Цаг үе
Мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 2025 оны есдүгээр сарын 1-5-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 55,023 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Дээрх хугацаанд 1,305 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 880 хэрэг шинээр нээж, 211 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 76, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 75, Өмчлөх эрхийн эсрэг 37, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг тус бүр 5, Хүний амьд явах эрхийн эсрэг 3, Авлигын гэмт хэрэг 2, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 1 хэрэг байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Нийтийн албан тушаалтнаар ажилласан байсан Я.Б нь төсөл хэрэгжүүлсэн гэрээг дүгнэсэн акт гаргаж албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий компанийн барьж ашиглалтад оруулсан орон сууцыг хямд үнээр худалдан авахаар тохиролцож, гэрээ байгуулан үргэлжилсэн үйлдлээр нийт 223.9 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар, түүнд хахууль өгсөн Э.Г-д Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан М.П нь Б.Х-тэй үгсэн хуйвалдаж нэр бүхий иргэдийн иргэний үнэмлэхийн лавлагааг ашиглан тэдний нэр дээрх газрыг худалдан авч буй мэтээр хуурамч худалдах, худалдан авах гэрээ байгуулах замаар өөрсдөдөө давуу байдал бий болгож, улсад 32.4 сая төгрөгийн хохирол учруулсан, Г.Г-тэй үгсэн хуйвалдаж иргэдийн гадаад пасспортыг өөрийн биеэр ирж захиалга өгөөгүй байхад шинээр гаргаж өгсний хариуд хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Д.Т, З.Б нар нь “яаралтай дархлаажуулалт” нэрийдлээр нээлттэй тендер шалгаруулалт зарлахгүйгээр Бүгд Найрамдах Энэтхэг улсын “Хестер биосайнсес лимитед” компанитай гэрээ байгуулж 2018-2020 оныг хүртэл хугацаанд нийт 3 тэрбум 927 сая төгрөг шилжүүлж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, улмаар 291 сая төгрөгөөр орон сууц худалдан авсан болон мөнгөний эх үүсвэрийг хувийн ашиг сонирхлын мэдүүлэгтээ мэдүүлээгүй, өөрийн хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, З.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, дээрх үйлдэлд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцож өөртөө 2 тэрбум 78 сая төгрөгийн давуу байдал бий болгож, гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Нэр бүхий компани нь үргэлжилсэн үйлдлээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилал батлах тухай” жагсаалтад багтсан фосфорын хүчил гэх химийн хорт, аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар олж авч хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхэд,
- НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан мансууруулах төрлийн сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, тээврийн хэрэгсэлд хадгалсан Ч.Х, Б.М нарт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Иргэн Б.М нар нь НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй мансууруулах төрлийн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн М.Ж нь “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан хэрэгт тус тус Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
Цаг үе
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаг үе
Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.
Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.
Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.
Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.
Цаг үе
Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
-
Улстөр нийгэм2025/06/20
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Улстөр нийгэм2021/07/29
Нийт хүн амын 60 хувь нь коронавирусын эсрэг вакцины бүрэн тундаа хамрагдаад бай...
-
Үзэл бодол2023/09/15
С.Мяндасмаа: Төмөр замын тээврийн тухай хууль шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэ...
-
Шударга мэдээ2022/07/20
Монгол Улсад нийт 96536 жуулчин аялжээ

