Улстөр нийгэм
Ерөнхий сайд Г.Занданшатар Улсын Онцгой комиссын хуралдааныг зарлан хуралдууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны зургаадугаар сарын 22-ны өдөр Улсын Онцгой комиссын хуралдааныг зарлан хуралдууллаа. Ерөнхий сайд Г.Занданшатар улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтыг наадмаас өмнө эрчимжүүлэх мөн өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэл өглөө. Зөвхөн эрүүл мэнд, эрчим хүчний салбар гэлтгүй холбогдох бүхий л байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэг болголоо.
Ерөнхий сайд ХӨСҮТ-д ажилласан тухайгаа тус хуралдаанд танилцууллаа. Урьдчилан сэргийлж болох өвчнөөр хүүхэд эндэж байгаа нь сэтгэл өвтгөж байна. Энэ бол хариуцлага алдсан хэрэг. Хүүхдүүдийг эрсдэлд оруулж, вакцины эсрэг зохион байгуулалттай худал мэдээлэл түгээсэн хүмүүсийг олж тогтоон хариуцлага тооцож ажиллахыг ЦЕГ, ТЕГ-ын удирдлагуудад даалгалаа.
Монгол Улс улаанбурхан өвчний эсрэг вакциныг 1973 онд нэвтрүүлж, 1989 оноос хоёр тунгаар дархлаажуулж эхэлсэн. Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг хавсарсан вакциныг 2009 оноос эхний тунг есөн сартайд, хоёр дахь тунг хоёр насанд хийх товлолтой. Дэгдэлт, өвчлөлийн нөхцөл байдлаас хамааран нэмэлт дархлаажуулалтыг 11 удаа зохион байгуулжээ. 2015-2016 оны дэгдэлтээр 132 хүн нас барсны 90.7 хувь нь 0-1 насны хүүхэд байжээ. Тухайн үед нэмэлт дархлаажуулалтаар халдварын тархалтыг таслан зогсоож байжээ.
Энэ оны хоёрдугаар сараас хойш 8862 тохиолдол бүртгэгдэж, долоон хүүхэд нас бараад байна. Баяр наадам тохиолдуулан улс орон даяар хөдөлгөөн эрчимжинэ. Энэ үед халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй гэж эрдэмтэд тооцжээ. Хичээл сургууль эхлэхэд уг өвчний хоёр дахь давалгаа томуу, томуу төст өвчинтэй хавсарч дэгдэх эрсдэл маш өндөр. Иймд өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт нөхөн дархлаажуулалтыг наадмын өмнөх 14 хоногт багтаан эрчимжүүлж 95 хувьд хүргэхийг үүрэг өгч, УОК, ЭМЯ-ыг дэмжин ажиллахыг даалгалаа.
Улаанбурхан өвчний нууц үе 10-14 хоног. Одоо бүртгэгдээд байгаа 8862 тохиолдлын цаана 80 мянган хүүхэд халдвартай байх магадлалтай. Тиймээс дархлаажуулалтыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Иймд эрүүл мэндийн бүх шатны байгууллагуудад зөвлөмж өгч, цахим сургалт зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгалаа.
Улсын онцгой комиссын хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангахыг холбогдох албаныханд мөн анхааруулав.
Үер усны аюулаас сэргийлэх, мөн үр тариа, төмс, хүнсний ногооны хангалтад анхаарч, дутагдал үүсэх тооцоололтой бол нийлүүлэлтийг одооноос төлөвлөгөөндөө тусгаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгосон юм. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд наадмаас өмнөх 14 хоногт өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
