Шударга мэдээ
Төрийн банк “Кинг Тауэр” цахим тооцооны төвийн нээлтээ хийлээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд шинээр нээгдсэн Төрийн банкны “Кинг Тауэр” цахим тооцооны төв энэ сарын 07-ны өдөр албан ёсоор нээлтээ хийлээ.
“Кинг Тауэр” цахим тооцооны төвийн тухайд, оны эхнээс буюу нэгдүгээр сарын 08-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн амралтын өдөр болсон нээлтийн арга хэмжээний үеэр банкны гүйцэтгэх удирдлагууд, салбар нэгж, хүндэт харилцагчдын төлөөлөл тууз хайчлав.
Удирдлагуудын зүгээс шинэ тооцооны төв нь АТМ, киоск зэрэг төхөөрөмжөөр банк, санхүүгийн үйлчилгээг иргэдэд 24 цагаар бүхий л өдрүүдэд хүргэн ажиллахыг онцлоод тус тооцооны төв банкны цахим үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлж, санхүүгийн үйлчилгээг иргэдэд ойртуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэсэн юм.
Төрийн банкны хувьд, орон даяар байрлах 500 салбар нэгжээрээ дамжуулан 2.7 сая харилцагчид банк санхүүгийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Тэр дундаа Монгол Улсын хэмжээнд тэтгэвэр болон 100 гаруй төрлийн нийгмийн халамж олгох гүйлгээний 80 гаруй хувийг дангаараа гүйцэтгэдэг юм. Мөн Төрийн банк ногоон банк байх зорилтынхоо хүрээнд, иргэд, бизнес эрхлэгчдийн хүрээлэн буй орчинд ээлтэй шийдлүүдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр, хүртээмжтэйгээр санхүүжүүлсээр байна.
Банкны хүртээмжтэй байдал, иргэдэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг олон улсад нэр хүнд бүхий Global Banking & Finance publication байгууллагаас өндрөөр үнэлж, өнгөрсөн онд Төрийн банкийг "Монгол Улсын иргэдийн шилдэг банк"-аар шалгаруулсан. Тиймээс Төрийн банк энэ амжилтаа бататгаж, салбар нэгжүүдийнхээ тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ харилцагчийн өдөрлөг, арга хэмжээг зохион байгуулж, санхүүгийн боловсрол олгох, тогтвортой санхүүжилтийн талаар мэдлэг ойлголт өгөхөд онцгойлон анхаарч байгаа ажээ.
Итгэл төгс – Ногоон ирээдүй
Шударга мэдээ
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав
Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн хөрөнгө нь хууль ёсны орлогоор бий болсон эсэх, эх үүсвэр нь үндэслэлтэй эсэхийг тус газраас нарийвчлан хянан шалгаж байна.
Шалгалтад төрийн захиргааны албан хаагчдаас гадна төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтнууд, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнууд хамрагдсан бөгөөд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналтын хүрээнд шалгалтыг явуулж байна.
2026 оны эхний 10 сарын байдлаар нийт 140 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаснаас 79 албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, хөрөнгийг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн байх бөгөөд үүнээс 51 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт заасны дагуу зохих хариуцлагыг тооцуулсан байна. Тухайлбал, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн газрын дарга Н.Д, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын удирдах албан тушаалтан С.С нарын 9 албан тушаалтыг мөн хуулийн 13.8.4-т заасны дагуу нийтийн албанаас халах хариуцлага тооцуулан шийдвэрлэсэн байна.
Шударга мэдээ
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Ургац хураалтын дүн болон стратегийн нөөц бүрдүүлэлтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөнүйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцуулав. Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад батлагдсан 120.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр стратегийн нөөц бүрдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг сайд Ц.Идэрбатад даалгалаа.
Улсын хэмжээнд ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.
2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажлын явц 88.1 хувьтай байна. 327.1 мянган га талбайгаас 569.5 мянган тонн үр тариа, үүнээс 288.1 мянган га талбайгаас 507.1 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га талбайгаас 174.8 мянган тонн төмс, 12.8 мянган га талбайгаас 206.4 мянган тонн хүнсний ногоо, 80.3 мянган га талбайгаас 230.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 62.5 мянган га талбайгаас 39.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Улаанбуудайн хуваарилалтыг авч үзвэл “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэхэд 109.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 185.0 мянган тонн, малын тэжээлд 78.1 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6.2 мянган тонн, тариалан бүхий аж ахуйн нэгжүүд дараа жилийн тариалалтад зориулсан үрийн нөөцөд 47.7 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0-20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн. 25 аж ахуйн нэгжээс нийт 12.8 мянган тонн нөөцийн мах бэлтгэх хүсэлт ирээд байна.
Мөн нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээх, борлуулах үйл ажиллагааг нэгдсэн цахим системээр бүртгэлжүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгчдийн мах худалдан авах цэгийн байршлын мэдээллийг dashboard.gov.mn системийн “Махны нөөц” хэсэг болон “E-Barimt” аппликейшнээр дамжуулан хүргэж эхлээд байна.
Шударга мэдээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан иргэн, 16 насанд хүрсэн одой иргэн, тэжээгч нь нас барсан хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэгт олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн сарын хэмжээг 600 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг 370 мянган төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг 524 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.
Тогтоолыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.
-
Улстөр нийгэм2023/02/15
Авлигатай тэмцэхэд БНСУ-ын Хууль зүйн яам хамтарч ажиллахаар боллоо
-
Улстөр нийгэм2025/03/28
Виз авсан иргэдийг хил дээрээс буцаахгүй байх асуудлыг хэлэлцжээ
-
Улстөр нийгэм2021/03/16
Залуусыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ
-
Улстөр нийгэм2025/01/09
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сай...
