Цаг үе
Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, хамгаалалт сайтай зуухыг айл өрхүүдэд суурилуулж байна
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлж буй. Энэ хүрээнд хий цэнэглэх 33 цэг байгуулна. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй, Баянгол дүүрэгт нийт 905 айлд хийн халаалтын зуух суурилуулаад байна. Айл өрхүүдэд БНХАУ-ын “Haier” болон “Hisense” компаниудад үйлдвэрлэсэн хийн зуухыг суурилуулж буй. Тус хийн зуух нь:
- 6 кВт/ц, 10 кВт/ц хүчин чадалтай,
- Олон улсын NFPA норм, ASME стандартын шаардлагын дагуу монгол инженерүүд бүтээсэн,
- Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, аюулгүй ажиллагааны дээд түвшний хамгаалалттай,
- Яндан нь хоёр давхар хийцтэй,
- Агаарыг гаднаас авч, шаталтын бүтээгдэхүүнийг гадагш гаргадаг. Өөрөөр хэлбэл, монгол гэрийн зуух шиг доторх агаарыг сорж, хүчилтөрөгчийн дутагдал үүсгэдэггүй,
- Хийн алдагдал гарсан тохиолдолд “Lorawan” системээр дамжуулан Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд шуурхай мэдээлэл дамжуулдаг,
- Ажиллагааны хэвийн, эко горимтой. Температур тохируулах боломжтой бөгөөд ашиглахад хялбар,
- Ахуйн хэрэглээний газан плиткатай,
- Агаар чийгшүүлэгч усны тавцантай зэрэг давуу талтай юм.
Харин хийн баллон нь:
- Олон улсын NFPA нормын шаардлага хангасан,
- Аюулгүй хавхлагатай,
- Хамгаалах хавхлагатай,
- Хэт дүүргэлтийн хавхалгатай.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Улсын хэмжээнд он гарсаар хоёрдугаар сарын байдлаар 774 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 614 хүний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 619 нь гал түймэр, 134 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол /зам тээврийн осол, төөрсөн, сураггүй болсон, өндрөөс унах, мөс цөмрөх/, 14 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 6 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 1 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Цаг үе
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ 2026 онд дараах ажлуудыг хийхээр төлөвлөлөө.
- Энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 13 байршилд 15.2 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна. Мөн он дамжин хэрэгжих гурван байршилд 3.9 км шугам сүлжээний угсралтын ажил хийнэ.
- Улаанбаатар хотын ус тогтдог, нэн шаардлагатай засварлах ажлын хүрээнд Наадамчдын замын борооны ус зайлуулах 1.2 км шугамыг өргөтгөн шинэчилнэ.
- Хөрсний ус зайлуулах шугам сүлжээний ажлын хүрээнд хоёр байршилд буюу Сэлбэ дэд төв, Шархад дэд төвийн 7.2 км шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэнэ.
- СБД 13, 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын үерийн ус хуримтлуулах 21.7 га мандлын талбайг хамарсан 1.3 сая шоо метр ус хуримтлуулах багтаамжтай таван шатлалт усан сангийн ажлын барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ.
Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хот нийтийн аж ахуйг тохижуулах ажлын урсгал зардлаар
- Есөн байршилд халиа тошин багасгах, 28 байршилд 48000 шоо метр лаг, хагшаасыг цэвэрлэж, үерийн сувгийн хэвийн ажиллагааг хангаж ажиллана.
- Нийслэлийн зургаан дүүргийн автозамын борооны болон хөрсний ус зайлуулах 217км шугам сүлжээний 4034 шүүрт худаг, 4171 үзлэгийн худгийн лаг цэвэрлэгээний ажлыг хийнэ.
- Үерийн хамгаалалтын сувгийн засвар нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд СХД 20 дугаар хороо Нарангийн үерийн хамгаалалтын сувгийг Туул гол руу холбох, ХУД-ийн 12 дугаар хороо Нисэхийн сувгийг автозамын ус гаргуурт холбох, автозамын ус гаргуурыг өргөтгөн шинэчлэх, Жаргалантын амны үерийн сувгийн барилга угсралтын ажлыг бүрэн дуусгах зэрэг нийт гурван байршилд 1.1 км үерийн суваг барихаар төлөвлөсөн байна.
- СХД 20 дугаар хороо Нарангийн үерийн хамгаалалтын 22 метр өргөн үерийн суваг авто зам өнгөрөөд задгайрч, лаг хагшаасаар дүүрч дарагдсан тул тус байршилд үерийн хамгаалалтын суваг барьж, Туул гол руу холбох ажлыг хийж гүйцэтгэнэ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Ойрх Дорнодын бүс нутгаас эх орондоо буцах хүсэлтэй иргэдээ авчирсан Агаарын хөлгийн дарга Цэнд-Аюушийн Ганбаатараар ахлуулсан нисэх багийнхныг Ерөнхий сайд Г.Занданшатар хүлээн авч уулзан, Монгол төрийн өгсөн үүрэг даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн баатарлаг үйлстнүүдээрээ бахархаж буйгаа илэрхийллээ.
Монгол хүн хүнд хэцүү үе тохиоход эх орон руугаа тэмүүлдэг сэтгэлийн дуудлагатай. Монголын төр, засаг иргэдээ хамгаалж, эх орондоо эсэн мэнд авчрах үүрэгтэй. Энэ бол улс орны тусгаар тогтнол, эв нэгдлийн илэрхийлэл юм гэдгийг Ерөнхий сайд хэлээд, энэхүү нислэг бол зөвхөн тээвэрлэлт бус Монгол Улс иргэдийнхээ төлөө ямар ч эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддаг гэдгийг харуулсан бахархалт үйл явдал гэдгийг онцлов.

Мөн “Улаанбаатар-Дубай-Улаанбаатар” чиглэлийн нислэг нэг талдаа 7800 км агаарын зам туулж, 22 цаг үргэлжилсэн нь нисэх багийн ур чадвар, авхаалж, баг хамт олны хамтын ойлголцол, эв нэгдлийг харууллаа.
2026 онд “МИАТ” компанийн 70 жилийн ой тохиож буй. Монгол Улс энэ онд нэг сая жуулчин хүлээж авна гэж төлөвлөсөн. “МИАТ” компани 70 жилийн ойдоо онцгой амжилт гаргаж, нислэгийнхээ тоог нэмэгдүүлж, үйлчилгээний чанараа сайжруулж ажиллана гэж итгэж байна гэлээ.
Ойрх Дорнодод үүсээд буй дайны нөхцөл байдлаас шалтгаалан зарим улс орон агаарын замаа хааж, олон улсын нислэгүүдийг хязгаарласан учир улс орнууд боломжит байдлаар иргэдээ татан авч байна. Тус бүс нутгаар зөвхөн хүмүүнлэгийн болон нүүлгэн шилжүүлэлт хийх, гадны улс орнууд иргэдээ татан авах зэрэг онцгой үүргийн нислэг үйлдэгдэж буй юм.

Монгол Улсын Засгийн газар дайны эрсдэлтэй бүсээс иргэдээ татан авах шийдвэр гаргаж, Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК тусгай үүргийн эхний нислэгээ үйлдсэн. Тус нислэгээр Монгол Улсын 91 иргэн эх орондоо ирээд байна.
Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотоос Хятад, Мьянмар, Бангладеш, Энэтхэг, Оман зэрэг улсаар дайран өнгөрчээ. Тухай бүрд нь онцгой байдлын горимоор нислэгийн холбогдох зөвшөөрлүүдийг авч ажилласан бөгөөд уг ажиллагааг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Зам, тээврийн яам, бүс нутаг дахь Монгол Улсаас суугаа Элчин сайдын яамд болон United Arab Emirates Air Force, мөн Иргэний нисэхийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж ажиллажээ.






