Цаг үе
Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байна
Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байна.
2025 оны аравдугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар их төлөв цэлмэг. Хөвсгөлийн уулс болон Сэлэнгэ голын хөндийгөөр ялимгүй цас орно. Салхи нутгийн зүүн хагаст баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг голын эхээр 3-8 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм дулаан, бусад нутгаар 2 хэмийн хйүтнээс хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр. 0 хэм орчим байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 0 хэм орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр. 0-2 хэм хүйтэн байна.
2025 оны аравдугаар сарын 25-наас 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 25-нд Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр, 28-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 5-10 хэм, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.
Цаг үе
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаг үе
Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.
Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.
Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.
Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.
Цаг үе
Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
-
Улстөр нийгэм2026/01/29
Худалдаа, олон нийт, үзвэр үйлчилгээний барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт ...
-
Цаг үе2020/11/02
Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
-
Цаг үе2025/10/30
П.Наранбаяр: Багш нарын үндсэн цалинг 2.5 сая төгрөгт хүргэхээр зорьж байна
-
Урлаг спорт2022/08/25
ЗГ: Соёлын байгууллагын үр дүнд суурилсан санхүүжилтийн аргачлалыг баталлаа

