Цаг үе
Гадаадын 34 улсын 2340 иргэнд холбогдох 994 зөрчлийг шалгажээ
Нийслэлийн прокурорын газраас 2026 оны эхний 4 сарын байдлаар Гадаадын иргэн, харьяатын газраас Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчих зөрчил гаргасан 34 улсын 2340 иргэнд холбогдох 994 зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьжээ.
Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гадаадын иргэн, харьяалалгүй хүн болон тэдний Монгол Улсад уригч этгээд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тодорхой тохиолдлуудыг зөрчилд тооцож, шийтгэл оногдуулдаг хуулийн зохицуулалттай.
Бүртгэгдсэн зөрчлөөс үзэхэд гадаад улсын иргэд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэхийг эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчих, визийн хугацаагаа хэтрүүлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зөрчил зонхилон үйлдсэн байна.
Гадаад улсын иргэний урьж байгаа аж ахуй нэгж байгууллага, иргэд тухайн иргэний бичиг баримтыг хуульд заасан хугацаанд бүртгүүлж зөвшөөрөл аваагүй зөрчил их байна. Тухайлбал, аж ахуйн нэгж байгууллага нь урьж ирүүлсэн гадаад улсын 238 иргэний оршин суух зөвшөөрлийг хугацаанд нь аваагүй, 606 хүний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн, 43 хүний визийн хугацааг хэтрүүлжээ.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчих зөрчил гаргасан гадаад улсын иргэдийн 1506 буюу 64.3 хувь нь БНХАУ-ын иргэд, 252 буюу 10.7 хувь нь Вьетнам Улсын иргэд байгаа нь хамгийн их байна. Мөн Непал, Индонез, Филиппин, Энэтхэг, Азербайжан, Орос, Солонгос, Франц зэрэг 34 улсын иргэд дээрх зөрчилд холбогджээ.
Гадаадын иргэн нь Монгол Улсад байх хугацаандаа бүртгэлийн журам мөрдөх, оршин суух үнэмлэх, паспорт зэрэг бичиг баримтаа биедээ авч явах, хөдөлмөр эрхлэх журам зөчихгүй байх, ирсэн зорилгынхоо хүрээнд хөдөлмөр эрхлэх зэрэг үүрэгтэй.
Гадаадын иргэн хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрлөө аваагүй, оршин суух хугацаа хэтрүүлсэн, визийн хугацааг хэтрүүлсэн бол хоног тутам 10 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах хуулийн зохицуулалттай.
Гадаад улсын болон харьяалалгүй иргэнийг уригч хуулийн этгээд, хувь хүн нь тухайн уригдсан хүний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хуульд заасан хугацаанд авах, оршин суух болон визийн хүчинтэй хугацааг хэтрүүлэхгүй байх нөхцөл боломжоор хангах, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц эх оронд нь буцаах үүргээ биелүүлж, дээрх төрлийн зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхийн Нийслэлийн прокурорын газраас уриалж байна.
Цаг үе
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна
“Монгол төрийн тамганы хөшөө” нь Монголын төр ёсны түүх, төрийн бэлгэдэл, залгамж чанарыг илэрхийлсэн түүхэн дурсгал юм. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан 2006 онд босгосон уг хөшөөг зураач Д.Наранжавын эх загвараар бүтээжээ.
Хөшөөний дөрвөн талд Монголын төрийн өөр өөр цаг үеийн тамгыг дүрсэлсэн бөгөөд үүнд Их Монгол Улсын үеийн, Богд хаант Монгол Улсын, 1924 оны Үндсэн хуулийн үеийн болон 1992 оны Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улсын төрийн тамганы дүрслэл багтдаг.
Уг хөшөө нь Монголын төрт ёсны түүхэн хөгжил, төрийн бэлгэдлийн өөрчлөлт, төрийн залгамж чанарыг нэг дороос харах боломж олгодог онцгой ач холбогдолтой дурсгал юм.

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, Төрийн ордны хойд талд байрлах хөшөөний суурь суулт өгч цуурсан, 2006 оноос шинэчилж засварлаагүй байсныг байгалийн боржин чулуугаар бэхжүүлэн, суурин дээрх тамгыг хүрэл цутгуураар хийж буцаан байршуулах ажлыг гүйцэтгэж эхэллээ. Уг ажлыг 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Цаг үе
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвлийн бэлтгэл, машин техник, давс, бодисын бэлэн байдлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэл шалгалаа. Нийслэлийн хэмжээнд энэ өвөл 10300 тонн давс, 10200 тонн бодис нөөцөлнө. 2025-2026 оны өвөл 6200 тонн бодис, 6800 тонн давс зарцуулсан тул энэ жилийн нөөц хангалттай гэж тооцоолж байна. Өнөөдрийн байдлаар давс, бодисын нөөц бүрдүүлэх ажил 80 хувьтай бөгөөд үлдсэн 20 хувийн бодис, давсны худалдан авалтыг нийслэл, дүүрэг, ТҮК-иудаас зохион байгуулж буй.
Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд хувийн хэвшлийн 30 гаруй байгууллага ажилладаг. 2026-2027 оны өвөлжилтийн бэлэн байдлыг хангах хүрээнд аравдугаар сарын 14-ний өдрөөс бүх тохижилт үйлчилгээний компанид хяналт, шалгалт хийж, цэвэрлэгээ, үйлчилгээний чанар, хүний нөөц, машин техник, автобаазын хүчин чадлыг сайжруулсан байна.

"Охь Мандал" ХХК нь 2015 оноос нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцаж, уламжлалт гар аргаар болон орчин үеийн тусгай зориулалтын шүүрдэгч авто машинаар хослуулан үйлчилгээ үзүүлдэг. “Охь мандал” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жавзан “Машин, техник, түлш, хувцас, багаж хэрэгслийн бэлэн байдлаа хангаж, 10 тонн давс тээвэрлэх хүчин чадалтай Солонгос улсын “Хово” машинаар давс, бодисын цацалт хийж байна. Давс, бодисын нөөц бэлэн” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх тохижилт үйлчилгээний компанийг өвөлжилтийн бэлэн байдлаа хангаж ажиллахыг үүрэг болголоо.








Цаг үе
“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа
Нийслэлийн Бизнес, инновацын газар нь БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам (MSS), Солонгосын Стартап, энтрепренер хөгжлийн хүрээлэн (KISED)-тэй хамтран “Spark-UB startup town” ideathon хакатон арга хэмжээг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 8 дугаар байранд зохион байгууллаа. Хоёр өдрийн турш үргэлжилсэн тус арга хэмжээ нь гарааны бизнес эрхлэх сонирхолтой залуусын инновацын ур чадварыг хөгжүүлэх, шинэлэг санааг бодит бизнесийн шийдэл болгон боловсруулах, зах зээлд нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Хакатоны хүрээнд оролцогчид бизнесийн загвар боловсруулах, зах зээл болон хөрөнгө оруулалтын талаар сургалтад хамрагдаж, мэргэжлийн менторуудын зөвлөгөө, чиглүүлгийн дор төслөө хөгжүүлэн, шүүгчдийн бүрэлдэхүүнд танилцуулж үнэлүүллээ.
Арга хэмжээний дүнгээр нэгдүгээр байрт “Num soft” баг машин түрээсийн үйлчилгээний төслөөр шалгарч, 3 сая төгрөгийн шагнал хүртэв. Хоёрдугаар байрт “Chameleon” баг хиймэл оюун ухаанд суурилсан “Adaptive AI Tutor” төслөөр шалгарч, 2 сая төгрөгийн шагнал авлаа. Гуравдугаар байрт “Positive” баг ажил олгогч, ажил горилогчдыг холбох, хүний нөөцийн үйл ажиллагааг удирдах “HirERP” төслөөр шалгарч, 1 сая төгрөгийн шагнал хүртсэн юм. Мөн ШУТИС-ийн нэрэмжит тусгай байрт “Blueprint” баг хүнд даацын тээврийн хэрэгслийн эвдрэл, засвар үйлчилгээ, сэлбэг нийлүүлэлтийг зохицуулах хиймэл оюун ухаанд суурилсан “Golden Road” төслөөр шалгарч, 1 сая төгрөгийн шагнал хүртлээ.
“Spark-UB startup town” ideathon нь залуусын бүтээлч санааг дэмжих, технологид суурилсан бизнесийн шийдлийг хөгжүүлэх, Монгол, БНСУ-ын стартапын экосистемийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Нийслэлийн Бизнес, инновацын газар цаашид гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, инновацын экосистемийг бэхжүүлэх, залуусын шинэлэг санааг бодит бизнес болгон хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ.
