Цаг үе
АТГ: 111 гомдол шалгаж, 8 хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны дөрөвдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 111 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 16 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13-т нь хэрэг нээхээс татгалзах, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ. Одоогоор 81 гомдлыг үргэлжлүүлэн шалгаж байна.
Тус хугацаанд эрүүгийн 967 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах санал гаргаж прокурорт хүргүүлэв. Мөн 2 хэргийг нэгтгэн шалгаж, нийт 946 хэрэг мөрдөн шалгах шатанд үлдэв.
Өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 5 хэрэгт нийт 20 объектод нэгжлэг хийж, 12 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 2 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав.
Шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлсэн хэргүүдэд албан тушаалаа урвуулан ашиглах, сонгон шалгаруулалтад хөндлөнгөөс нөлөөлөх, бусдын хөрөнгийг завших, төрийн өмчит компанийн орлогыг хувьдаа ашиглах, гадаадын хөрөнгө оруулалттай компанид давуу байдал бий болгохын тулд хахууль авах зэрэг үйлдлүүд багтжээ.
Мөн удирдах албан тушаалтан “Т”, “Б” нар 1.8 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгож, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, 291.1 сая төгрөгийн орон сууц худалдан авсан хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдон шалгагдаж дууссан тул шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв.
Цаг үе
Хачгийн тархалт тогтоох хамтарсан судалгаа хийлээ
Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс АНУ-ын Флоридагийн их сургууль, Монгол Улсын ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Монгол оронд тархсан зарим зооноз өвчний үүсгэгчид, тэдгээрийн дамжуулагч болон агуулагч амьтдын тархалт, эктопаразитуудын акарицидын эсрэг мэдрэг чанарын судалгаа” төслийн хүрээнд хээрийн судалгааг амжилттай зохион байгууллаа.
Судалгааг 2026 оны дөрөвдүгээр сарын 13-26-ны хооронд Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн байна.
Судалгааны багт ЗӨСҮТ, АНУ-ын Флоридагийн их сургууль, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн судлаачид болон Баянхонгор, Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвүүдийн мэргэжилтнүүд хамтран ажиллалаа.
Судалгааны явцад Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Өлзийт, мөн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Нарийнтээл, Тарагт, Уянга сумдын нутаг дэвсгэрт нийт 25 цэгт тандалт хийж ажиллав.
Haemaphysalis төрлийн хачгийн тархалтыг нарийвчлан тогтоох, амьдрах орчны онцлогийг тодруулах зорилгоор дээж цуглуулж, хачиг илэрсэн байршлуудын солбилцлыг GPS багажаар баталгаажуулан газарзүйн мэдээллийн систем (GIS)-д бүртгэн мэдээллийн сан бүрдүүллээ.
Судалгааны үр дүнд Баянхонгор, Өвөрхангай аймгуудын хачгийн зүйлийн бүрдэл, тархалтын зураглалыг шинэчилж, хачгаар дамжих халдварын эрсдэлтэй бүс нутгийг илүү нарийвчлан тодорхойлох боломж бүрдэж байна.
Хамтарсан тандалт, судалгааны хүрээнд мэргэжилтнүүд харилцан туршлага солилцож, багаар ажиллах ур чадвараа бэхжүүлсэн нь онцлох үр дүн боллоо гэж ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилж эхэллээ
Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж, төлбөрөө төлдөг байсан. Тэгвэл 2026 оны тавдугаар сарын 2-ноос эхлэн нэг төхөөрөмжөөр төлбөрөө төлж байна.
Мөн дамжин суухын тулд автобуснаас буухдаа картаа дахиж дарах шаардлагагүй боллоо. Нэг төхөөрөмжтэй болсноор иргэдэд хялбар, ойлгомжтой байна.
Зорчигч та дараах боломжуудаас өөртөө тохируулан ашиглаарай.
- UB card аппликейшн ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
- Та QR ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
- Та зориулалтын картаа ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
- Та 100 байршилд байршуулсан киоскоос нэг удаагийн цаасан тасалбар авч төлбөрөө төлөх боломжтой бөгөөд тасалбар тухайн өдөр хүчинтэй,
- Та бүх банкны картаа ашиглан төлбөрөө төлөх боломжтой юм.
Картаа хэрхэн цэнэглэх вэ?
- UB Card аппликейшнийг ашиглаж хуучин UMoney картаа цэнэглэх боломжтой.
- Toki, Monpay, SocialPay зэрэг аппликейшн ашиглан цэнэглэлт хийх боломжтой.
Зорчигч та бүхэн санал хүсэлт, мэдээллээ ажлын 08:00-17:30 цагийн хооронд 70151289 дугаарт өгнө үү.
Цаг үе
Нэн ховор амьтны жагсаалтад орсон “Монгол бөхөн”
Их мөстлөгөөс амьд үлдсэн бөхөн Монголын говь нутагт л байдаг. Монгол бөхөн сүүлчийн мөстлөгийн үед арслан заан, үст хирс, сэлмэн соёот бар зэрэг өнөө үед устаж мөхсөн амьтадтай зэрэгцэн оршиж байсан эртний амьтан.
Монгол бөхөн нь Монгол орны говийн экосистемийн шүхэр зүйлүүд болох хавтгай, мазаалай, хулан, хар сүүлт зээр, тахийн адил говийн гайхамшигт зургаан амьтдын нэг юм.
Монгол бөхөн мөстлөгийн эрин үеэс устаагүй үлдсэн, зөвхөн Монголд байдаг, дэлхийд гайхагдсан цорын ганц эртний эрмэл амьтан юм. “Бөхөн” бол татар гаралтай үг. Бөгтийн хатирч цагт 80-90 километр цагийн хурдтай давхидаг тул бөгтөр бөхөн гэсэн нэр хайрлажээ.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.2 дахь зүйл, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын 2017 оны А/297, 360 дугаар тушаалаар “Гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах”-аар зохицуулсан тул иргэн та Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, хамтран ажиллахыг Экологийн цагдаагийн албанаас уриалж байна.
