм2021/06/16
Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын бодлогын зөвлөлдөх уулзалт болов
-
Улстөр нийгэм2025/03/06
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон, Монголын Найрамдлын нийгэмлэгүүдийн хүнд...
-
Улстөр нийгэм2021/10/22
Улаанбаатар хотод 2023 онд Азийн залуучуудын наадам болно
-
Улстөр нийгэм2025/04/01
Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг өргөн м...
