Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

Огноо:

,

Иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй орчин бүрдүүлэх, тайлагналын хугацааг уян хатан болгохоор  Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Ж.Баярмаа нарын УИХ-ын 32 гишүүнээс өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр батлав.

Энэ удаагийн өөрчлөлтөөр 2027 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийг суутгасны дараах жилийн татвар ногдох орлого 9,504,000 төгрөг (сард 792,000 төгрөг) хүртэл бол тухайн орлогод 0 хувийн татвар ногдуулахаар тусгажээ.

Мөн 2028 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийг суутгасны дараах жилийн татвар ногдох орлого 24,000,000 төгрөг (сард 2,000,000 төгрөг) хүртэл бол 1 хувийн татвар төлөх болж байна.

Өндөр орлоготой иргэдэд мөрдөгдөж буй шаталсан татварын тогтолцоо өөрчлөгдөөгүй бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг суутгасны дараах жилийн татвар ногдох орлогын 120 сая төгрөг хүртэлх орлогод 10 хувь, 120-180 сая төгрөгийн орлогод 15 хувь, 180 сая төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувийн татварын хувь хэмжээг тооцох зохицуулалт хэвээр үйлчлэх юм.

Орон сууц борлуулсны орлогод ногдуулах татвараас чөлөөлнө. Иргэний анх удаа өмчилж, амьдран суусан орон сууцыг борлуулснаас олсон орлогыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх юм байна.

Жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан хялбаршуулсан татварын горимыг шинэчилжээ. Жилийн 1 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бизнес эрхлэгчид орлогын хэмжээнээс үл хамааран 1 хувийн татвар төлөх боломжийг бүрдүүлсэн байна.

Татварын тайлагналын хугацааг уян хатан болгон, сар бүрийн 15-ны өдөр тайлан гаргаж, татвар төлөх үүрэгтэй байсныг өөрчлөн уг хугацааг тухайн сарын сүүлийн өдөр хүртэл сунгахаар тусгасан байна.  

Хууль хэрэгжиж эхэлснээр бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчин бүрдэж байна. Энэхүү өөрчлөлт нь бага болон дунд орлоготой хөдөлмөр эрхлэгчдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, татварын ачааллыг үе шаттайгаар бууруулна гэж үзжээ.

Хувь хүний орлогын албан татварыг иргэдийн орлогын түвшинтэй уялдуулснаар  бага, дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулж, нийгмийн шударга байдлыг ханган, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих юм.

Иргэдийг дэмжин, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахад хуулийн зохицуулалт үр дүнгээ өгөхөөс гадна иргэн, аж ахуйн нэгжид үүргээ биелүүлэх илүү боломжит хугацаа олгож, хугацаа хоцрох эрсдэлийг бууруулах юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Стандартын бус дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж байна

Огноо:

,

Тээврийн хэрэгслийн утааны яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна. Нийслэл хотын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээ Монгол Улсын “Автотээврийн хэрэгслийн эргономикийн үзүүлэлтүүд” MNS 4599:2026 стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээ хэтэрсэн, Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 4.4-д заасан “Яндан, дуу намсгуур гэмтсэн буюу байхгүй болсон, зөрчилтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалтын арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна гэж Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

xAI Миннесота мужийн шинэ хуулийг эсэргүүцэн шүүхэд ханджээ

Огноо:

,

Илон Маскийн үүсгэн байгуулсан xAI компани АНУ-ын Миннесота мужийн хиймэл оюунаар бодит хүмүүсийн хуурамч нүцгэн зураг бүтээх технологийг хориглосон шинэ хуулийг эсэргүүцэн холбооны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Миннесота мужийн хууль энэ оны тавдугаар сард батлагдсан бөгөөд наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр товлогдсон байна. Уг хууль нь хиймэл оюуны тусламжтайгаар бодит хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр хуурамч нүцгэн зураг, дүрс бичлэг бүтээх боломж олгодог технологийг хязгаарлах зорилготой бөгөөд АНУ-д ийм төрлийн анхны зохицуулалтад тооцогдож байна.

Харин xAI компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зөвшөөрөлгүйгээр ийм төрлийн дүрс бүтээж түгээхийг хориглохыг эсэргүүцэхгүй ч шинэ хууль нь үүнээс хэтэрч, хууль ёсны болон зөвшөөрөлтэй контент хүртэл хамарч, хиймэл оюуны үйлчилгээ үзүүлэгчдэд нэг зөрчил тутамд 500 мянган ам.долларын торгууль ногдуулах боломжтой гэж үзжээ. Мөн үйлчилгээ үзүүлэгчид хууль зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд чин шударгаар ажилласан тохиолдолд хамгаалах зохицуулалт байхгүй гэж мэдэгдсэн байна.

Миннесота мужийн Ерөнхий прокурор Кит Эллисон уг хуулийг хамгаалж, хиймэл оюунаар хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр хуурамч нүцгэн зураг бүтээх нь хүний нэр төр, сэтгэл зүй болон хувийн амьдралд ноцтой хохирол учруулдаг гэж мэдэгджээ.

xAI компани Грок хиймэл оюуны үйлчилгээнийхээ ашиглалтын нөхцөлд хүний хувийн нууцыг зөрчих, зөвшөөрөлгүйгээр хүний дүр төрхийг өөрчилж бэлгийн шинжтэй зураг бүтээхийг хориглодог бөгөөд ийм төрлийн зөрчил илэрвэл хэрэглэгчийн эрхийг хаах зэрэг арга хэмжээ авдаг гэж шүүхийн баримтдаа дурдсан байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Эцэг эхчүүд хүүхэд, өсвөр үеийнхэнд хүрч буй контентын сөрөг агуулгыг хязгаарлахыг дэмжжээ

Огноо:

,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Боловсролын Ерөнхий газартай хамтран “Соёл, урлагийн салбарын уран бүтээл, тоглолт, концерт, цахим орчинд түгээгдэж буй контентын хүүхэд, өсвөр үеийнхэнд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох” зорилгоор 21469 эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн дунд нээлттэй санал асуулга зохион байгууллаа.

Судалгааны үр дүнгээс харахад оролцогчдын дийлэнх нь өсвөр насны хүүхэд, залуучуудад чиглэсэн урлагийн тоглолт, концерт, цахим орчинд түгээгдэж буй контентын ёс зүй, нийгмийн хариуцлагыг сайжруулах шаардлага өндөр байна гэж үзжээ.

Оролцогчдын саналд нийтлэг дараах асуудлууд хөндөгдсөн байна.

Үүнд:

•Хүүхэд, өсвөр үеийнхэнд хүрч буй дуу, дүрс, цахим контентод бүдүүлэг үг хэллэг, хүчирхийлэл, садар самуун, мансууруулах бодис, архидалт зэрэг сөрөг агуулгыг хязгаарлах

•Уран бүтээлчид, контент бүтээгчид олон нийтэд, тэр дундаа хүүхэд, залуучуудад үзүүлэх нөлөөгөө ухамсарлаж, ёс зүйн өндөр хариуцлагатай ажиллах

•Насны ангилал, агуулгын анхааруулгыг бодитоор хэрэгжүүлэх, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцсэн контентын хүртээмжийг нэмэгдүүлэх

•Цахим орчин дахь хүүхэд хамгааллын арга хэмжээг сайжруулж, эцэг эхийн дижитал боловсрол, хяналтыг дэмжих

•Хүүхэд, гэр бүл, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх хүмүүжил, эх оронч үзэл, ёс суртахуун, соёлын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх уран бүтээлийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ. 

Судалгаанд оролцогчид зөвхөн уран бүтээлчид бус, контент түгээгч платформууд, зохион байгуулагч байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, төрийн байгууллагууд хамтран хүүхдийн эрхийг хамгаалсан, ёс зүйтэй, аюулгүй мэдээллийн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэж саналаа илэрхийлсэн байна.

Энэхүү судалгааны үр дүн нь хүүхдийн эрхийг хамгаалах, урлаг, соёлын салбарын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, цахим орчны зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, эрх зүйн зохицуулалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой юм.

Соёл, урлагийн салбар нь нийгмийн үнэт зүйл, хүмүүжил, соёлын дархлааг төлөвшүүлэхэд онцгой үүрэгтэй бөгөөд хүүхэд, өсвөр үеийнхэнд хүрч буй агуулга нь тэдний төлөвшил, зан төлөв, үнэт зүйлд шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Иймээс төр, хувийн хэвшил, уран бүтээлчид, контент бүтээгчид, цахим платформууд, эцэг эх, иргэдийн хамтын оролцоо нь хүүхдэд ээлтэй, аюулгүй, ёс зүйтэй контентын орчныг бүрдүүлэхэд чухал хүчин зүйл болохыг судалгааны үр дүн харуулж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе27 минутын өмнө

Стандартын бус дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж б...

Цаг үе37 минутын өмнө

xAI Миннесота мужийн шинэ хуулийг эсэргүүцэн шүүхэд ханджээ

Цаг үе42 минутын өмнө

Эцэг эхчүүд хүүхэд, өсвөр үеийнхэнд хүрч буй контентын сөрөг агуулгы...

Цаг үе48 минутын өмнө

Японы Засгийн газрын дэмжлэгийн түвшин буурсаар 50 хувиас доошилжээ

Цаг үе52 минутын өмнө

Зөвшөөрөлгүйгээр ус ашиглан элс угааж байсан компанийн үйл ажиллагаа...

Цаг үе55 минутын өмнө

Монгол, Японы шууд нислэгийн чиглэлийг өргөжүүлэх асуудлаар Хирошима...

Цаг үе57 минутын өмнө

Цахим орчинд банкны нэр, логог ашигласан залилангийн зар сурталчилга...

Цаг үе1 цаг 1 минут

Бүгд Найрамдах Киргиз Улстай худалдаа, тээвэр, логистикийн хамтын аж...

Цаг үе1 цаг 4 минут

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн ор...

Цаг үе2026/07/29

Японы Күмамото мужид хүчтэй газар хөдөлжээ

Санал болгох