Улстөр нийгэм
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр Богд хааны ордон музейд “Хаан Чингэл баатар” баатарлаг тууль хайллаа.
Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн ёслолыг нээж хэлэхдээ, баатарлаг туульсын агуулга, ач холбогдлыг таньж ойлгох, түгээн дэлгэрүүлэх, өв соёлоо хүндэтгэн дээдлэх, уламжлуулах, хадгалахын чухлыг онцолж, үүнд идэвх санаачилгатай оролцож байгаа байгууллага, эрдэмтэн судлаач, оюутнуудад талархал илэрхийллээ.
Тууль хайлах зан үйл, “Хаан Чингэл баатар” баатарлаг тууль болон туульчдыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Т.Баясгалан танилцуулж, туулийн онцлогийг МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, докторант И.Даваадорж тайлбарлав.
Монгол Улсын консерваторын багш, морин хуурч, хөөмийч А.Маргад “Чингис хааны магтаал” хэлж, Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч А.Балдандорж, Э.Баатаржав нар “Алтайн магтаал“ болон “Хаан Чингэл баатар” тууль хайллаа.
“Хаан Чингэл баатар” тууль нь хамтын үйл хэрэг, дайсны эсрэг хүчээ нэгтгэснээр ялалт байгуулж буй тухай өгүүлж, эв эеэ хичээн, нэгдэн нягтрахыг зааж сургасан, андын холбоо, нөхөрлөл, эв нэгдлийн сэдэвт баяд, дөрвөд, урианхай туульчдын урын сангаар уламжлагдсан тууль юм.
Тууль хайлах ёслолыг Богд хааны ордон музей, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим хамтран зохион байгууллаа.
“Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 13 дугаар зарлигийн дагуу жил бүрийн Хаврын тэргүүн болон Өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр баатарлаг туульс хайлдаг уламжлалтай юм.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
-
Улстөр нийгэм2024/05/30
Үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл хангаж ажилла...
-
Цаг үе2022/02/17
Ногоон орон сууцыг стандартын дагуу барих шаардлагатайг онцоллоо
-
Улстөр нийгэм2021/04/01
Хяналт шалгалтад 918 эм ханган нийлүүлэх барилга байгууламжийг хамрууллаа
-
Цаг үе2026/07/01
Зорчих эгнээ хааж зогсох нь түгжрэл, ослын эрсдэлийг нэмэгдүүлнэ




